Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны төсвийн төсөлтэй холбогдуулан саналаа УИХ-ын даргад албан бичгээр илгээлээ
2011.11.22

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны төсвийн төсөлтэй холбогдуулан саналаа УИХ-ын даргад албан бичгээр илгээлээ

ТОВЧХОН
  • Улсын төсвийн зарлага санхүүжилтийн бодлогод шинэчлэл, шинэ сэтгэлгээ хэрэгтэй байн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын 2012 оны төсвийн төслийг хэлэлцэн батлахтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлд өөрийн саналыг албан бичгээр өнөөдөр хүргүүллээ.  Албан бичигт “Улс орны эдийн засгийн өсөлт, нэн ялангуяа уул уурхайн салбар өргөжин тэлж байгаатай холбогдуулан Улсын төсвийн цар хэмжээ үлэмж хэмжээтэй нэмэгдэж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан 2012 оны төсвийн төслийн орлого өнгөрсөн оныхоос 2 дахин их байхаар байгаа юм. Өсөлт тэлэлтийн ийм хандлага цаашид ч улам бүр нэмэгдэхээр байна. Өсөлт тэлэлтийг хөгжил дэвшил болгох зөв бодлого үгүйлэгдэж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй орлогыг улам бүр арвижуулах, энэ орлогын менежментийг үр ашигтай зөв авч явах шаардлага өнөөдөр юу юунаас илүү хэрэгтэй байна. Улсын төсвийн зарлага санхүүжилтийн бодлогод шинэчлэл, шинэ сэтгэлгээ хэрэгтэй байна. Татвар төлөгчдийн мөнгийг хамгийн нэн тэргүүний, үр өгөөжтэй арга хэмжээнд зарцуулахыг гол болгосон, хөтөлбөрт суурилсан төсвийн санхүүжилтийн шинэ тогтолцоог эрүүл мэнд, боловсролын салбарт ирэх оноос хэрэгжүүлэх талаар тодорхой бодлого гаргаж эдгээр салбарт хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шаардлагатай түвшинд аваачих зүй ёсны шаардлага гарч байна. Нэн ялангуяа иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэх орчин, нөхцөл байдлыг сайжруулах үүднээс хүүхэд багачуудын цэцэрлэг, яслийг олноор байгуулах зорилгоор “Цэцэрлэг” хөтөлбөрийг боловсруулж үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх шаардлага гарч байгаад анхаарал хандуулах хэрэгтэй байна. Энэхүү арга хэмжээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн арга хэлбэрийг түлхүү ашиглах нь зүйтэй. Улсын хөрөнгө оруулалтаар дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдийг энэхүү төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй байна.

 

Нийтийн биеийн тамир спорт, соёл урлагийг дэмжих нэн ялангуяа биеийн тамир спортын иж бүрэн цогцолборууд, үндэсний цэнгэлдэх хүрээлэн, театр, галерей, номын сан барьж байгуулах чиглэлээр жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цаашдаа үлгэр жишээ болох шинэлэг бөгөөд томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлж байхад анхаарал хандуулах хэрэгтэй. Хөдөө орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн үйлчилгээг иж бүрэн шийдсэн барилгууд, үйлчилгээ бүхий шинэ сумын төвийн жишиг загвар стандартуудыг бий болгох нь зүйтэй байна. Орон нутагт эрх мэдэл шилжүүлж, иргэдийн оролцоог орон нутгийн төсвийн харилцааны гол цөм болгох бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдийн оролцооны боловсролыг дэмжих чиглэлээр тодорхой хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Улсын Их Хурлын 2012 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан дараах саналыг УИХ-д хэлэлцэн шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 261 дүгээр тогтоолоор 2012 оны төсвийн хязгаарыг батлахдаа Улсын Дээд шүүхийн Төсвийн Ерөнхийлөн захирагч, Ерөнхий шүүгчийн төсвийн багцад Улсын Дээд шүүхийн шинээр баригдах барилгын хөрөнгө оруулалтад зориулан 10,0 тэрбум төгрөг тусгасныг УИХ-д өргөн барьсан төсвийн төсөлд Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад шилжүүлсэн байгаа нь “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтыг зөрчсөн байх тул Улсын Дээд шүүхийн шинээр баригдах барилгын 10,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг Улсын Дээд шүүхийн Төсвийн Ерөнхийлөн захирагч, Ерөнхий шүүгчийн 2012 оны төсвийн багцад буцаан нэмж тусгах,
  2. Монгол угсаатан, Монгол судлалыг дэмжих арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны төслүүд хэрэгжүүлэх, судлаачдын бүтээлийг олон нийтийн хүртээл болгох зэрэг арга хэмжээнд зориулан Шинжлэх ухаан, технологийн сангийн 2012 оны төсөвт 370 сая төгрөг нэмж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад тусгах,
  3. сааруулах, орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан иргэдийн оролцоог дэмжих арга хэмжээнд зориулж 150 сая төгрөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны төсвийн багцад нэмж тусгах,
  4. Батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны цогцолборын барилгын хөрөнгө оруулалтад 1,9 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжид 500,0 сая төгрөгийг Батлан хамгаалах сайдын 2012 оны төсвийн багцад тус тус нэмж тусгах,
  5. Хөдөө орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн үйлчилгээг шийдвэрлэсэн загвар барилгууд бүхий хөгжлийн “Шинэ сум”-ын төвийн стандарт, загвар бий болгох зорилгоор судалгаа тооцоо хийх ажлыг 2012 оноос эхлүүлэх шаардлагатай байгааг анхаарах,
  6. Хүүхэд багачуудын цэцэрлэг, яслийг хот, хөдөө орон нутагт байгуулах зорилго бүхий “Цэцэрлэг” үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулах, зураг төсөл, төсвийг зохиоход зориулан 3,0 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад тусгах,
  7. Биеийн тамир спортын иж бүрэн цогцолборууд, үндэсний цэнгэлдэх хүрээлэн, театр, галерей, номын сан барьж байгуулах зураг төсөл, төсөв зохиоход зориулан эхний ээлжинд 1,5 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад тусгах,

 

Эдгээр саналуудыг “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн 25-дугаар зүйлийн 25.12 дахь заалтыг баримтлан нэг бүрчилэн хэлэлцэн санал хураалган шийдвэрлүүлэхийг хүсье” гэжээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.