Улаанбаатар үнэмлэхүй бохир агаартай хотоор тодорчээ
- Сингапурын "Страйт таймс" сонинд дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын тухай нийтлэл гарсан байна.
- Уг нийтлэлийг ДЭМБ-ын судалгаанд үндэслэн бичсэн байна.
Сингапурын "Страйт таймс" сонинд дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын тухай нийтлэл гарсан байна.
Уг нийтлэлд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийн хотуудын үнэмлэхүй аварга болжээ. Уг нийтлэлийг ДЭМБ-ын судалгаанд үндэслэн бичсэн байна. Хэдийгээр нийслэлийн удирдлагууд болон холбогдох бусад төсөл хөтөлбөрүүд хамтран утаагүй Улаанбаатарын төлөө ажиллаж байгаа ч төдийлөн амжилт олохгүй байгаа юм.
Монголын Мянганы сорилтын сан, "Цэвэр агаар" төслийн хүрээнд утаагүй зуух, түлш, гэрийн дулаалгыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр түгээж байгаа билээ. Нийт 70 мянган зуух тараах бөгөөд эдгээр зуухыг иргэдэд тарааж чадвал агаарын бохирдлыг 20 хувиар бууруулна гэж албаны хүмүүс үзэж байгаа. Гэхдээ энэ хооронд Улаанбаатарын агаарын бохирдол нэмэгдсээр байна. Хэдийгээр албаны хүмүүс өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бохирдлын хэмжээ буурсан гэж мэдэгдэж байгаа ч тэрхүү үр дүн төдийлөн харагдахгүй байгаа юм.
Дашрамд дурьдахад, Саймон Фразерийн их сургууль болон Монголын эрдэмтдийн судалгаагаар Улаанбаатар хотын иргэдийн нас баралтын 10 хувь нь агаарын бохирдолтой холбоотой байдаг гэнэ. Юутай ч одоогийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-ын тогтоол гарч, хөрөнгө мөнгө төлөвлөж, Үндэсний комисс байгуулагдан ажиллаж байгаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын төлбөрийн тухай, Агаарын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар батлаад байгаа билээ.
Монголын мэдээ