М.Батбаяр:Түр зуурын үнийн хөөрөгдлийг хүлээ гэж зөвлөе
- -Мөнгөний ханш унана. Банк зээлийн хүүгээ нэмнэ гэх мэтээр иргэдийн дунд янз бүрийн яриа тархах болж. Энэ бол зөвхөн хоёр оны зааг дээр үүссэн хий хоосон яриа.
- Ингэж зааг гараад эрэлт нь огцом өсөөд ирэхээр орон сууцны үнийн өсөлт явагдаж байгаа мэт ард түмэнд сэтгэгдэл төрсөн хэрэг.
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М. Батбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед орон сууцны үнэ огцом нэмэгдэх боллоо. Үүнийг мөнгөний ханш унана гэсэн иргэдийн болгоомжлолтой холбоотой гэж тайлбарладаг. Дээр нь арилжааны банкнууд том зээлийнхээ хүүг нэмсэн нь үнэ нэмэх нэг шалтгаан болсон юм шиг?
-Мөнгөний ханш унана. Банк зээлийн хүүгээ нэмнэ гэх мэтээр иргэдийн дунд янз бүрийн яриа тархах болж. Энэ бол зөвхөн хоёр оны зааг дээр үүссэн хий хоосон яриа. Нөгөөтэйгүүр"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн явц хэтэрхий удаан байгаагаас эрэлт нийлүүлэлт хоёрын хооронд зааг гарсан. Ингэж зааг гараад эрэлт нь огцом өсөөд ирэхээр орон сууцны үнийн өсөлт явагдаж байгаа мэт ард түмэнд сэтгэгдэл төрсөн хэрэг. Уг нь Хөгжлийн банк хурдтай ажиллаад европын хямралаас өмнө буюу өнгөрсөн долоо, наймдугаар сард Засгийн газрын бондыг дэлхийн зах зээлд борлуулсан бол өдийд "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн түрүүчийн хямд өртөгтэй байр баригдчих байсан. Үнэндээ өнөөдөр боломжийн үнэтэй орон сууц тун цөөхөн. Харин өндөр өртгөөр босоод оршин суугчдаа хүлээж байгаа 2000-3000 айлын орон сууц бий.
Гэхдээ эдгээр нь бүгд "40 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн зарчмаар баригдсан орон сууц юм.
Энэ хөтөлбөрт Засгийн газрын ямар нэг оролцоогүйгээр хувь хөрөнгө оруулагч байгууллага, хувь хүмүүс хамрагдсан. Өөрөөр хэлбэл, тэд газраа худалдаж аваад, барилга барих байгууллага, барилгын материал гээд бүх зүйлийг өөрсдөө сонгоод эцэст нь өөрсдийн нэрлэсэн үнээр буюу доод тал нь ам.метр талбайгаа нэг сая 200 мянган төгрөгөөр үнэлээд зарж байна. Эдгээрийг борлуулалтад оруулахаар байрны үнэ өссөн дүр зураг харагдсан хэрэг. Дээр нь эрэлт өссөн богино хугацааны энэ завшааныг барилгын компаниуд давхар ашиглаж үнээ дахин өсгөж байна. Иймээс иргэдэд "40 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн зарчмаар баригдсан өндөр үнэтэй орон сууцыг авахгүй бай гэж хэлье. Яагаад гэвэл, Засгийн газрын хөрөнгөөр он гараад 2000 гаруй айлын орон сууцыг Буянт-Ухаад барина. Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ам.метр талбай нь 750 ам.доллараар үнэлэх 25 мянган айлын "Шинэ Яармаг" хорооллыг ч барина. Эдгээр хороолол баригдаад эхэлбэл орон сууцны үнэд шууд өөрчлөлт орно. Үнэ буурна гэсэн үг. "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр төслийн үндсэн агуулга нь бага, дунд орлоготой, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах мөн нийслэлийн утааг бууруулах. Бага, дунд орлоготой иргэдэд ам.метр талбай нь өндөр үнэтэй орон сууц худалдаж ав гэж тулгахгүй нь үнэн. Ийм болохоор иргэдийг түр зуурын энэ хөөрөгдлийг хүлээ гэж зөвлөе.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үнийн энэ мэт хөөрөгдлийг хянаж зохицуулдаггүй гэх юм. Ер нь энэ хөөрөгдлийг зохицуулж хянах газар гэж байна уу?
-Барилгын үнийг өсгөөд байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, барилгын худалдаа эрхлэгчид дур зоргоороо үнэ өсгөж байна. Хоёрдугаарт урд хөршийн энэ төрлийн худалдаа эрхлэгчид манай улсын барилгын материалын эрэлт дээр тоглож зохиомлоор үнээ нэмдэг. Уг нь төр
засаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтраад барилгын материалын худалдааны гол төв гэгддэг 100 айл орчимд хяналт шалгалт хиймээр байгаа юм. Чанартай материалыг өндөр үнээр зарж болно. Харин чанаргүй материалыг өндөр үнээр дамлаж иргэдийг шулах эрх хэнд ч байхгүй. Хоёрдугаарт, барилгын үнэд шалгалт хийх ёстой. Хэдэн төгрөгөөр барилгаа барьчихаад хэдэн төгрөгөөр зарав. Хэрэв ам.метр талбай нь 650 мянган төгрөгийн өртгөөр боссон тохиолдолд 850 мянган төгрөгөөр иргэдэд худалдаж болно. 20-30 хувийн ашиг гэсэн үг.Гэтэл ихэнх компани өнөөдөр хэд дахин нугалсан үнээр зарж байна. Жирийн барилгачдаар ам.метр талбайг нь 650 мянган төгрөгөөр үнэлж бариулчихаад нэг саяас нэг сая 200 мянган төгрөгөөр зарж байгаа нь шударга бус учраас шалгах ёстой. Үүнтэй холбогдуулж нэг зүйлийг хэлэхэд Хөгжлийн банк хэрэв мөнгөтэйсэн бол хэдэн ажил хиймээр байгаа юм. Нэгдүгээрт, дөрөв, тавдугаар сар гээд Замын-Үүдийн гааль дээр орж ирэх гэж гацдаг цемент, арматур төмөр гээд барилгын чухал хэрэгцээтэй материалуудаа өвлийн улиралд татаж авдаг болмоор байна. Барилгын материалын бөөний сүлжээ байгуулаад хавар нэгдсэн журмаар үнийн өсөлтгүйгээр зарвал үнийг өсгөдөг,дамладаг, зам тээврээс болоод түгжигдээд үнэ нэмлээ гэх худал шалтгуудыг таслан зогсоож чадна шүү дээ. Манай улсад зургаахан сар барилга барьдаг. Үлдсэн саруудад засаг төр, барилгынхан ч ялгаагүй зүгээр суудаг. Үүний оронд барилгын материалаа л бэлтгэж байх ёстой юм.
-"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн явц өнөөдөр ямар байна вэ?
-"Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөр" түүний хүрээнд хэрэгжих "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн бэлтгэлийн үе шат өнөөдөр явж байна. Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан орон сууц барих ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооны дөрөв дэх хурал сая боллоо. Хурлаар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг эрчимжүүлэх, түүнтэй холбогдсон хэд хэдэн арга хэмжээн дээр тогтоол шийдвэр гаргуулахаар болсон.
Тухайлбал, зөвхөн төрийн албан хаагч гэж онцлолгүй жирийн иргэдийг ч урт хугацааны зээлд хамруулах шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдсон Орон сууц санхүүжилтийн корпорациар хэрэгжих орон сууцны санхүүжилтийн журам гарлаа. Хүний хөгжил сан болон тэтгэвэр, тэтгэмжээс орон сууцныхаа төлбөрт урьдчилгаа хэлбэрээр оруулж болно гэсэн нээлттэй заалт ч гарсан. Ингэснээр 100 мянган айлын орон сууцанд ард иргэд бүх нийтээрээ хамрагдах эрхзүйн орчин бүрдсэн. Хоёрдугаарт, Хөгжлийн банкны үйл ажиллагааг ч нэлээд эрчимжүүллээ. Гэхдээ арилжааны банкаар эхний ээлжийн зээлийг дамжуулна гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Уг нь ингэх хэрэггүй байсан юм. Хөгжлийн банк хөрөнгийн эх үүсвэрээ одоохондоо бүрдүүлж чадаагүй тул бүтээн босголтын энэ их ажилд арилжааны банкнуудыг өөрийн эрхгүй татан оролцуулсан байх гэж бодож байна.
-Гэхдээ үнийн талд зохицуулалт хийхгүй бол иргэдийн худалдан авах чадвар тулгамдсан асуудал хэвээр л байх болов уу?
-Хөтөлбөрийг нэгэнт ухралт байхгүйгээр хэрэгжүүлэх учраас орон сууцны үнийг хэрхэн зохицуулах вэ гэдэгт төр засаг гол бодлогоо барих ёстой. Үүний тулд эхлээд барилгын материалын үйлдвэрлэлийг яаралтай хөгжүүлмээр байна. Гадаадаас өндөр үнээр орж ирдэг барилгын материалыг Монголдоо үйлдвэрлэх, хоёр хөршид барилгын материалын үнэ өсөөгүй байхад энд өсгөдөг үзэгдлийг таслан зогсоох ёстой. Цаашилбал, барилгын материалын лабораторийг яаралтай ашиглалтад* оруулаад чанартай барилгын материал үйлдвэрлэх, оруулж ирэх хяналтын тогтолцоог шинэчилмээр байна. Мөн гэр хорооллыг орон сууцжуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажилгүй залууст барилгын мэргэжил эзэмшүүлж, байшин бариулаад, урт хугацааны зээлд хамруулах ёстой. Яагаад гэвэл, ажлын байртай хүнд л орон сууцны урт хугацааны зээл олгохоор заасан. Ингэж бүх нийтээр хөдөлбөл хөтөлбөр богино хугацаанд биеллээ олох боломжтой.
-Гэхдээ хөтөлбөр нэг л зогсонги байдалтай болчихлоо. Одоогоор баригдаж эхэлсэн, бэлэн болсон орон сууц байна уу?
-Арга хэмжээ авахгүй байсаар зогсонги байдалд оруулсан нь үнэн. Гэхдээ саяхан манай холбоо Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газартай хамтран нэгэн судалгааг улсын хэмжээнд хийлээ. Хувь хүмүүс болон барилгын компанийн мэдэлд байгаа.хөтөлбөрт хамруулах боломжтой хэчнээн айлын орон сууц баригдаж байна вэ гэдэг судалгаа юм. Энэ үеэр нийт 63 мянга орчим айлын орон сууц барьж эхэлснийг тогтоосон. Үүнээс хөтөлбөрт хамрагдах боломжтой буюу 50 ам.метр талбайтай, 50 сая төгрөгийн үнэтэй хоёр өрөө байр нь 17500 байна. Дээр нь "Шинэ Яармаг", "Буянт-Ухаа", Налайх, долдугаар хорооллыг нэмбэл 100 мянган айлын орон сууцыг барих боломж бүрэн байгаа. Ганцхан Хөгжлийн банк оройтсон ч гэсэн хурдан мөнгө босгох хэрэгтэй юм.
Ж.Сүрэн