Казакстанд онц байдал тогтоов
2011.12.19

Казакстанд онц байдал тогтоов

Казакстанд онц байдал тогтоов
ТОВЧХОН
  • Онц байдлын дэглэм нь холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 5 хүртэл буюу 20 хоногийн хугацаанд хэрэгжинэ.
  • Энэ хугацаанд тус хотод оройны 23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоожээ.

АСТАНА./ИТАР-ТАСС/. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт энгийн иргэдийн аминд хүрсэн эмх замбараагүй байдал дэгдсэн «Мангыстаус мужийн Жанаозен хотод онц байдал тогтоох» тухай зарлигт гарын үсэг зуржээ.

«Жанаозен хотын эдийн засаг, түймэрт өртсөн объектуудыг сэргээн босгох, хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргасан» гэж Назарбаев өнгөрөгч бямба гарагт болсон Үндэсний аюулгүй байдлын тусгай хуралдаан дээр мэдэгдсэн байна. Хуралдаанд Казахстаны бүх яамдын сайд нар оролцжээ.

Онц байдлын дэглэм нь холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 5 хүртэл буюу 20 хоногийн хугацаанд хэрэгжинэ. Энэ хугацаанд тус хотод оройны 23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоожээ. Мөн эмх журмыг сахиулах арга хэмжээ авч, төрийн байгууллагууд болон стратегийн объектуудын хамгаалалтыг чангатгасан байна. Түүнээс гадна хотод жагсаал цуглаан зохион байгуулахыг хоригложээ.

Жанаозен хотод болсон эмгэнэлт явдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Назарбаев ард түмэндээ хандан үг хэлэхдээ, олныг хамарсан эмх замбараагүй байдалд буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авахаа амласан байна. Тэрбээр мөн «эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчдыг олж тогтоон, зохих шийтгэлийг оноох болон хотод аюулгүй байдлыг сэргээх» комисс байгуулсан тухайгаа мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Казахстан улсын Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэсэн бөгөөд Жанаозан хотод болсон баярын жагсаалын үеэр олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдсэн байна.

Тус улсын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, эмх замбараагүй явдлын үеэр 11 хүн амиа алдаж, 86 хүн гэмтэж бэртсэний дотор цагдаагийн 6 албан хаагч байна. Тус хотод 46 объектыг галдан шатааж, хулгай дээрмийн үйлдэл их хэмжээгээр гарчээ.Прокурорын газрын төлөөлөгчийн мэдээлснээр, 70 хүн баривчлагдсан байна. Эсэргүүцлийн ажиллагаанд ажлаасааа халагдсан нефть хийн үйлдвэрийн ажилчид голчлон оролцжээ.

Казахстаны баруун нутагт оршдог Мангыстуас мужийн нефтийн компанийн ажилтнууд өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс эхлэн ажил хаян цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байв. Гэвч шүүхээс уг эсэргүүцлийн ажиллагааг хууль бус гэсэн шийдвэр гаргасны дараа «Каражанбасмунай» болон «Озенмунайгаз» компаниуд хууль бус ажил хаялтад оролцсон хэдэн мянган хүнийг ажлаас нь халсан байна. Ажил хаягсдын зарим нь ажилдаа эргэн орсон бол халагдсан хүмүүсийн оронд шинэ ажилчид авчээ.

Нийтлэлч
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.