Хот төлөвлөлтийн асуудлууд нэг цэгт төвлөрөх ёстой
2011.12.16

Хот төлөвлөлтийн асуудлууд нэг цэгт төвлөрөх ёстой

Хот төлөвлөлтийн асуудлууд нэг цэгт төвлөрөх ёстой
ТОВЧХОН
  • Хот төлөвлөлтийн асуудал хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Нэг нь газар олгож, нөгөө нь барилгаар чигждэг байдалд цэг тавих цаг ирснийг Хотын дарга Г. Мөнхбаяр хатуу санууллаа.
  • Тэр дундаа хотын барилгажилт ерөнхий төлөвлөгөө, хүн амынхаа нягтрал суурьшилтай уялдах ёстойг Хотын дарга хэлж байна.

Хот төлөвлөлтийн асуудал хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Нэг нь газар олгож, нөгөө нь барилгаар чигждэг байдалд  цэг тавих цаг ирснийг Хотын дарга Г. Мөнхбаяр хатуу санууллаа. Энэ ч үүднээс ирэх жилээс хот төлөвлөлтийн асуудалд эргэлт гарна гэдгийг Хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх шинэ алхам-ууд зөвлөгөөн дээр мэдэгдэв. Ингэхдээ эхний ээлжинд хотын барилгажилтын өнгө төрхийг  тодорхойлж байдаг тусгай зөвшөөрөл бүхий  зураг төслийн компаниуд, архитекторуудыг уриалж энэхүү зөвлөгөөнийг зохион байгууллаа.  Барилга барина гэдэг хоосон газар дээр хэдэн тоосго өрөхийг хэлэхгүй. Тэр дундаа хотын барилгажилт  ерөнхий төлөвлөгөө, хүн амынхаа нягтрал  суурьшилтай уялдах  ёстойг Хотын дарга хэлж байна. 2010 онд Монгол Улс  хүн ам, орон сууцаа тоолсон. Энэ тооллого зүгээр нэг тоо бүртгэл биш хотынхоны ирээдүйн төлөвлөлтийг тусгасан  луужин болсныг онцоллоо. 2020 он гэхэд хотын хүн ам ойролцоогоор 1,5  сая хүрэх магадлалтай. УИХ,  Засгийн газраас тодорхой бодлого хэрэгжүүлж эхэллээ. 100 мянган айл орон сууц хөтөлбөрийн дийлэнхи нь нийслэлд баригдана. Шүүгээн тодорхи макет зураг төсөлчдийн гараар барилга болох учраас “газраа л олчих,  хийгээд өгье” гэсэн үзэмжээр ажилд хандахгүй шүү гэдгийг хатуу сануулав. Зураг төсөлчдийн гараар хийгдэж хотынхоны зөвшөөрлөөр баталгаажих ёстой гэдгийг хэлж байна.

Манай улсын хэмжээнд зураг төслийн 260 гаруй тусгай зөвшөөрөлтэй компани байдаг. Энэ компаниудын хийсэн зургаар өнөөдөр хотын өнгө төрх тодорхойлогдож байна. Гэхдээ тэдний ажил өнөөдөр зарим талаараа шаардлага хангаж чадахгүй байгааг бодитой баримттай нь шүүмжлэв. Ерөнхий төлөвлөгөөний дагуу стандарт мөрддөггүй, барилга хоорондын зай зөрчдөг, ногоон байгууламж тохижилтоо төлөвлөдөггүй, газрынхаа хэмжээнээс давсан том зураг төлөвлөдөг зэрэг олон  зөрчлийг нэрлэж болно.  Алдаа мадаг байгааг зураг төсөлчид үгүйсгээгүй ч өөр олон асуудал хот төлөвлөлтийн бодлогыг мухардуулж байгааг хэлсэн юм.  Үнэхээр  газраа эхэлж олгодог. Олгосон газрынхаа дагуу төлөвлөлтөө хийдэг дүр зураг байгааг албаныхан үгүйсгэсэнгүй. Энэ ч үүднээс газар олгодог олон субъектуудыг цөөлөх асуудал эрхзүйн хүрээнд яригдаж байна. Хот байгуулалт газрын харилцааг  нэг зоосны хоёр тал гэж ойлгож болно. Тийм ч учраас газар ашиглалтын бүсчлэлийг тогтоох нь хамгийн зөв алхам гэж үзэж байна гэж Нийслэлийн газрын албаны дарга Ц. Сандуй хэлэв.

Хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийгдсэн. Иргэнээ дээдэлсэн дэлхийн жишигт нийцсэн хот болно гэсэн зорилт энэ төлөвлөгөөнд тусгагджээ.  Харин энэ зорилтыг мөрөөдлийн хэлхээс болгохгүйн тулд одооноос зөв төлөвлөлт хийж,  эргэлт гаргах хэрэгтэй байгааг хэлж байна.  Дэлхийн томоохон хотууд манайх шиг төв рүүгээ шигээгүй. Бээжин хотод л гэхэд улсын хүн амын 1 хувь нь амьдардаг бол Токиод 6 хувь, Сөүл хүн амынх нь 26 хувь байдаг. Харин Улаанбаатар бол улсын хүн амынхаа 46 хувийг шингээдэг. Тэр хирээр хот төлөвлөлтийн бодлогод алдаа гарч байгаа тухай Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар хэлж байв.

Төлөвлөлтийн бодлогыг төөрдөг байшин, эвлүүлдэг тоглоом гэж цоллуулахгүйн тулд хот шинэ алхмыг хийж эхэллээ. Ирэх жилээс хот төлөвлөлтөнд эргэлт гарна гэдэгтэй талууд санал нэг байна.  Хот байгуулалтын ажлын зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах зорилготойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас дээрхи арга хэмжээг  хамтран зохион байгуулав.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.