“Гамшгийн үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт сургалт эхэллээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй “Гамшгийн үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт сургалт өнөөдөр эхэлж байна. Энэ сургалтад Нийслэлийн онцгой байдлын газар хамтран оролцож мэргэжлийн удирдлагаар хангах юм байна.
Гамшгийн үед эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн удирдах ажилтны чадавхийг нэмэгдүүлэх, хариуцсан ажилдаа санаачилгатай хандах, гамшгийн үед шаардлагатай мэдээ мэдээллийг хурдан шуурхай боловсруулж, удирдлагыг мэдээллээр хангах үйл ажиллагаанд сурган дадлагажуулахад энэ сургалтын ач холбогдол орших төдийгүй, нөхцөл байдалтай холбож үзвэл цаг үеэ олсон гэж үзэж байна. Сургалтад хамрагдсанаар Та бүхний гамшиг, байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа сайжирч, болзошгүй гамшгийн үед нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлын түвшин дээшилнэ гэж найдаж байна гэж Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссийн дарга М.Энхболд хэлэв.
Улаанбаатар хотын хувьд улсын нийт хүн амын тал хувь амьдарч байгаа. Хотын нийт барилгажилтын талбайн 25 хувь нь 6 балл, 52 хувь нь 7 балл, 23 хувь нь 8 баллын газар хөдлөлтийн бүсэд хамрагддаг нь хүчтэй газар хөдлөлт болбол үлэмж хэмжээний хохирол амсах эрсдэлтэйг нотолж буй юм. Ийм учраас газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх, хөдөлсөн тохиолдолд учирч болох хор хөнөөлийг багасгах, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Энэ ч үүднээс сургалт зохион байгууллаа. Сургалтын үр дүнд гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, удирдах ажилтнуудын мэдлэг, дадал сайжирч бэлэн байдлын түвшин дээшилнэ гэж үзэж байна. 2 өдөр үргэлжлэх сургалтын нээлтэд Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М. Энхболд, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С. Ламбаа, Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Р.Виват болон бусад албаны хүмүүс оролцов.
Vip76.mn