Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн дэмжлээ
2011.11.02

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн дэмжлээ

ТОВЧХОН
  • Д.Энхбат сонгуулийн автоматжуулсан систем гэдэг нь зөвхөн хэдэн техник биш, үүний цаана улс төрийн том хариуцлага байгааг анхааруулж байлаа

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны гишүүн Ж.Батсуурийн ахласан ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 20 гаруй, найруулгын чанартай 14 саналын томъёолол бэлтгэснийг байнгын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.


Энэ хууль батлагдсанаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд Мэдээллийн технологийн төв байгуулагдаж, санал тоолох автомат машины найдвартай ажиллагааг хангах ажлыг хариуцан гүйцэтгэх юм байна. Мөн сонгуулийн автоматжуулсан системтэй ажиллах хүмүүсийг энэ төвд сургаж бэлтгэн автомат техникийг ажиллуулах эрхийн тусгай гэрчилгээ олгох аж.


Автоматжуулсан системийн программ хангамжийг баталгаажуулан хэрэглэх үүргийг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар төсөлд тусгажээ. Сонгуулийн автоматжуулсан системийн захиалагч нь Сонгуулийн ерөнхий хороо байх ёстой, харин гүйцэтгэгч нь мэргэжлийн өөр байгууллага байж болох юм гэдгийг зарим гишүүн хэлж байв.


Харин гишүүн Д.Энхбат сонгуулийн автоматжуулсан систем гэдэг нь зөвхөн хэдэн техник биш, үүний цаана улс төрийн том хариуцлага байгааг анхааруулж байлаа. Мөн тэрбээр цахим баримт бичиг, цаасан баримт хоёр зөрвөл аль нь хүчинтэй байхыг лавлаад эндээс том маргаан үүсч мэдэх учраас электрон баримтыг албан ёсоор төрийн баримт бичиг болгож хуульчлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.


Харин ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь цахим гарын үсгийн тухай хууль батлагдаагүй байгаа учраас энэ талаархи заалтыг төслөөс хасах санал оруулж байгаагаа хэлсэн ч байнгын хорооны гишүүд энэ саналыг дэмжсэнгүй. Энэ үеэр гишүүн Ч.Сайханбилэг хуулийн төслийн цахим гарын үсэгтэй холбоотой тодорхой хэсгийг цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаар дагаж мөрдөхөөр оруулах нь зүйтэй гэсэн санал гаргав.


Цахим гарын үсгийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч З.Энхболд уг хуулийн төслийн явц байдлын талаар хэлэхдээ, Засгийн газраас оруулж ирсэн төсөлд цөөн хэдэн компанийн хүрээнд цахим гарын үсгийг хэрэглэхээр тусгасан байсныг ажлын хэсэг иргэн бүр хэрэглэхээр тусгах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр төслийн зарчим өөрчлөгдсөн тул төслийг Засгийн газарт буцаасан юм. Засгийн газар энэ дагуу төслөө өөрчилж оруулж ирсэн, хуулийн төсөл удахгүй батлагдах байх. Иргэний цахим үнэмлэхний дотор талд тухайн иргэний цахим гарын үсгийг баталгаажуулж байршуулсан байх юм гэсэн тайлбар өгөв. Ингээд байнгын хорооны гишүүд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.