Ерөнхийлөгч шинээр хоёр төсөл санаачилж УИХ даргад өргөн барилаа.
2011.11.16

Ерөнхийлөгч шинээр хоёр төсөл санаачилж УИХ даргад өргөн барилаа.

ТОВЧХОН
  • Ерөнхийлөгчөөс Шүүхийн шинэтгэлийн хүрээнд УИХ-д өргөн барьж буй юм.

Монгол улсын Ерөнхийлөгчөөс “Хуульчийн эрх зүйн байдлын тухай” болон “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөл санаачилсаныг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өргөн барьлаа. “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”- нь Ерөнхийлөгчөөс Шүүхийн шинэтгэлийн хүрээнд УИХ-д өргөн барьж буй юм. Хуулиар хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх, хуульчдын БАР-ын /BAR/ тогтолцоог Монголд нэвтрүүлэх, хуульчийн шалгалт, тусгай зөвшөөрөл, давтан болон үргэлжилсэн сургалт, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ зэрэг уялдаа холбоо бүхий нэгдсэн тогтолцоо болон хуульчдын мэргэжлийн нэгдсэн стандарт, хариуцлагын шинэ зохицуулалтыг бий болгохыг зорьсон юм байна. Хуулиар төрөөс хараат бус Хуульчдын танхим байгуулах эрх зүйн үндсийг бий болгожээ.

 

Энэхүү байгууллага нь гишүүнчлэлтэй байх бөгөөд мэргэжлийн шалгалт авах, тусгай зөвшөөрөл олгох, сургалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, хууль зүйн сургуулиудыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран магадлан итгэмжлэх зэрэг эрх үүрэгтэй байхаар заасан байна. Мөн шүүн таслах үйл ажиллагаанд оролцох эрхтэй өмгөөлөгчийн статус, үйл ажиллагааг зохицуулсан байна. Хуульчийн нэгдсэн лицензийн тогтолцоог бий болгож үйл ажиллагааны стандарт, хариуцлагын тогтолцоог тодорхой болгожээ.

 

Энэ хуультай хамт өргөн барьсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг” хоёр жилийн турш судлан боловсруулсан байна. Иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаатай хангах нөгөө талаар хариуцлагатай хэрэгжүүлэхэд энэхүү хуулийн зорилго нь оршиж байгаа юм. Хуулиар иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг төрөөс хангах, хэвлэл мэдээллийн байгууллага, редакцийн бие даасан хараат бус байдлыг баталгаажуулах, төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглох, мэдээллийн эх сурвалжийн нууцлал, хэвлэл мэдээллийн байгууллагад хориглох зүйлс болон иргэн хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх асуудлуудыг зохицуулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүгийн болон Иргэний хуулийн зарим заалтыг хүчингүй болгох саналыг мөн боловсруулсан байна. Ерөнхийлөгчөөс өргөн барьж байгаа энэхүү хууль нь Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуультай зарим концевцийн зөрүүтэй бөгөөд энэ хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэх эсэхийг УИХ шийдэх юм.

Дээрх хоёр хуулийн төслийг боловсруулахдаа Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аар удаа дараа хэлэлцүүлж, гадаад орны туршлагыг судлан мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын санал зөвлөмжүүдийг тусгасан байна.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.