“Дархан-Газрын тос” үйлдвэр жилд 1.7 сая тонн бүтээгдэхүүн гаргана
2011.10.24

“Дархан-Газрын тос” үйлдвэр жилд 1.7 сая тонн бүтээгдэхүүн гаргана

“Дархан-Газрын тос” үйлдвэр жилд 1.7 сая тонн бүтээгдэхүүн гаргана
ТОВЧХОН
  • Манай улсын хувьд бензин шатахуун хадгалах нийт савны багтаамж 360 мянган шоо метр байдаг бол шинэ үйлдвэрийн түүхий тосны нөөц, завсрын болон бэлэн бүтээгдэхүүнээ хадгалах нөөцийн сав нь 600 мянган шоо метр багтаамжтай байх юм байна.
  • Үйлдвэрийг 2012 оноос барьж эхлэн 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт баригдах “Дархан-Газрын тос” нефтийн үйлдвэрийн шав тавих ёслол өчигдөр боллоо. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Дархан-Уул аймагт жилд хоёр сая тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгагдсан. Мөн УИХ -ын 45 дугаар тогтоол гарсан бол энэ сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас төрийн өмчийн оролцоотой консерциум байгуулсан юм. Энэ шийдвэрүүд биеллээ олж дээрх үйлдвэрийн шавыг тавьж байгаа нь энэ аж.

Нефть импортлогч “Жаст” групп, “Петровис”, “Магнай трейд”, төслийг санаачлагч “Монголсекию” компаниуд хамтарсан консерциум байгуулж энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон бол Японы “Марубени”, “Тоёо Инженеринг” корпораци Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж санхүүжүүлэхээр болсон байна.

“Дархан-Газрын тос” үйлдвэр жилдээ 1.7 сая тонн шингэн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай учир улсын хэмжээний авто бензин, дизелийн түлш, нисэх онгоцны коресиныг бүрэн хангахуйц болж байгаа юм.Манай улсын хувьд бензин шатахуун хадгалах нийт савны багтаамж 360 мянган шоо метр байдаг бол шинэ үйлдвэрийн түүхий тосны нөөц, завсрын болон бэлэн бүтээгдэхүүнээ хадгалах нөөцийн сав нь 600 мянган шоо метр багтаамжтай байх юм байна.

Үйлдвэрийг 2012 оноос барьж эхлэн 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар дотоодод олборлож байгаа газрын тосны олборлолтын хэмжээ бага байгаа учраас эхний хэдэн жилд импортын түүхий тосыг боловсруулахаар төлөвлөгджээ. Түүхий тосыг  ОХУ-аас авах бөгөөд хоёр улсын Засгийн газар, агентлаг, компаниудын түвшинд харилцан тохиролцсон баримт бичигт гарын үсэг зураад байгаа юм.

Шав тавих ёслолд УИХ -ын дарга Д.Дэмбэрэл, Дархан-Уул аймгийн ИТХТ-ийн дарга Л.Гүнчин, Засаг дарга Г.Эрдэнэбат, УИХ -ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа зэрэг албаны хүмүүс, Япон улсын “Марубени” корпорацийн дэд ерөнхийлөгч Шинжи Кавай, “Тоёо Инженеринг” корпорацийн ахлах зөвлөх, төслийн удирдагч Мичоточи Шинжоки, иргэдийн төлөөлөл оролцжээ.
Нийтлэлч
Б.Нар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.