Ойтой газрыг ойгүй, ойгүй газрыг ойтойгоор тэмдэглэжээ
2011.12.20

Ойтой газрыг ойгүй, ойгүй газрыг ойтойгоор тэмдэглэжээ

Ойтой газрыг ойгүй, ойгүй газрыг ойтойгоор тэмдэглэжээ
ТОВЧХОН
  • Шалгалтын дүнг өчигдөр МХЕГ-ын даргын 33 дугаар хуралдаанаар авч хэлэлцлээ.
  • Ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлах заавар зэргийг мөрдөж ажиллаагүй, хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Мэргэжлийн хяналтын ерөн­хий газраас Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Увс, Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Нийслэлийн хэмжээнд мод, ургамал бэлтгэж ашигладаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг энэ оны 10 дугаар сарын 15-аас 10 дугаар сарын 25 хүртэл хугацаанд шалгалт хийжээ. Шалгалтын дүнг өчигдөр МХЕГ-ын даргын 33 дугаар хуралдаанаар авч хэлэлцлээ.

Шалгалтанд ой ашиглалтын мэргэжлийн байгууллага Хөвсгөл аймагт 2, Булган аймагт 10, Архангай аймагт 9, Өвөрхангай аймагт 3, Увс аймагт 1, Завхан аймагт 13, Төв аймагт 10, Сэлэнгэ аймагт 25, Хэнтий аймагт 4, Дархан-Уул аймагт 3, Дорнод аймагт 3, нийслэлд 3, нийт 11 аймаг, нийслэлийн 85 ойн мэргэжлийн байгууллага, байгалийн ургамал ашиглан эм найруулах, жимс, жимсгэнэээр жүүс, дарс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, цай үйлдвэрлэдэг, ургамлыг түүж бэлтгээд гадаадад гаргадаг нийт 20 аж ахуйн нэгж хамрагдсан аж.

Мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд батлагдсан хяналтын хуудсаар үнэлэлт, дүгнэлт өгөхөд Хэнтий аймгийн «Батширээт» ХХК, «Балжхаан» ХХК, «Архөвчийн шинэс» ХХК, «Досанар» ХХК нь 51-58 оноогоор их эрсдэлтэй, 12 аж ахуйн нэгж 30-49 оноогоор дунд эрсдэлтэй, 69 аж ахуйн нэгж 0-29 оноогоор бага эрсдэлтэй ангилалд тус тус хамрагджээ.

Хэнтий аймгийн Батширээт сумын Ойн анги, Биндэр сумын Сум дундын ойн анги нь мод бэлтгэлийн талбай тусгаарласан актыг тухайн мэргэжлийн байгууллагад өгөөгүй, баталгаажуулаагүй байхад нь мод бэлтгэлийн ажил эхэлсэн, тухайн сумдын ИТХ-ын тогтоолоор бат­лагдсан аж ахуйн нэгжид олгох эрхийн бичгийг иргэдэд зээлээр олгосон гэнэ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслөөр ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллага болох «Цэвэр ой» ХХК нь Дорнод аймгийн Баяндун сумын ойн байгууллагын /нөхөрлөл/ ойн сангийн эзэмшил газрын ой зохион байгуулалт хийхдээ ойтой газрыг ойгүйгээр, ойгүй газрыг ойтойгоор тэмдэглэсэн ноцтой зөрчил илэрчээ.

Зөвхөн Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ оны 11 дүгээр сарын байдлаар ойн үндсэн ашиглалт, ойн арчилгаа, ойн цэвэрлэгээ, ойжуулалт, ой нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр ойн мэргэжлийн байгууллагын эрх авсан 44 аж ахуйн нэгж байгаагаас 35 аж ахуйн нэгж нь үндсэндээ мод ашиглах л ажил хийж байна.

Нэг аймаг, нэг суманд ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй хэтэрхий олон аж ахуйн нэгжүүд байгаа нь сэжигтэй бөгөөд тэд ч мэргэжлийн байгууллагын гэрчилгээндээ заагдсан үйл ажиллагааны чиглэлээ зөрчиж ихэнх нь модыг огтлох сонирхол нь давамгайлах болсон гэнэ.

Нийслэлд эмийн түүхий эд бэлтгэх зориулалтаар ургамал ашиглагч “Монгол эм” концериум, “Нахиа”, “Тавин ус”, “Мамбадацан”, “Монг эм”, Уламжлалт анагаах ухааны шинжлэх технологи, үйлдвэрлэлийн корпорацийн эмийн үйлдвэрүүд нь байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэдэг төдийгүй эм найруулах зориулалтаар бэлтгэх ховор ургамлын нөөц, байршлыг нь тогтоолгохгүйгээр сорчлон ашиглаж, ашиг олох зорилгоор гадаадад гаргаж байна

Мод бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой 44 зөрчил илрүүлж бүгдийг нь газар дээр нь арилгуулж, Ойн тухай хуулийн зөрчилд нь 4650,0 мянган төгрөгийн торгууль шийтгэврийн арга хэмжээ авч бүрэн барагдуулжээ.

Шалгалтын явцад хугацаа хэтэрсэн эрхийн бичиг, бусдад шилжүүлсэн эрхийн бичгээр болон зохих эрхийн бичиггүйгээр бэлтгэсэн 80,5 м3 модыг хурааж улсын орлого болгохоор улсын байцаагчийн акт үйлдэж нөхөн төлбөрт нь 56487,2 мян төгрөгийн хохирол тооцож барагдуулан эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Байгалийн ургамлын хяналт шалгалтаар 2 аж ахуйн нэгжид 23.800.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, Сэлэнгэ аймгийн Бугантаас “Грийн тэрэлж” ХХК-ийн зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн 107,9 кг ховор Эгэл бавран, Өмнөговь аймгийн Хүрмэн сумаас хууль бусаар бэлтгэсэн 442.7 кг цагаан гоёог улсын байцаагчийн актаар тус тус хураан авч, улсын орлого болгон нийт 2268600 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулжээ.

Хэнтий аймгийн ойн мэргэжлийн байгууллага “Батширээт” ХХК, “Балжхаан” ХХК, “Архөвчийн шинэс” ХХК, “Досанар” ХХК нь 2,5 кодтой “Ой ашиглалтын компаниудын байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудас” -аар шалгахад өндөр эрсдэлтэй гарч байгаа нь аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаандаа Ойн тухай хууль, Ойгоос мод бэлтгэх журам, Ойд үндсэн ашиглалтын огтлолт явуулах технологийн заавар, Ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлах заавар зэргийг мөрдөж ажиллаагүй, хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа ургамлын тархац, нөөцийн судалгааг 5 жил тутамд  хийлгэсний үндсэн дээр түүж бэлтгэж болох ургамлын төрөл, зүйлийн нэр, түүх дээд хязгаарыг  нарийвчлан тогтоож  өгөхгүйгээр шийдвэр гаргаснаар “Грийн тэрэлж” ХХК-д эм найруулах зориулалтаар бэлтгэх ховор ургамлыг сорчлон  бэлтгэж гадаадад гаргах нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.

Өмнөговь аймгийн “Говийн өндөр”, “Ариун сан” зэрэг аж ахуйн нэгжүүд нэн ховор цагаан гоёогоор архи үйлдвэрлэж байгаагаас уг ургамлыг хууль бусаар түүж бэлтгэх нөхцлийг бүрдүүлж өгснийг 442.2 кг цагаан гоёо хураагдсан байгаагаар нотлогдож байгаа юм.

Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.