Шатахууны үнэ 30 төгрөгөөр нэмэгдэнэ
2011.11.10

Шатахууны үнэ 30 төгрөгөөр нэмэгдэнэ

ТОВЧХОН
  • Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дизель түлшний онцгой албан татварыг 100 мянган төгрөг байсныг саяхны хуралдаанаар тэглэсэн.
  • Нөөц бүтээгдэхүүн байхгүй, дууссан. Одоогоор улсын нөөцөд 18-20 хоногийн шатахуун байна
Шатахууны үнэ нэмэгдэнэ гэх мэдээллийн дагуу Газрын тосны газрын дарга Ц.Амарсайханаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Дизель түлшний татварт өөрчлөлт орсон гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулна уу?
-Манай улсад орж ирж байгаа дизель түлшний татварын үнэ өвлийн дизельд шилжиж байгаа учраас 70 ам.доллараар нэмэгдсэн. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дизель түлшний онцгой албан татварыг 100 мянган төгрөг байсныг саяхны хуралдаанаар тэглэсэн. Ингэснээр дотоодод худалдаалагдаж байгаа дизель түлшний үнэд өөрчлөлт орохгүй. Мөн А-80 шатахууны хувьд татварыг тэглэсэн   байгаа. Тиймээс жижиглэн худалдааны үнэ хөдлөхгүй. Харин АИ-92 бензиний хувьд дотоодын жижиглэн худалдаалах үнэд бага зэрэг өөрчлөлт орох төлөвтэй байна. Литр тутамд 30 төгрөг нэмэгдэх тооцоо байна.
-Хэзээнээс эхэлж 30 төгрөгийн нэмэгдэлтэй шатахууныг хэрэглэгчид авах вэ?
-Импортлогч компаниудад аль болох бага хэмжээгээр нэм гэдэг шаардлагыг тавьсан. Энэ сарын 5-наас эхлэн бүтээгдэхүүн орж ирсэн. Өнөөдрийг хүртэл үнэ өсөөгүй байгаа. Энэ сарын 11-нээс шатахууны үнэ нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар нийт газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татвар бүгд 0 хувьтай байна.
Засгийн газраас жижиглэнгээр худалдаалагдаж байгаа шатахууны  үнийг тогтвортой байлгах үүднээс тодорхой арга хэмжээ авлаа. Хэрвээ татварын үнийг хэвээр байлгасан бол хэрэглэгчдэд очих үнэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох байлаа.
-Хямд үнээр худалдаж авсан нөөц хэр байгаа вэ?
-Нөөц бүтээгдэхүүн байхгүй, дууссан. Одоогоор улсын нөөцөд 18-20 хоногийн шатахуун байна. Шинэ үнээр орж ирсэн шатахуун мөн ийм хэмжээнд байгаа. ОХУ-аас орж ирж байгаа шатахуун манай улсын шатахууны хэрэглээний 60 хувийг хангаж байдаг. Үлдсэн хэсгийг бид транзит тээвэр хийж хангаж байна. Энэ нь шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж байгаа.


Эх сурвалж: “Нийгмийн толь”
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.