Элчин сайд нарын гуравдугаар уулзалт боллоо
2011.11.25

Элчин сайд нарын гуравдугаар уулзалт боллоо

Европын холбооны гишүүн орнууд
ТОВЧХОН

Монгол Улсын Гадаад харилцааны яам Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамтай хамтран Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын гуравдугаар уулзалтыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад Европын Холбоо болон түүний 22 улсын гишүүн орнуудын төлөөлөл болох Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Элчин зөвлөх, Зөвлөх зэрэг төлөөлөгчид айлчилсан бөгөөд өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй хэмээн уулзалтад оролцсон дипломатчид онцлож байжээ.


Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их Хурлын Дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нарт тус бүр бараалхаж, Гадаад харилцааны дэд сайд Б.Болортой уулзан Монгол Улс, ЕХ-ны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Уулзалтуудын үеэр Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг эцэслэн байгуулах, Монгол Улсыг ЕХ-ны “зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулах”, ЕХ-ны GSP+ хөнгөлөлтийн ерөнхий схемийг үр ашигтай хэрэгжүүлэх, ашиглах зэрэг хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар талууд харилцан санал, мэдээлэл солилцсон болно. Түүнчлэн Монголын тал ЕХ-ны Элчин сайд нарт манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, уул уурхайн салбарт хийгдэж буй ажил, хэрэгжүүлж буй бодлого болон сүүлийн үеийн үйл явдлыг танилцууллаа.

Европын Холбоо нь Монгол Улсын гуравдагч хөрш байх хүсэлтэй байгаагаа албан ёсоор дахин илэрхийлж, энэхүү гуравдагч хөршийн хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв. Энэ жил ЕХ нь Монгол Улсад анхны Элчин сайд томилсны 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд энэ хугацаанд манай улсад шилжилтийн хэцүү үе, бэрхшээлийг даван туулахад туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж байгаагаа Монголын тал илэрхийлсэн байна.

Мөн үеэр ЕХ-ны төлөөлөгчид ГХЯ, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан “Монгол Улс болон Европын Холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт уулзалтад оролцож, Монголын бизнесийн төлөөлөгчидтэй уулзан Европын Холбооны гишүүн орнууд руу манай улсын аж ахуйн нэгжүүдийн экспортлодог, цаашид экспортлох боломжтой бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцжээ.

Хамтын ажиллагааны чухал механизм болсон энэхүү уулзалтыг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг болох ажээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.