Авлигатай тэмцэх газрын дарга нарыг томиллоо
2011.11.17

Авлигатай тэмцэх газрын дарга нарыг томиллоо

ТОВЧХОН
  • .Ганболдыг 94,8 хувийн саналаар, Б.Хурцыг 93,1 хувийн саналаар гишүүд дэмжлээ.
УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшүүлсэн цагдаагийн хурандаа Н.Ганболд, дэд даргад нэр дэвшүүлсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц нарын асуудлыг авч хэлэлцээ. Нэр дэвшигчдийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Одбаяр нар танилцуулав.

Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Ганхуяг:

-Монгол Улсын өнөөгийн авлигын асуудал, авлитай тэмцэх эрх зүйн орчныг судалж үзэв үү. Өнөөдөр авлигын индекс ухарсан үзүүлэлттэй байгаа. АТГ байгуулагдсан цагаас хойш удирдлагууд нь янз бүрийн асуудалд орж байна. Тус газрын үйл ажиллагаа тааруу байгаа. АТГ-ын дэргэдэх иргэний зөвлөлтэй хэрхэн уялдаж ажиллах вэ.

Нэр дэвшигч Н.Ганболд:

- АТГ-ын нөхцөл байдлыг нарийн судлаагүй байна. Монгол Улсад АТГ-ын нөхцөл байдал, авилгын индекс өмнөхөөс ухарсан гэдэгтэй санал нэг байна. Авлигын эсрэг хууль, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн конвенцийг тодорхой хэмжээнд судалж үзсэн. Цаг хугацаа бага байсан учир тодорхой тоо баримт хэлэх боломжгүй байна. Авлигтай тэмцэхэд хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлага бий. Тодорхой цаг хугацааны дараа хариулт өгөх болно. АТГ-ын дэргэдэх зөвлөлтэй хуулийн хүрээнд хамтарч ажиллана.

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг:

- Авлигын эсрэг хуулиар тухайн байгууллагын дарга, дэд даргыг томилоход тодорхой шаардлага байдаг. Нэр дэвшигчдийн тайлбарласнаар цаг тулсан томилгоо хийх саналыг хаанаас тавьсныг хэлж өгнө үү. Нэр дэвшигчид улс төр, намын харьяалал, фракцид байв уу гэдэгт хариулт өгнө үү.

Ерөнхийлөгчийн ТГ-ын дарга Д.Баттулга:

-Авлигын эсрэг хуулийн 19-ийн 2-р зүйлд АТГ-ын удирдлагыг томилох 3 шаардлага бий. Энэ шаардлагуудыг хоёр нэр дэвшигч хангасан. Хуулиа мэддэг, энэ ажлыг гүйцэтгэх чадвартай. Саналыг Ерөнхийлөгч гаргаж санал тавьсан.

Нэр дэвшигч Н.Ганболд:

-Ямар нэг улс төрийн харьяалалгүй. Нам бус. АТГ-ын даргын асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө уулзаж санал тавьсан.

Нэр дэвшигч Б.Хурц:

-Нам бус. Төрийн албан хаагч. Ямар нэг намын харьяалалгүй.

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:

-Хоёр нэр дэвшигчийн хувьд боломжийн гэж үзэж байгаа. Учир нь хууль, хяналтын байгууллагад ажилласан туршлагатай хүмүүс. Намуудын шахалтаар мөрдөн байцаалт явуулж байгаад дээрээс зогсоодог байдал, төрийн өмч идсэн хулгайч нартай цаашид яаж тэмцэх вэ. АТГ байгуулж дарга нарыг нь томилсон ч тус байгууллагын ажил маш их мунгисан байдалд байна. АТГ-ын мөрдөн байцаагч нарын ажиллах нөхцлийг сайжруулах хэрэгтэй юм билээ. Монгол Улсад авлига хавтгайрсан гэдэгтэй санал нэг байна уу.

Нэр дэвшигч Н.Ганболд:

-Тулгарах саад бэрхшээлийг давж ажиллана.

Нэр дэвшигч Б.Хурц:

-Хуулийн дагуу ажиллана.

УИХ-ын гишүүн Я.Батсуурь:

-Монгол Улсыг хөгжин дэвжихэд гай болж байгаа зүйл бол авлига. Иргэд шударга бус үйл явдал, авлигад илүү их бухимдаж байна. АТГ-ын түрүү түрүүчийн үйл ажиллагаанд тодорхой зүйл илрүүлээгүй. Та бүхэн ажлаа шуурхай, дээрээс нь эхлээрэй. Улс төрийн нөлөөнд битгий автаарай, шударга ажиллаарай.

УИХ-ын гишүүн Д.Арвин:

-Мэргэжлийн өндөр чадвартай, туршлагатай хүмүүсийг нэр дэвшүүлж байгааг зүйтэй гэж үзэж байна. Сүүлийн үед Монгол Улсын төрийн нэр хүнд унаж байгаа нь авлигын асуудалтай холбоотой. Дунд шатнаас маш их гомдол ирж байгаа. Сонгууль дөхөхөөр бие биеэ их матаж байгууллагын дарга нарыг ажил хийлгэхгүй байгаа. УИХ-ын гишүүдийн нэр дээр маш их өргөдөл ирж байна. Бие биеэ матсан бүлгэрхсэн асуудал сүүлийн үед их гарах болсон. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Ламбаа:

-Түргэн шуурхай баталсан Авлигын эсрэг хууль концепцийн хувьд ер нь ямар байна вэ. Авилга, хээл хахууль, шан харамжийг ялгаж салгаж хуулинд өөрчлөлт оруулахад анхаараач. АТГ-т ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүнд асар хүнд байгаа. Том жижиггүй авлигын асуудал ярьж цаг нь болохоор хэлнэ гээд байна. Мэдээд байгаа хүмүүсээс тэр зүйлийг нь мэдэж авч болдоггүй юмуу.

 

Ингээд асуулт, хариулт дууссаны дараа нэр дэвшигчдийг томилох санал хураалт явуулж Н.Ганболдыг 94,8 хувийн саналаар, Б.Хурцыг 93,1 хувийн саналаар гишүүд дэмжлээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.