Хүний наймаатай тэмцэх хуультай болохыг дэмжлээ
2011.10.27

Хүний наймаатай тэмцэх хуультай болохыг дэмжлээ

Хүний наймаатай тэмцэх хуультай болохыг дэмжлээ
ТОВЧХОН
  • Сүүлийн жилүүдэд Монголд гарах болсон шинэ хэргүүдийн нэг нь хүний наймаа юм.
  • Ц.Нямдорж сайд анхнаасаа зөв ойлголттой байхыг анхааруулж “биеэ үнэлэгч, хүний наймааны хохирогч хоёр өөр, объект нь ч өөр” гэдгийг хэллээ.
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм.

Сүүлийн жилүүдэд Монголд гарах болсон шинэ хэргүүдийн нэг нь хүний наймаа юм. Нөхцөл байдал амаргүй байгаагаас хууль гаргахаар болж УИХ-д өргөн мэдүүлжээ. Гишүүн Р.Гончигдорж хүний наймааны үйлдэл бүрийг тайлбарлах нь зүйтэй гэлээ. Хүн хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа ашиглан хүн худалдаалах гэж юу болох талаар тодорхой тайлбар хуульд байх ёстой гэж байв. Мөн хохирогчийн үл буруутгах гэж юу болохыг асууж байлаа. Биеэ үнэлэгчид үүний цаана нуугдаж өнгөрч болохоос гишүүн болгоомжилж буй аж.

Ц.Нямдорж сайд анхнаасаа зөв ойлголттой байхыг анхааруулж “биеэ үнэлэгч, хүний наймааны хохирогч хоёр өөр, объект нь ч өөр” гэдгийг хэллээ. Р.Гончигдорж гишүүн харин тухайн хүн өөрөө сайн дураараа биеэ үнэлсэн үү, хүний эрхэнд орж биеэ үнэлсэн үү гэдгийг ятгаж салгах хэрэгтэй гэсэн юм. Д.Одхүү гишүүний хэлснээр дэлхий нийт хүний наймаатай өөр аргаар тэмцдэг болсон гэнэ. Цагдаа сайн ажиллах, бодлого барих, урьдчилан сэргийлэх, ял завшихгүй байх гэсэн зарчмуудыг гадаадад барьдаг болжээ. Гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучлах зар хэвлэл, мэдээллээр гардаг. Үүнийг хаахдаа сонин, хэвлэлийг хянана гэж хуулийн төсөлд оруулсан. Үүнд интернэтийг нэмж оруулж өгөх ёстой гэж гишүүн хэлж байлаа. Ийм зар сүүлийн үед интернэтэд их тавигдах болсон гэнэ. Одоогийн Эрүүгийн хуульд хохирол гарсан, ашиг олсон тохиолдолд л буруутанд ял хэлэлцдэг байна. Тухайлбал, Хятад руу хүүхэн аваачиж зарсан хүнийг ашиг олсон нь мэдэгдэхгүй байна хэмээн ял завшуулж байсныг гишүүн анхаарууллаа.

Санал хураахад гишүүдийн 61,5 хувийн саналаар төслийг хэлэлцэхийг дэмжиж Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан дуусч 18.45 цагт өндөрлөлөө.
Нийтлэлч
Д.Оюун
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.