Монголд ажилгүй хүн биш ажлын байр олон байгааг харууллаа
- Монгол Улсад нийтдээ 72080 ажлын байр шинээр бий болсон дүн байна. Тодруулбал, хүнээ хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд төвлөсөн ажил 100 биш 120 хувиар давж биелэсэн нь энэ.
- Монголчуудын хувьд ажилгүйдэл, ядуурал их байна гэж гомдоллох үе өнгөрчээ. Учир нь ажилгүй хүн биш ажлын байр олон байгааг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-ийн үр дүн харууллаа.
-Үндэсний хэмжээний компаниуд хамгийн олон ажлын байр бий болгосон нь эдийн засагт гэрэл түгээж байна-
Монголчуудын хувьд ажилгүйдэл, ядуурал их байна гэж гомдоллох үе өнгөрчээ. Учир нь ажилгүй хүн биш ажлын байр олон байгааг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-ийн үр дүн харууллаа.
Монгол Улсын Засгийн газраас энэ оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласан. Энэ ажлын хаалтын арга хэмжээг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулж, жилийн турш хийсэн ажлаа дүгнэлээ. 2012 оны хувьд 60 мянган ажлын байр бий болгох зорилтыг Засгийн газраас тавин ажилласан билээ. Тэгтэл энэ сарын 12-ны байдлаар Монгол Улсад нийтдээ 72080 ажлын байр шинээр бий болсон дүн байна. Тодруулбал, хүнээ хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд төвлөсөн ажил 100 биш 120 хувиар давж биелэсэн нь энэ.
Шинээр бий болсон ажлын байруудыг харахад үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжүүд "Хөдөлмөр эрхэлтийг дэмжих жил"-д томоохон хувь нэмэр оруулжээ. Тодруулбал, "М-Си-Эс" групп, "Энержи ресурс", "Алтайн хүдэр" компани, "Макс" групп, "Монгол алт" корпораци зэрэг үндэсний хэмжээний компаниуд хамгийн олон ажлын байр бий болгосон байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид биш төсвийн хөрөнгийг бүрдүүлэгч хувийн хэвшилд ажиллагсад өсчээ. Энэ бол эдийн засагт хамгийн зөв, эерэг нөлөө үзүүлэх үр дүн юм. Татвар төлөгч үндэсний хэмжээний компаниудын ажиллах хүч, цар хүрээ өргөжсөнөөр төрийн албан хаагчдын цалин нэмэх, нийслэлийн түгжрэлийг бууруулах зам тавих, сургууль цэцэрлэг барих зэрэгт томоохон түлхэц болж буй юм. Нөгөө талаар ажилгүйдлээс хавтгайрсан архидалт бий болдог. Архидалт хулгай дээрэм, хүн амины хэрэг бүхний эхлэл, цаашлаад үндэстнийг мөхөл рүү хөтөллөх зам болдог. Харин ажлын байр нэмэгдсэнээр энэ бүхэн цэгцрэнэ. 70 гаруй мянган ажлын байр шинээр бий болсон нь төдий чинээ айлыг амьдралтай, архинаас хол болгож байна гэсэн үг.
Мөн хувийн хэвшилд ажлын байр нэмэгдсэнээр бараа үйлчилгээ нэмэгдэнэ. Өргөн хэрэглээний барааны үнэ багасч инфляци буурдаг. Иргэдийн амжиргаа ч тэр хэрээр өсч байгаа билээ.
Энэ жилийн хувьд "М-Си-Эс" групп хамгийн олон ажлын байр бий болгожээ. Тус групп нь "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-д 1768 ажлын байр шинээр бий болгосон байна. Мөн "Энержи ресурс" компани 765, "Алтайн хүдэр" компани 768, "Макс" групп 453, "Пигмент" компани 582, "Хадгаламж" банк 331 ажлын байрыг тус тус бий болгожээ. Өөрөөр хэлбэл, эдгээр компаниуд хамгийн их ажлын байр шинээр бий болгосон үзүүлэлт байна.
Тэдний бий болгосон ажлын байр хамгийн чанартай, үр өгөөж өндөртэй гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм. Учир нь дээрх үндэсний хэмжээний компаниудын ажилчдадаа өгдөг цалин зах зээлд хамгийн өндөрт тооцогддог аж. Ашигладаг техник, тоног төхөөрөмж нь орчин үеийн шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, өндөр технологи, үнэлэмж сайтай ажиллах хүч хосолсноор ажлын бүтээмж сайжирдаг. "М-Си-Эс" группийн нэг ажилтан даруй хоёроос гурван хүний үнэлгээгээр ажилладаг. Хөдөлмөрийн бүтээмж нь ч төдий чинээ өндөр байдаг аж.
"Энержи ресурс" компани л гэхэд орчин цагийн шаардлагад нийцсэн өндөр технологи ашигладаг. Үндэсний компаниудын дундаас тус компани анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа зарж Монголын нүүрсийг үнэд оруулсан. Гүрвэлээс өөр амьтан амьдрах боломжгүй гэж адалдаг өмнийн говийг тус компанийнхан нийслэлийн дайтай хөгжүүлсэн билээ. Нийслэлчүүдийн хэдэн арван жил мөрөөдөөд хийж чаддаггүй цахилгаан станцыг тэд байгуулсан. Олон улсад үнэлэгдсэн тус компанид монгол залуус олноороо ажиллах нь нэр төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч том хөрөнгө оруулалт болох нь дамжиггүй.
Үндэсний хэмжээний компаниуд ганц "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-д хэдэн зуун ажлын байр бий болгосон юм биш. Өнгөрсөн жил гэхэд "М-Си-Эс" групп, "Хадгаламж банк", "Макс" групп хамгийн олон ажлын байр бий болгосон амжилтаараа ТОП 100 аж ахуйн нэгжийн эхний байруудад шалгарч байсан билээ. "М-Си-Эс" групп л гэхэд өнгөрсөн онд 1070 ажлын байр бий болгосноороо ажил олгогчдыг тэргүүлж байсан юм. Харин энэ жилийн хувьд тус групп өмнөх оны амжилтаасаа 700 ажлын байраар илүү гарсан байна. Ингэж ажлын байрны тоо бодитоор нэмэгдэж, олон мянган хүн ажилтай болж амьдрал нь дээшилснээр Монгол Улсын эдийн засагт гэрэл гарч байгааг эдийн засагчид онцолж байна. Үүнээс гадна хувийн хэвшлийнхний өсөлт, үйл ажиллагаа нь өргөжиж байгаагийн хэрээр ажлын байрны орон тоо өсөх юм. Өөрөөр хэлбэл, ажлын байрны тоо ажилгүйчүүдээс олон болж буй аж. Энэ жилийн тухайд л гэхэд төлөвлөснөөсөө илүү ажлын байр шинээр бий болсон нь мэргэжилтнээ хүлээсэн сул орон тоо олон байгааг харуулж байгаа юм.
Өдрийн сонин