Ерөнхий боловсролыг 5+5+2 Гэсэн бүтэц болгоно
- Боловсролын болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барилаа.
Боловсролын болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өчигдөр өргөн барилаа. УИХ 2002 онд Боловсролын тухай багц хуулийг шинэчлэн баталснаас хойш боловсролын салбарын бодлого, үйл ажиллагаанд тасралтгүй шинэчлэл хийгдэж ирсэнтэй холбоотой уг хуульд 2006, 2008 онд нэмэлт өөрчлөлтүүд хийгдэж иржээ. Энэ удаа “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Боловсролын үндэсний хөтөлбөр”, Улсын Их Хурлын 2008 оны 35 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т орсон зорилт, бусад холбогдох хууль, тогтоол, зөвлөмжид нийцүүлэн өөрчилжээ.
Тухайлбал бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх, олон улсын түвшинд сургалтын хөтөлбөр, үйлчилгээний чанар, төгсөгчдийн үнэмлэх баталгаажсан, өрсөлдөх түвшний боловсролын үйлчилгээг бий болгох урт хугацааны стратегийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын хөтөлбөрөөр Монгол, Англи хос хэл дээр хичээллэх олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулиудыг шинээр бий болгох зэрэг эрх зүйн үндсийг хуулийн төсөлд оруулж өгчээ. Мөн одоо мөрдөж байгаа Бага, дунд боловсролын тухай хуулиар бага боловсролыг 6, суурь боловсролыг 9 (6+3), бүрэн дунд боловсролыг 12 жил (6+3+3)- ийн хугацаанд тус тус эзэмшүүлэхээр заасан. Тэгвэл 21 дүгээр зууны иргэнийг төлөвшүүлэхэд одоогийн 6+3+3 гэсэн сургалтын бүтцийн бүх нийтийн суурь боловсролыг олгоход ногдож байгаа хугацаа хангалтгүй байна. Иймд ерөнхий боловсролын сургалтын бүтцийг 5+5+2 гэсэн бүтэцтэй болгох хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай байгааг ч төсөлд тусгажээ.
Бас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуулийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сум, дүүргийн Засаг дарга томилж байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуультай зөрчилдөж байгааг хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газартай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга томилох, мөн үр дүнгийн гэрээг дүгнэсэн санал, дүгнэлтийг үндэслэж чөлөөлөх талаарх зохицуулалтаас гадна боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн баталгааг хангах талаар хэд хэдэн зохицуулалтыг тусгажээ.
Тухайлбал: боловсролын байгууллагад ажиллагсдыг 5 жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга, боловсрол, эрүүл мэндийн бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлэх, Хөдөө орон нутгийн сургуулиудын сургалтын үндсэн үйл ажиллагаа, сурагчдын хөгжил, төлөвшилд багшийн адил үүрэг гүйцэтгэдэг зарим ажилтнуудад тухайлбал сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн туслах багш, номын санч, сургуулийн эмч нарт 5 жил тутамд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгоно гэжээ. Мөн бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан бол тэтгэвэрт гарахад 24 сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхийг тусгаснаар төрийн албан хаагчдын тэтгэмжийн ялгавартай байдлыг арилгана. Дээд боловсролын тухай хуульд ч нилээд өөрчлөлтүүд орохоор туссан байна. Тухайлбал иргэний хуульд хуулийн этгээд, түүний салбар болон төлөөлөгчийн газрын талаарх зохицуулалт хуульчлагдсан байдаг.
Гэтэл дээд боловсролын тухай хуульд “харъяа байгууллага” гэсэн нэр томъёог ашигласнаар дээд боловсролын салбарт зарим зөрчилтэй нөхцөл байдал үүсч байна. Жишээ нь сургалтын чанарын хувьд хангалтгүй зарим сургууль өөр нэр хүнд бүхий сургалтын байгууллагын харъяа сургууль болж, хуулийн этгээдийн эрхтэйгээр иргэний эрх зүйн харилцаанд орж, харъяа удирдах сургуулийнхаа нэр хүндээр хэрэглэгчийг татах сөрөг жишиг тогтох болсныг өөрчлөхөөр төсөлд тусгажээ. Тэрчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын зэрэг олгох жишигт нийцүүлэн дээд боловсролын эзэмшүүлэх сургалтыг бакалавр, магистр, докторын гэсэн ангиллыг хуульд тусгах, зарим зохицуулалт хийх шаардлага тавигдсан. Оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын эрх зүйн үндэс, уг шалгалттай холбоотой нийтлэг зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох, энэ асуудлыг эрхлэх байгууллагын эрх хэмжээг хуулиар тодорхойлох шаардлагыг хуулийн төсөлд тусгажээ.
Монцамэ