Ерөнхийлөгчийн уриалга үр дүнгээ өгч эхэллээ
2012.01.03

Ерөнхийлөгчийн уриалга үр дүнгээ өгч эхэллээ

Ерөнхийлөгчийн уриалга үр дүнгээ өгч эхэллээ
ТОВЧХОН
  • "Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй" гэдэг ардын сайхан үг байдаг. Тэр утгаараа хүмүүст сайн үйлсийг байнга хэлж, ярьж, уриалж байвал үр дүнгээ өгдөг нь олон жишээнээс харагддаг.
"Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй" гэдэг ардын сайхан үг байдаг. Тэр утгаараа хүмүүст сайн үйлсийг байнга хэлж, ярьж, уриалж байвал үр дүнгээ өгдөг нь олон жишээнээс харагддаг. Ерөөс аливаа зүйлийг хууль журмаар биш, уриалгаар зохицуулж болох юм биш үү. "Хүмүүсээ хогоо хогийн саванд хаяж сурцгаая" гэдэг уриалгыг өдөр болгон бүх телевизээр хэдхэн удаа явуулаад үзвэл үр дүн нь гарч магадгүй юм. Яагаад гэвэл уриалгын үр дүн богино хугацаанд гарч болно гэдгийг Ерөнхийлөгчийн уриалга харууллаа.

Өнгөрсөн жил он солигдохын өмнө Ерөнхийлөгч архи биш сүү өргөж байя гэсэн уриалга гаргасан. Архигүй баяр тэмдэглэж байх уриалга ч бас үүнд хамаатай. Зөвхөн ганц удаа уриалга гаргаад зогсоогүй, өөрөө үлгэрлэж, сүү өргөж шинэ жилээ угтдаг уламжлал тогтоосон. Энэ жил ч ялгаагүй мөнгөн аягандаа цагаан сүүгээ дүүргээд, ард түмэндээ үлгэр дууриалал үзүүлсэн.

Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрынхан өөрсдөө архигүй шинэ жил тэмдэглэсэн нь жинхэнэ үлгэр жишээ байв. Тэр ч утгаараа уриалга үр дүнгээ бага ч гэсэн өгч, энэ жил шинэ оны баяраа тэмдэглэж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд архи хэрэглэсэнгүй. Мэдээж хараар тэмдэглэхээр мэдээ, мэдээлэл гарсан. 300 гаруй жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан гэх зэрэг. Гэхдээ бага зэргийн согтолттой байсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.

Уриалга гаргаад жилийн дараа бүх хүн архи, шар айраг уухаа болино гэж юу байхав. Гэхдээ сайн мэдээ их байна. Жишээ нь, өнгөрсөн жил согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ салют буудуулах гэж байгаад олон хүн түлэгдэж гэмтсэн, гараа хүртэл тайруулсан. Харин энэ жил салюттай холбоотой нэг ч дуудлага ирээгүй гэж байгаа. Үүнийг архины хэрэглээ багассантай холбон тайлбарлахад болохгүй юмгүй.

Дээрээс нь хэд хэдэн байгууллага архигүй шинэ жил тэмдэглэв. Магадгүй байгууллагын дарга нь санаачилсан байж болно. Гэхдээ бүхэл бүтэн байгууллага архигүй шинэ жил тэмдэглэнэ гэдэг ахиц шүү. Энэ жишээ уриалга хэрэгжиж байгаа гэж хэлэхэд багадаж байж магадгүй. Тэгвэл иргэд шинэ жилийн өмнө баярын ширээгээ чимэх амттан шимттэн, бялуу тэргүүтэн авч байхдаа огт архи авахгүй байна гэвэл яаж байна.

Зарим залуучууд "Ерөнхийлөгчийнхөө уриалгыг дэмжинэ ээ" гэж ярьж байвал ямар вэ. Он гарахаар буудуулах оргилуун дарсаа, хэдэн ширхэг шар айрагтай аваад гарч байгаа хүмүүс олон байна билээ. Үүнийг архигүй баяр тэмдэглэх уриалга хүнд хүрч байна, иргэд архинаас татгалзаж эхэллээ гэж ойлгоход болохгүй юм алга.

Нэг жилийн дотор 100 мянгаараа архинаас татгалзаад, шинэ жилээ архигүй тэмдэглэнэ гэж байхгүй байх. Гэхдээ 100 хүнд ч болов тэр уриалга хүрч, баярын ширээн дээрээ архи тавихгүй байвал сайн биз дээ. Магадгүй таван жилийн дараа энэ тоо 100 мянгаар тоологдох ч юм бил үү, хэн мэдлээ. Хамгийн гол нь уриалгаа тасалж болохгүй.

Ерөөс хүмүүсийн тархи толгойд шингэтэл, баяраа архигүй тэмдэглэмээр санагдтал уриалаад байх хэрэгтэй. Юутай ч энэ жил хүмүүс шинэ оноо архигүй тэмдэглэхээр хичээж, зарим нь тэмдэглэж байна. Гэмтэл, цагдаад ирсэн архитай холбоотой дуудлага өнгөрсөн жилийнхээс хамаагүй багассан нь үүний үр дүн мөнөөсөө мөн.
Нийтлэлч
Н.Пунцагболд
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.