Мал тооллогын урьдчилсан дүн энэ сарын 25-нд гарна
2011.12.22

Мал тооллогын урьдчилсан дүн энэ сарын 25-нд гарна

Мал тооллогын урьдчилсан дүн энэ сарын 25-нд гарна
ТОВЧХОН
  • Манай улс жил бүр арванхоёрдугаар сарын эхээр мал тооллогын ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
  • Монгол орон даяар мал тооллого энэ сарын 9-нөөс эхэлсэн.
Монгол Улсын эдийн засгийн гол салбаруудын нэг нь мал аж ахуй. Малын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарсан өөрчлөлт, бүтээгдэхүүний хэмжээг тооцох, МАА-н салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг мал тооллогын дүнгээс гарган авдаг юм.

Манай улс жил бүр арванхоёрдугаар сарын эхээр мал тооллогын ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү ажлыг ХХААХҮЯ, Үндэсний статистикийн хорооноос хариуцан ажилладаг билээ. Харин энэ сарын 9-нд эхэлсэн мал тооллого энэ сарын 15-нд дууссан байна.


Мал тооллогын урьдчилсан дүн хэзээ гарах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Мал аж ахуйн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга П.Ганхуягаас тодрууллаа.


-Мал тооллогын ажил дууссан. Энэ ажлын явц ямар байгаа вэ?
-Монгол орон даяар мал тооллого энэ сарын 9-нөөс эхэлсэн. Баг, сумдад явагдаж байгаа мал тооллого энэ сарын 15-нд дууссан. Аймаг орон нутгууд мал тооллогынхоо дүнг нэгтгээд манайд ирүүлэх юм. Одоогоор хараахан ирээгүй байна.

-Аймгууд нэгдсэн дүнгээ хэзээ ирүүлэх вэ?
-Өнөөдөр ирүүлчих байх. Баг, сумаас аймагт урьдчилсан дүн ирсэн байгаа байх. Харин аймгууд нэгдсэн дүнгээ ирүүлэх үлдээд байгаа юм. Тэгэхээр удахгүй урьдчилсан дүн гарна. Урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос гаргана шүү дээ.

-Тэгвэл мал тооллогын урьдчилсан дүн хэзээ гарах бол?
-Мал тооллогын дүн энэ сарын 25-ны өдөр гэхэд гарчихна. Энэ жил Монгол орны ихэнх нутгаар цаг агаар сайхан, зуншлага сайн байсан болохоор малын тоо толгой нэлээд өссөн. Тиймээс энэ тооллогоор өнгөрсөн жилтэй харьцуулахад малын тоо толгой өссөн үзүүлэлт гарах байх гэж бодож байна.

-Өнгөрсөн жилээс өссөн үзүүлэлт гарна гэлээ. Тооцоогоор хэчнээн болох бол?
-Өнгөрсөн жил Монгол Улс нийтдээ 32.7 сая толгой мал тоолуулсан. Энэ нь өмнөх жилийнхээсээ буюу 2009 оныхоос 10 гаруй сая толгойгоор буурсан дүн. 2009 онд малын тоо 44 саяд хүрсэн ч зудын уршгаар 10 гаруй сая мал хорогдсон. Харин энэ жил бидний таамаглаж байгаагаар малын тоо толгой 40 саяд хүрэх болов уу. Гэхдээ малчид үүнд тайвшрах хэрэггүй. Малчдын ажлыг шалгадаг цаг нь хараахан болоогүй байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан мэдээгээр энэ өвөл олон жилийн дунджаас илүү цас унаж болзошгүйг анхааруулж байгаа. Тэгэхээр малын тоо толгой өсөх нь гэж баярлах эртдэнэ. Яагаад гэхээр хавар гэж малчдын хөдөлмөрийг шалгасан нэг улирал бий шүү дээ.
Нийтлэлч
Э.Пагмадулам
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.