"Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй"
2011.11.24

"Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй"

olon-humuus-tamgalsan
"Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй"
ТОВЧХОН
  • 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.
  • Өмнө нь энэ л хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан.
Эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хувь, хэмжээг Засгийн газраас шинэчлэн баталсан. Энэ талаар НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн гэх юм. Яагаад ингэж нэмэх болов?
-Иргэд ташаа ойлгосон бололтой. Иргэдээс авах эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдээгүй. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг жил бүр Засгийн газар тогтоодог. Үүний дагуу Засгийн газар энэ сарын 16-ны хуралдаанаараа эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.
Үүнд ирэх онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрөв, үүнээс ажил олгогч болон ажилтан буюу даатгуулагч өөрөө хариуцан төлөх нь тус бүр хоёр хувь байна гэж заасан. Өмнө нь энэ л хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны төлөх шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөөгүй гэсэн үг.

-Бусад даатгуулагчдын төлөх шимтгэлийн хэмжээг яаж тогтоосон бэ?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан иргэн буюу төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол сард 670 төгрөг буюу жилдээ 8040 төгрөг төлж эрүүл мэндийн даатгалд даатгуулах юм. Энэ нь мөн л 2011 оны хэмжээг хэвээр тогтоосон гэсэн үг.
-Тэгвэл яг ямар шимтгэл нь нэмэгдсэн юм бэ?
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар ямар нэг байгууллагад ажилладаггүй гадаадын иргэн, харьяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулж болдог. Тэдний сард төлөх шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зургаан хувьтай тэнцүү буюу 8424 төгрөг байхаар баталлаа. Энэ нь 2011 онд мөрдөж байсан хэмжээнээс сардаа 3064, жилдээ 37.648 төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.
Нийтлэлч
В.Нэргүй
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.