Орчин үеийн гарааш барих газруудыг товложээ
2011.11.11

Орчин үеийн гарааш барих газруудыг товложээ

Орчин үеийн гарааш барих газруудыг товложээ
ТОВЧХОН
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс орон сууцны хороолол доторх төмөр болон тоосгон гараашуудыг цэгцлэн, газар ашиглалтыг сайжруулж, орчин үеийн тохилог гарааш, хотын төвийн төвлөрсөн хэсэгт авто зогсоол байгуулна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс орон сууцны хороолол доторх төмөр болон тоосгон гараашуудыг цэгцлэн, газар ашиглалтыг сайжруулж, орчин үеийн тохилог гарааш, хотын төвийн төвлөрсөн хэсэгт авто зогсоол  байгуулна. Тус төслийг тухайн орчны оршин суугчид болон авто зогсоол ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэг оролцоотойгоор хэрэгжүүлэх аж. Иргэдэд одоогийн зах зээлийн ханшнаас бага  үнээр дулаан гарааш түрээслүүлэх, худалдах, айл өрхийн автомашины аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан галын системтэй, бүх талаас нь камержуулсан хамгаалалтын  төхөөрөмжтэй мөн дээд талд нь  хүүхдийн тоглоомын талбайтай байх зэрэг сүүлийн үеийн стандартад нийцүүлэн барих юм. Энэ талаар Нийслэлийн газрын албаны менежментийн хэлтсийн архитектор А.Буяндэлгэрээс тодрууллаа.
-Шинэ гарааш барих төсөл хэзээнээс хэрэгжих вэ?
-Нийслэлд хүн амын нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж' байгаа. Энэ хэрээр орон сууцанд амьдардаг айл өрхийн олонх нь нэгээс хоёр автомашинтай болжээ. Айлууд автомашинаа хамгаалах, агуулах, гарааш байхгүйн улмаас жилийн дөрвөн улиралд гадаа хонуулж хулгайд эд ангиа алдаж, эд хөрөнгөөрөө хохирох болсон. Зуны улиралд гадаа машин бөөгнөрч, өндөр настан болон хүүхдүүд тоглох, салхилах, амрах талбай байдаггүй. Мөн ихэнх тохиолдолд машины дуу чимээ, дохиолол хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Олон шалтгааныг судалсаны үндсэн дээр энэхүү төслийг эхлүүлсэн. Хамгийн гол нь энэ ажилд иргэдийн оролцоо, дэмжлэг маш чухал байна.
-Эхний ээлжид хаана барих вэ?
-Нийслэлийн долоон дүүрэгт эхлүүлэхээр товлоод байгаа. Дүүрэг бүрийн гурваас дөрвөн хороонд барихаар төлөвлөсөн. Жишээлбэл Баянзүрх дүүргийн XVI, XVIII хороо 74 дүгээр байрны хойд талд хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доор гарааш барих юм.
-Хүүхдийн тоглоомын талбай болон гараашийг ямар байгууллага барих вэ. Чанарын хувьд хэр баталгаатай барих бол?
-Эхлээд тухайн гарааш барих газруудыг судалж үзээд, дараа нь мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцэнэ. Гарааш барихад бэлэн болсон тохиолдолд ажлаа эхлүүлнэ. Үүний дараа барилгын компанид заавар зөвлөгөө өгөх юм. Шугам сүлжээ, галын аюулгүй байдал, техникийн тал дээр байнга хяналт тавьж ажиллана.
-Төслийн үр дүн ямар байх бол?
-Айл өрхүүдийн машины дулаан гараашийн хомсдол арилна. Замын түгжрэлийг сааруулахад тустай. Учир нь зогсоолгүйгээс иргэд зам дээр машинаа тавьдаг. Энэ асуудал цэгцэрнэ. Түүнчлэн гарааш дээр тохижуулсан хүүхдийн тоглоомын талбай нь хотын өнгө үзэмжид хувь нэмэр оруулах, оршин суугчдын таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үр дүнтэй.
Нийтлэлч
Ч.Сувдаа
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.