Иргэн бүр цахим гарын үсэгтэй болно
2011.12.19

Иргэн бүр цахим гарын үсэгтэй болно

Иргэн бүр цахим гарын үсэгтэй болно
ТОВЧХОН
  • Уг хууль батлагдсанаар төрийн байгууллага болон хувь хүмүүсийн хооронд явагдах үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бий болж байна.
  • Цахим хэлбэрт байгаа аливаа агуулгыг хадгалж хамгаалах, солилцоход мэдээлэл хүргэгч ба хүлээн авагчийн хооронд цаасан баримтыг солилцсонтой адил эрх зүйн орчин үүснэ.

Цахим гарын үсэг нь ердийн гарын үсэгтэй адил эрх зүйн чадамжтай гэж  Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газраас мэдэгдлээ. Улсын их хурлын чуулганы ээлжит чуулганы ээлжит хуралдаанаар «Цахим гарын үсгийн тухай хууль»-ийг баталснаар ингэж үзэх боломжтой болж байгаа юм.

Уг хууль батлагдсанаар төрийн байгууллага болон хувь хүмүүсийн хооронд явагдах үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бий болж байна. Цахим хэлбэрт байгаа аливаа агуулгыг хадгалж хамгаалах, солилцоход мэдээлэл хүргэгч ба хүлээн авагчийн хооронд цаасан баримтыг солилцсонтой адил эрх зүйн орчин үүснэ. Ингэснээр төрийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц хэмжээгээр хөнгөвчлөгдөнө. Хорооны тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолтоос эхлээд 1189 төрийн байгууллаас үзүүлдэг үйлчилгээг цахим хэлбэрээр явуулдаг болохын тулд хувь иргэний цахим гарын үсгийг хуульчлан баталгаажуулах нь чухал шаардлагатай байсан юм. Цахим гарын үсгийг мөнгөний тооцоо төлбөр, и-мэйл, мессэж зэргээр явуулсан зүйлд өөрийгөө баталгаажуулахаас эхлээд аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд ч хэрэглэж болно. Шинэ тутам хөгжиж, өдгөө нэгэнт иргэдийн хэвшсэн хэрэглээ болсон цахим орон зай, түүнийг нийгмийн харилцааны нэгэн тулгуур хүчин зүйл болгоход энэ хууль шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Энэхүү шинэ батлагдсан хууль болон, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнээс тодруулга авлаа.

-Цахим гарын үсгийг ямар байгууллагаар дамжуулж олгох вэ?

-Манай газрын зүгээс энэ салбарт манай улсад болон олон улсад олон улсад мөрдөгдөж буй нөхцөл шаардлагыг хангаж буй хуулийн этгээдэд цахим гарын үсгийг гэрчилгээг олгоно. Өөрөөр хэбэл эрх бүхий субьектийг төр бий болгоно. Тусгай зөвшөөхөл эзэмших этгээд иргэдэд үйлчлэх үүрэг хүлээнэ. Тоон гарын үсгийн нэг давуу тал нь түүнийг дагалдах давхар шалгалтын технологиор хамгаалагдсан байдагтаа байгаа юм. Нөгөө талаар энэ хууль нь цахим гарын үсэгт суурилан эдийн засаг бизнесийн болон өөр олон төрлийн үйл ажиллагааг цахим орчинд хуулийн хүрээнд хийх боломжийг бий болгоно. Жишээ нь та гэрээг цахим хэлбэрээр хийж болно. Цахим гарын үсэг нь зөвхөн монголд биш бусад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх учраас зөвхөн монголдоо биш гадаадад, орон зай харгалзахгүй түншлэл бий болход онцгой түлхэц болно. Өнөөдөр дэлхийн 60 гаруй улсад ийм хууль хэрэгжиж байна.

-Хууль хэдийнээс хэрэгжих вэ? Мэдээж хэрэг тодорхой бэлтгэл ажил хийнэ биз дээ?

-Хууль 2013 оны 1 сарын 1-нээс хэрэгжинэ. Энэ хугацаанд иргэдээ цахим гарын үсэгжүүлэхээс эхлээд нэлээд их ажлыг амжуулхаар төлөвлөөд байна. Ер нь мэдээллийн технологийн чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Дэлхийн банкний тусламжтайгаар «Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг байгуулах төсөл»-ийг хэрэгжүүлж, одоо гүйцэтгэгч сонгох чиглэлээр явж байна. Энэ магадгүй манай салбарт хийгдэж буй анхны даацтай үйл ажиллагаа. Уг төсөлд дэлхийн жишигт нийцсэн «3Р» гэх мэт технологуудыг ашиглана. Үүнээс гадна, цахим гарын үсэг нь маш олон салбарыг хамарсан цогц арга хэмжээ, олон улстай монгол улсыг холбох нэг томоохон гүүр болох учраас бусад салбар, бусад байгууллага, бусад улс оронтой хамтрах шаардлага байгаа. Хамтрахын тулд ойлголцох шаардлагатай. Ойлголцсоны үндсэн дээр тодорхой зорилт арга хэмжээг тогтсон хугацаанд нь хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс цаашдаа энэ хүрээнд олон гэрээ хэлэлцээ, санамж бичгүүд хийгдэх байх.

-«Гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага нь тоон гарын үсгийн гэрчилгээ олгоно» гэж байна. Энэ талаар дэлгэрүүлж ярина уу ?

-Хамрагдан үйлчлүүлэх хүмүүсийн тоо хэд ч байж болно. Хамгийн гол нь үйлчилгээ үзүүлж буй байгууллага маань найдвартай байх хэрэгтэй. Энэ тэргүүнд аюулгүй байдлыг аль аль талдаа найдвартай хангасан байх хэрэгтэй. Энэ тэргүүнд иргэдийг төрийн үйлчилгээгээр хурдан шуурхай хангахын тулд энэ хуулийн хүрээнд хэрхэн арга хэмжээ авах талаар бодлогоо түлхүү чиглүүлж байна. Гэхдээ банк санхүү, гаалийн байгууллагууд тусдаа нэлээд онцгой түвшний, олон улсын шинжтэй гэрчилгээжүүлэх байгууллага шаардахыг үгүйсгэхгүй. Бүх үйл ажиллагаа онлайнд суурьлах учраас бүрдүүлэлт хийх тал дээр хүндрэл үүсэхгүй.

Энэ үйл ажиллагаанд хоёр функц байгаа. Нэгдүгээрт бүртгэлжүүлэх байгууллага, хоёрдугаарт гэр­чилгээжүүлэх байгууллага. Бүртгэлийн байгууллага бол заавал гэрчилгээжүүэх зөвшөөрөл авах хэрэггүй. Гэрчилгээжүүлэх байгууллагатайгаа гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж болно. Тийм учраас бүртгэлийн субьект маань хэд ч байж болно.

-Хууль хэрэгжсэнээр нэлээд хэмнэлт гарах бололтой?

-Маш олон төрлийн хэмнэлтүүд гарна. Бид хуулийн төслийг боловсруулах хугацаанд гадны олон шинжээчидтэй хамтарч ажилласан. Бүртгэлийн систем, төрийн үйлчилгээний хэлбэр маань цаасан дээр суурилж байгаа шүү дээ. Энэ бол автобус унаанаас эхлээд маш их цаг хугацаа шаардагддаг хэлбэр. Байгууллага бүхэн үндсэндээ заавал нэг байнгын бүртгэлийн нэгжтэй байна. Тэдгээрт очих гэж бөөн зардал, очсон хойноо дугаарлах гэж бөөн зардал. Цахим хэлбэрт шилжсэнээр энэ бүхэн багасна. Аль аль талдаа асуудал хялбар болж ирнэ. Зүгээр л бидний наад захын тооцоогоор хотын түгжрэл 20-25 хувиар буурна. Хэрэгжиж эхлээгүй байгаа болохоор сурталчилгаа төдийлөн хийгээгүй ч нийгмийн ач холбогдолын талаар судалгаа нэлээд хийсэн.

-Хөдөө орон нутгийн иргэд хэрхэн цахим гарын үсэгтэй болох вэ?

-Одоогийн иргэний бүртгэлийн систем шат шатандаа байгаа. Энэ системүүдийг нэгдсэн сүлжээнд холбож байгаа. Тэгэхээр хөдөө орон нутгийн иргэд нэгдүгээрт, сумын төв дээрээсээ бүх төрлийн үйлчилгээг авах боломж нээгдэж байгаа, хоёрт, Засгийн газраар батлагдахаар боловсруулагдаж байгаа «Цахим засгийн газар хөтөлбөр»-ийн хүрээнд иргэдийн төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хангана. Иргэд төрийн үйлчилгээг хүртэхээс гадна, төрийн үйл ажиллагаанд шууд оролцох боломжийг энэ сүлжээгээр бий болгож өгөх юм. Түүнээс гадна монгол орон даяар мэдээлэл холбооны үйлчилгээг хүргэх нь манай салбарын гол зорилт болж байна. Дурын иргэн гар утаснаасаа, гэрээсээ интернетэд холбогдох боломжтой болвол энэ талаар дээр санаа зовох зүйлгүй болно.

-Хууль сурталчлах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Салбар болгоны хүмүүсийг «Дата төв» дээрээ зочлуулж үйл ажиллагаатай нь танилцуулж байгаа. Өмнө нь хуулийн салбарынхан болон их хурлын гишүүдийн туслахууд энэ үйл ажиллагаанд хамрагдаж байсан.

Мөн банкны салбарынханд сургалт семинар зохион байгуулсан. Удахгүй хэвлэл мэдээлэлийн ажилтнуудыг урьж байгууллагаа танилцуулах болон манай салбартай холбогдох хуулиудын талаар нарийвчилсан мэдээлэл өгөх талаар төлөвлөж байна. Мөн шил шилээ даран батлагдах гэж буй цахим орчны хуулиудын талаар нэгдсэн ойлголттой болох ёстой гэж үзэж байгаа.

Нийтлэлч
Я.Баяраа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.