Г.Баярсайхан: Засгийн газрыг шүүхэд өгнө
-Үндэслэл нь тодорхой байна. УИХ хууль баталчхаад байхад Засгийн газар түүнийг нь хэрэгжүүлэхгүй байна. Бүр энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх лобби их явагдлаа. Ингээд сүүлдээ гишүүд урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гээд санал оруулаад ирж байна. Ингэж болохгүй шүү дээ. Би хувьдаа урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлагчдыг ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа. Зургаан гишүүн ийм хуулийн төсөл санаачилсан байна лээ.Тэд ашиг сонирхлын зөрчилтэй болж таарч байна. Эдгээр гишүүн цаанаа уул уурхайн компанитай байх.
Тэр компанийнх нь эзэмшдэг талбай урт нэртэй хуулийн үйлчлэх хүрээнд багтсан учир ингэж эсрэг хууль санаачилсан байх гэхээс өөр аргагүй. Засгийн газар таван тэрбум төгрөгийн асуудлыг хаанаас, хэн гаргав гэдгийг тодруулах хэрэгтэй. Уул уурхайн компаниуд улсад хэдэн килограмм алт тушаасныг ч тодруулах шаардлагатай. Цаад жинхэнэ эзэд нь Засгийн газрыг хөдөлгөж байгаа. Ингэж асар их нөхөн төлбөр нэхэж байгаагийн эсрэгээр Засгийн газар, БОАЖЯ эдгээр компаниуд байгаль орчинд ямар хохирол учруулсныг бодитойгоор үнэлбэл их мөнгө гарна. Харамсалтай нь үүнд их хойрго хандаж байгаа.