Монгол Улсаас өрнөдийн зарим оронд 1913 онд илгээж байсан ноот бичгийн эх хувь Австриас олджээ
- Улсын төв архиваас уйгаржин монгол бичиг дээрх эх хувиараа болон франц орчуулгын хамт олдлоо гэж Австри Улсад суугаа манай ЭСЯ-наас мэдэгдлээ.
Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй монголын төлөөлөгчид 1913 оны 11-12 дугаар сард Санкт Петрсбург хотноо Оросын талтай хэлэлцээ хийх үеэрээ Монгол Улс тусгаар тогтносноо албан ёсоор мэдэгдэж харилцаа тогтоох сонирхолтой байгаагаа мэдэгдсэн ноот бичгийг тухайн үед Хаант Орос улсад суугаа өрнөдийн зарим орны дипломат төлөөлөгчийн газруудад илгээж байсныг гэрчлэх түүхийн баримт бичиг Австри Улсын төв архиваас уйгаржин монгол бичиг дээрх эх хувиараа болон франц орчуулгын хамт олдлоо гэж Австри Улсад суугаа манай ЭСЯ-наас мэдэгдлээ.
Уг ноот бичгийг Хаант Орос Улсад сууж байсан Австри-Унгарын Элчин сайд О.Сцернин хүлээн авч, төвдөө уламжилж байсан байна. Эх материал нь хэдийгээр Австри Улсын төв архивт үлдэх боловч баталгаатай хуулбарыг 2012 оны эхээр Монголын талд хүлээлгэн өгөх талаар тохиролцжээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Vip76.mn