Итали улсаас туршлага судалж байна
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар тэргүүтэй танилцах аялалын баг 2011 оны 11-р сарын 10-наас 17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад албан айлчлал хийж байна. Багийн бүрэлдэхүүнд бүх аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцож Итали улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалыг судалж байгаа аж.
Уулзалтын үеэр Бергамо хотын эмнэлгийн ерөнхий захирал Др. Карло Никора, Др. Габриелла Борги болон Проф. Лучиано Брескиани нар хоёр орны эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар болон өөрийн орны эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэл тавьсан. Ломбарди мужийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд цахим эрүүл мэндийн үйлчилгээ, алсын зайн оношилгоог нэвтрүүлэх төслийг маш амжилттай хэрэгжүүлж, зүрх судасны өвчтэй иргэдийнхээ эрүүл мэндийн хяналтыг эрс сайжруулан тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлж, төсөв зардлыг хэмнэх боломжийг бүрдүүлэн ажилладаг байна
Улаанбаатар хотод шинээр баригдаж, удахгүй ашиглагдаж эхлэх Үндэсний оношилгооны анхны төвийн үйл ажиллагаанд алсын зайн оношилгоог нэвтрүүлэх барилга, инженер техник, тоног төхөөрөмж, хүний нөөцийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа энэ үед Ломбарди мужийн эрүүл мэндийн салбарынхнаас сурч мэдэж авах зүйл их аж.
Айлчлалын баг Итали улсад ажиллах хугацаандаа Женова хотын эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмжийн “Эсаотэ” компанийн үйл ажиллагаа, Вимэркэйт хотын шинэ эмнэлгийн хог хаягдлын менежмент, Бергамо хотын эмнэлгийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой танилцан судалжээ.Vip76.mn