Хүнсний захууд шалгалтад бүдэрлээ
2011.11.11

Хүнсний захууд шалгалтад бүдэрлээ

Хүнсний захууд шалгалтад бүдэрлээ
ТОВЧХОН
  • Шалгалтанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний бөөний худалдаа эрхэлдэг 218 аж ахуй нэгж, иргэд хамрагдахаас 224 нэгж үүнээс хүнсний бөөний төв 57, гэрээт борлуулагч 6 компанийн 151 салбар, лангуу түрээслэгч 16 иргэн хамра
  • Нийслэлд хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтанд 8 бөөний төв, 9 худалдааны төв, 26 супермаркет, хүнсний 5 дэлгүүр нийт 48 газар хамрагдсан байна.
Хүнсний аюулгүй байдал хурцаар яригдах болсон, хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөл эрс нэмэгдсэн энэ үед хүнсний бөөний төвүүд, дэлгүүрүүдийн үйл ажиллагаа стандартын шаардлагад 100 хувь нийцсэн, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан байх шаардлагатай. Гэтэл МХЕГ-аас хийсэн нэгдсэн шалгалтаар толгой дараалан “эрүүл ахуйн шаардлага хангаагүй” “чанар, аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй” гэсэн тодорхойлолтуудыг хүртжээ.

МХЕГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүнсний бөөний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хадгалалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Шалгалтанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний бөөний худалдаа эрхэлдэг 218 аж ахуй нэгж, иргэд хамрагдахаас 224 нэгж үүнээс хүнсний бөөний төв 57, гэрээт борлуулагч 6 компанийн 151 салбар, лангуу түрээслэгч 16 иргэн хамрагдав. Нийслэлд хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтанд 8 бөөний төв, 9 худалдааны төв, 26 супермаркет, хүнсний 5 дэлгүүр нийт 48 газар хамрагдсан байна.

Шалгалтанд хамрагдсан хүнсний бөөний худалдааны төвүүдэд салбарын 9 хууль тогтоомж, стандартын 33 заалтын хэрэгжилт улсын хэмжээнд дунджаар 45.0 хувьтай байгаа нь хангалтгүй буюу хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал алдагдах өндөр эрсдэлтэй гэж дүгнэгджээ. Нийт газрыг 1.11 дугаарын “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад 31 бөөний төв буюу 13.8 хувь нь их, 64 буюу 28.6 хувь нь дунд, 129 буюу 57.6 хувь нь бага, эрсдэлийн түвшин 32.5 хувьтай ба дунд эрсдэлтэй байна.

Тухайлбал, шалгалтанд хамрагдсан 16 аймгийн 186 бөөний төв нь түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, боловсруулсан махан бүтээгдэхүүн болон жижиглэн савласан бууз, банш, өндөг, шувууны мах, сүү, сүүн болон кремтэй бүтээгдэхүүнийг ачиж буулгах, хадгалах, тээвэрлэх явцад стандарт, технологийн шаардлагыг хангадаггүй, гадны орчны нөлөөллөөс хамгаалах тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, 50.9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй байсан нь тогтоогдсон байна. Хүнсний бөөний төвүүдийг хяналтын хуудсаар дүгнэж, үнэлгээ өгөхөд 29.7 хувь нь цонх нь тоос шороо, шавьж нэвтрэх боломжтой, 37.4 хувь нь агааржуулалтын системгүй, 46.5 хувь цэвэр, бохир ус нь хэсгийн шугам сүлжээнд холбогдоогүй, 41.8 хувь нь гар угаалтуургүй, 33.6 хувь нь худалдаа үйлчилгээний ажиллагсад ажлын дүрэмт хувцсыг угааж, хэрэглэдэггүй, 63.8 хувь нь ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр сургалтанд хамрагдаагүй, 47.0 хувь нь хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг хийлгэж, бүртгэл хөтөлдөггүй гэж дүгнэгджээ.

Мөн хүнсний бөөний төвүүдийн 20.6 хувь нь лангуу, тавиур, хөргөгч, хөлдөөгч, багаж, тоног төхөөрөмжийг угааж, цэвэрлэдэггүй, 26.2 хувь нь мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээгүй буюу баталгаагүй мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн борлуулдаг, 32.0 хувь нь бараа бүтээгдэхүүнийг бохирдохоос хамгаалж, тавцан, тавиур дээр хурааж, хадгалдаггүй, 32.8 хувь нь мал амьтны гаралтай, кремтэй бүтээгдэхүүнийг 20С-ээс дээшгүй температурт хадгалж, борлуулдаг, температурыг хянадаггүй, 53.2 хувь нь хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүнийг тусад нь агуулахад хадгалж, борлуулахыг хориглосон тэмдэглэгээ хийгээгүй байсан байна. Нөхцөл байдал ийм байхад Сүхбаатар, Орхон аймгуудаас бусад аймгууд нь өнөөг хүртэл чанар шалгагчгүй, бараа бүтээгдэхүүний татан авалт болон хадгалалт, тээвэрлэлтэнд тавих дотоодын хяналт сул байсаар байгааг байцаагчид шүүмжилжээ.

Шалгалтын явцад энэ мэтчилэн 1717 зөрчил илрүүлснээс газар дээр нь 919 буюу 53.5 хувийг нь арилгуулж, илэрсэн зөрчилтэй холбогдуулан 67 обьектын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоон, 3012.3 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын орлого болгосон байна. Мөн хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 7397.0 мянган төгрөгийн хүнсийг хураан авч, холбогдох газарт нь шилжүүлж, 194 аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнд 9664.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ авч барагдуулжээ.

Аймаг, нийслэл, сумдын Засаг дарга нарт “Хүнсний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн дагуу хүнсний хангамж аюулгүй байдлын талаар тодорхой бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Хүнсний бөөний төвийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийтийн бие засах газрыг бодлогын түвшинд шийдвэрлүүлэх, ТҮЦ-ийг татан буулгаж, шаардлага хангасан ажлын байр бий болгох, Хүнсний захыг цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбуулах, зориулалтын тээврийн хэрэгсэлтэй болох, орчны тохижилт, цагийн хуваарь, хаягийг шинэчлэх талаар МХГ-ын удаа дараагийн албан даалгавар, албан шаардлагаар хугацаатай үүрэг өгчээ.

Нийслэлийн “Нарантуул”, “Хархорин”, “Барс-1” худалдааны төвд 2008-2010 онуудад төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналтыг 21 удаа явуулж, нийт давхардсан тоогоор 3036 зөрчил илрүүлэн газар дээр нь 36.3 хувийг арилгуулж, 86 аж ахуйн нэгж байгууллага, 34 албан тушаалтан 418 иргэнд 13600.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ авч, барагдуулан, хугацаа дууссан чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон нийт 436 нэрийн 2764.0 мян.төгрөгийн бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 8 акт үйлдэн, холбогдох газарт нь шилжүүлсэн байна.

Улсын байцаагчдын гаргасан дүгнэлтээс харвал, хамгийн гол худалдааны эрх зүйн зохицуулалт хангалтгүй буюу байхгүйгээс чанар, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангахгүй хүнсний болон хүнсний биш бараа, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж, зарим тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсгээд байгаа аж. Тийм ч учраас хяналт шалгалт нэлээдгүй хийдэг ч бодит үр дүн хангалтгүй, зөрчил дутагдал бүрэн таслан зогсоогдохгүй байгаа гэж болохоор аж. Тэгэхээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, дотоод хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн эрх зүйн орчинг яаралтай бий болгох, 1.11 кодтой “Худалдаалах үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудсанд худалдааны газруудад мөрдөх дотоод хяналт, худалдаа, үйлчилгээний технологи ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчин, тэдгээрийн сургалтын талаархи асуудлыг тусгах нэн шаардлагатай болоод байгаа юм байна.
Нийтлэлч
Н.Туяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.