“Mongolianeconomy” сэтгүүл шилдгээр шалгарлаа
2012.01.02

“Mongolianeconomy” сэтгүүл шилдгээр шалгарлаа

ТОВЧХОН
  • “Mongolian Economy” сэтгүүл нь монгол-англи хэл дээр сар тутам хэвлэгдэн гардаг эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлийн мэдээ мэдээллийг нийтэлдэг юм.

МҮХАТ-аас 15-дахь жилдээ зохион байгуулж буй  “Entrepreneur-2011” бизнесийн салбарын шилдгүүдийг тодруулах арга хэмжээнээс “Mongolian Economy” сэтгүүл Хэвлэл мэдээллийн салбарын 2011 оны онцлох entrepreneur гэсэн хүндтэй шагналын эзэн боллоо.

 

“Mongolian Economy” сэтгүүл нь монгол-англи хэл дээр сар тутам хэвлэгдэн гардаг эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлийн мэдээ мэдээллийг нийтэлдэг юм. Тус сэтгүүлийн Эрхлэгч Д.Бэхбаяр “10 сарын хугацаанд бид  тус бүр 100 нүүр бүхий 10 дугаарыг уншигчдынхаа гарт хүргэжээ. Өөрөөр хэлбэл, улиран одож буй онд 1000 нүүр  бүхий эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. Энэхүү шагналыг олгохдоо нэгдүгээрт, улс төрөөс хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл  мэндэлж, эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээллийг үнэн бодитой, энгийнээр олон нийтэд хүргэж байгаа, хоёрдугаарт, Монгол Улс дэлхийн анхаарлын төвд байгаа энэ үед эдийн засгийн мэдээллийг англи хэл дээр цогцоор нь хүргэж байгаа, гуравдугаарт, эдийн засаг, бизнесийн сайн сэтгүүл гаргах хүсэл тэмүүлэлтэй эдийн засгийн сэтгүүлчдийн баг бүрдэн ажиллаж байгаа зэрэг  манай сэтгүүлийн онцлогуудыг “Еntrepreneur”-ийн шалгаруулалтын комиссынхон олж харж чаджээ гэж бодож байна.  Бидний ийнхүү богино хугацаанд хийсэн болон хийхээр зорьж буй ажлыг өндрөөр үнэлж дүгнэж буйд баяртай байна. Ингээд хамт олондоо болон сэтгүүлийнхээ  бүх уншигч, захиалагчдад баярлалаа” гэв.

 

“Mongolian Economy”  сэтгүүлийн редакци нь  эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээллийг нийгэмд илүү өргөн цар хүрээтэй цогцоор нь  хүргэх зорилгоор дэргэдээ  www.MongolianEconomy.mn эдийн засгийн дагнасан портал вэйб сайт, эдийн засаг, бизнесийн нэвтрүүлэг бэлтгэх “Economy” телевизийн студи, ногоон хөгжлийг дэмжиж хөгжүүлэх зорилго бүхий “Ногоон эдийн засгийн өсөлт” төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа аж. Мөн “Mongolian Economy” сэтгүүл ирэх онд 14 хоног тутамд хэвлэгдэн гарах юм байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.