Нийслэлчүүд Монголд үйлдвэрлэсэн автобусаар үйлчлүүлнэ
2011.12.02

Нийслэлчүүд Монголд үйлдвэрлэсэн автобусаар үйлчлүүлнэ

Нийслэлчүүд Монголд үйлдвэрлэсэн автобусаар үйлчлүүлнэ
ТОВЧХОН
  • Эх орондоо автобус үйлдвэрлэж, эхний бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн болсноо сэтгүүлчдэд өчигдөр танилцууллаа.
  • “Ж-800” маркийн 28 хүний суудалтай тус автобусыг Монгол Улсын зөвлөх инженер, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайханы санаачлагаар үйлдвэрлэжээ.
Эх орондоо автобус үйлдвэрлэж, эхний бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн болсноо сэтгүүлчдэд өчигдөр танилцууллаа.

Үүнийг “ERDU” ХХК гүйцэтгэж байгаа аж. Тус компанийнхан дэлхийд тэргүүлэх технологийн ололтыг Монгол Улсдаа хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, машин үйлдвэрлэлийн бааз суурийг бэхжүүлэхийг гол зорилтоо болгожээ. Эднийх Цахилгаан тээвэр компанитай хамтарч ажиллаж буй аж.


“Ж-800” маркийн 28 хүний суудалтай тус автобусыг Монгол Улсын зөвлөх инженер, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайханы санаачлагаар үйлдвэрлэжээ.


Автобусанд тоормосны шинэ систем суурилуулсан бөгөөд евро стандартын хурд сааруулах системтэй. Дөрвөн дугуйндаа дискэн тоормостой юм байна. Энэ нь одоо явж буй автобуснаас ялгарах давуу тал юм. Өөрөөр хэлбэл, хурдтай явах үедээ тоормослоход огцом зогсохгүй гэдгээрээ онцлог юм. Мотор нь мөн л евро стандартынх. Энэ нь түлш бага иддэг, утаа бага ялгаруулдаг гэсэн үг.


Одоогоор “ERDU” компани нь Цахилгаан тээвэр компанийн байранд байрлаж буй бөгөөд ирэх оны гуравдугаар сард өөрсдийн үйлдвэрээ барихаар төлөвлөжээ. Энд зөвхөн автобус үйлдвэрлэхээс гадна дунд оврын ачааны машин үйлдвэрлэх гэж буйгаа тус компанийн удирдлагууд хэлж байлаа. Одоогоор тус компанид 60 гаруй хүн ажиллаж байгаа. Үйлдвэр ашиглалтад орсон үед дээрх тоо хоёр дахин өснө гэдгийг компанийнхан дуулгалаа.


Түүнчлэн инженер техникийн ажилчдаа ОХУ, БНХАУ, Япон зэрэг улсын ижил төстэй байгуулагуудад дадлага хийлгэж сургалтад хамруулах зорилттой юм байна. Эдгээр улсуудаас машин үйлдвэрлэлийн чиглэлээр мастер багш, инженер техникийн ажилчдыг урьж үйлдвэрлэлийн дадлага туршлага хийлгэж дэлхийн төвшний мэдлэг, ур чадвартай инженер техникийн ажилчдыг бэлтгэхийг гол зорилгоо болгодог хэмээн онцоллоо.


Түүнчлэн төр, засгаас тодорхой дэмжлэг үзүүлж машин үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийж буй манай компанийг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна гэдгээ ч мөн илэрхийлэв. Улсдаа өөрсдөө техник технологио үйлдвэрлээд татварын хөрөнгөө өөрийн орондоо шингээх нь чухал. Тиймээс компанийнхан дотоодын зах зээлээ гадныханд алдах биш өөрсдийн гараар эх орондоо үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой гэлээ.


Автобусыг хийж гүйцэтгэсэн “ERDU” ХХК-ийн Автобусны Үйлдвэр ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Монголдоо автобус үйлдвэрлэх санааг анх хэзээ гаргасан бэ?
-Хоёр, гурван жилийн өмнөөс бодож байсан. Нийтийн тээврээ яагаад бид өөрсдөө хийж болохгүй гэсэн санаа анх төрсөн. Байнга л гаднаас автобус авдаг шүү дээ. Хэдэн жилийн өмнө Солонгос Улсаас автобус авч байсан. Тэр үед л анхны санаа орж ирсэн. Тэгээд судалгаа хийж эхэлсэн. Тухайн үед Тээврийн яамны таних мэдэх хүмүүсээс асууж ямар шугамаар яаж хийж болох боломж байгааг судалсан.

-Техник технологио гаднаас аваад энд зөвхөн угсралтын ажлаа хийж байгаа юм уу?
-Угсралт хийж байгаа. Бүгдийг нь гаднаас оруулж ирээгүй. Зарим төмөр хийц технологийг өөрсдийн гараар угсарч хийсэн. Харин мотор дугуй зэргийг өөрсдөө хийнэ гэдэг боломжгүй. Тийм учраас гаднаас авах нь ойлгомжтой. Бусад бүх зүйлээ манай ажилчид өөрсдөө хийж байгаа.

-Үйлдвэрийг хэзээнээс эхлэн барьж үйл ажиллагаагаа эхлэх вэ?
-Ирэх гурван сараас барилгын ажлаа эхлүүлнэ. Жилийн дотор барих байх.

-Төр засгаас дэмжиж байна уу?
-Төр засгаас мэдээж дэмжиж байгаа. Одоо Автотээврийн газартай хамтарч ажиллаж байна. ЗТБХБЯ-д саналаа хүргүүлсэн. Үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа маш сайхан хүлээж авч байгаа. Хамгийн гол нь бидэнд тодорхой шаардлагууд тавьдаг. Тэр шаардлага стандартуудын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

-Нэг автобусыг хэдэнд төгрөгт багтааж хийж байна вэ?
-Манайх импортоор автобусыг 120-150 мянган ам.доллараар авч байгаа. Үүнээс хямд тусна.
Нийтлэлч
Д.Ангараг
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.