Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 58-р цэцэрлэгийн хүүхдүүд шинэ жилийн баяртаа бэлдэж байна
- Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 58-р цэцэрлэгийн “Бүжин” бүлгийн гурван настай бяцхан багачууд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой хамтран сургалтын өрөөгөө шинэ жилийн баярт зориулан гоёж чимэв.
Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 58-р цэцэрлэгийн “Бүжин” бүлгийн гурван настай бяцхан багачууд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой хамтран сургалтын өрөөгөө шинэ жилийн баярт зориулан гоёж чимэв. Өөрт нь анхаарал тавьж байгаа хүн бүрийг талархсан нүдээр харж, өөд нь өргөөд тэврэх нэгэн рүү нь намайг намайг гэж уралдан гүйх жоохон үрс ногоон гацуур, гялтганасан тоглоом, чихэр жигнэмэгээр дүүргэсэн шажигнасан ууттай бэлэг барьсан олон хүнийг хараад хөөрч догдлон бужигнан гүйлдэж байв.
Ээж аавын зориулж авсан хувцасаар биш цэцэрлэгээс нь нийтэд нь хангасан хантаазаар ижилссэн энэ хүүхдүүдэд гэр нь болсон цэцэрлэгийнхээ анги танхимыг гоёход нь хэн нэгэн туслах, туслаад зогсохгүй хүүхэд бүрт зориулаад бэлэг өгөх гэдэг баяр дээр нь баяр нэмдэг аж. Харин бэлгээ авсны дараа хүүхдүүд уутан дахь амттанд сатааран тал тал тийшээ харж суугаад нэг хэсэг чимээ шуугиан намдав.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон “Бүжин” бүлгийн бяцхан хүүхдүүдэд шинэ ондоо улам том болоод илүү их зүйл сураад байж байгаарай гэж захиад цаг урин болохоор хамтдаа Хүүхдийн паркаар зугаалахаа амлав.
Эрүүл мэндийн яам