Дипломат паспорттой Монголын иргэд Итали улсад визгүй зорчино
2011.10.21

Дипломат паспорттой Монголын иргэд Итали улсад визгүй зорчино

Дипломат паспорттой иргэд Итали улсад визгүй зорчино
ТОВЧХОН
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Итали Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Итали Улсын Гадаад хэргийн сайд Ф.Фраттинитэй уулзаж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд П.Романи “Манай хоёр улс уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой. Бидэнд сайн технологи, та бүхэнд чанартай түүхий эд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Итали Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Итали Улсын Гадаад хэргийн сайд Ф.Фраттинитэй уулзаж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Дипломат паспорттой Монголын иргэд Итали улсад визгүй зорчих, 2012 онд Монголын өдрүүдийг Италид, Италийн өдрүүдийг Монголд харилцан зохион байгуулах талаар сайд нар хэлэлцэж, соёл боловсрол, археологи, ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр тодорхой санал солилцлоо. Оёмол нэхмэлээр тэргүүлдэг Италийн Белла хотын үйлдвэрүүдийг Монголын ноолуурын үйлдвэрүүдтэй холбох, Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарыг Италийн технологиор сайжруулж дэлхийн зах зээлд гаргах боломж нөхцөлийн талаар хоёр сайд ярилцсан юм. Итали Улсын Гадаад хэргийн сайд Ф.Фраттини манай ЭСЯ-ны үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлж Монгол Улсад Италийн төлөөлөгчийн газар нээн ажиллуулах хүсэлтэй байгаагаа дурдлаа. Хэрэв энэ яриа хэлэлцээр амжилттай хэрэгжвэл Шенгений орнуудаас Улаанбаатарт Консулын газраа нээсэн анхны улс нь Итали болох юм.

П.Романи: Бидэнд сайн технологи, танайд чанартай түүхий эд байна


Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд П.Романи “Манай хоёр улс уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой. Бидэнд сайн технологи, та бүхэнд чанартай түүхий эд байна. Эдгээрийг хослуулж дэлхийн зах зээлд гарч, орлого олох боломж бүрэн байна” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан хэллээ. Манай улс 1973 оноос Италийн компаниудтай худалдаа наймаа хийж иржээ. Италиас тоног төхөөрөмж, үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, хүнс, гутал хувцас худалдан авч, арьс шир ноос ноолуур гаргадаг. Манай зүгээс тус улсад түүхий эд нийлүүлэхээс илүүтэй өндөр технологийг нь эх орондоо оруулж ирэх, тус улсад боловсон хүчин бэлтгэснээр Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гол сонирхол бий юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Итали улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд П.Романи нар “Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал М.Баярмагнай, Итали Улсын “Симест” байгууллагын гүйцэтгэх захирал М.Д’Ауто нар “Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн санамж бичиг”-т Монгол Улсын махны холбооны ерөнхийлөгч Л.Ганпүрэв, Итали Улсын “Ассефүдтек” компанийн ерөнхийлөгч Э.М.Арозио нар “Хүнсний тоног төхөөрөмж нийлүүлэх тухай санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн Их сургууль, Итали Улсын Туриний их сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичигт хоёр сургуулийн удирдлага тус тус гарын үсэг зурлаа.

Монголд загасны аж ахуй байгуулах санал тавив


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Жак Диүфтэй энэ сарын 18-нд уулзах үеэрээ ийм санал тавьсан юм. Бид хүнсний тусламж авдаг байсан бол хүнс экспортлох бүрэн боломжтой. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, олон сая мал сүрэгтэй. Бид буудай, төмс хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь өөрсдөө хангаж чадаж байна. Иймд НҮБ-ын ХХААБ-ын дэмжлэгтэйгээр Ази, Номхон далайн бүс нутаг дахь буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, загвар бааз улс орон болох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн юм. Мөн НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн дараагийн ээлжит хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтэйгээ дуулгав. Энэ хурал манай орны хөдөө аж ахуйн салбарын онцлог, хүнсний нөөц, энэ чиглэлийн хамтын ажиллагааг таниулахад ихээхэн ач холбогдолтой. Өнөөдөр дэлхий даяар хүнсний хомсдолын асуудлаа шийдэх нэг арга хэлбэр нь загасны аж ахуй эрхлэх явдал болж байна. Монгол бол цэвэр цэнгэг усны асар их нөөцтэй улс. Тиймээс Монголд загасны аж ахуй байгуулах асуудлаар хамтран ажиллая гэлээ.

Ноён Ж.Дүиф Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргаж байгаа ажил хэрэгч санаачилгуудыг дэмжиж байгаагаа хэлж, судалж үзэхээр болов. “Манай байгууллага ирэх дөрвөн жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргаж байна. Бидний өнгөрсөн хугацааны үр дүнтэй хамтын ажиллагаа цаашдын хамтын ажиллагааны хөрс суурийг бий болгосон. Таны хэлсэнчлэн загасны аж ахуйг Монголд хөгжүүлэх нь туйлын чухал. Мөн бүс нутгийн хурлыг Улаанбаатарт зохион байгуулах асуудлыг бид ярилцах болно” гэв. НҮБ-ын ХХАА-н байгууллага 1974 оноос хойш нийт есөн сая ам долларын төсөл хөтөлбөрийг хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн байна.

Хамтраад дэлхийг хувцаслах боломж бидэнд бий


Монгол Улсын төрийн тэргүүний Итали улсад хийж буй айлчлалын хүрээнд энэ сарын 18-20-нд Милан хотноо Монгол Италийн бизнес форум боллоо. Форумын нээлтэд оролцох үеэрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сарнай цэцэг дэлбээлдэг” хэмээх Италийн зүйр цэцэн үгээр яриагаа эхэлсэн нь италичуудын талархлыг хүлээв. Энэ нь манай “Санаж явбал бүтнэ” гэдэгтэй ижил агуулгатай аж. Тэрбээр ярианыхаа эхэнд Италийн бизнесмэнүүдэд хандан эдийн засаг бизнесийн үүднээс ямар утгаараа Монгол орон сонирхлыг нь татаж болох талаар хэлсэн юм. “Дэлхийд хурдтай хөгжиж байгаа, хамгийн олон хүн амтай улс оронтой Монгол Улс хамгийн урт хиллэдэг. Монголын газар нутаг Италийнхаас тав дахин том. Монгол Улс хүнээсээ олон адуутай.

Ойролцоогоор гурван сая хүн амтай, зургаан сая адуутай. Тавин сая малтай. Байгалийн ашигт малтмалаараа дэлхийд аравт жагсдаг гэсэн судалгаа байна. Чанартай ноолууран бүтээгдэхүүн экспортолдгоороо дэлхийд хоёрт ордог. Жилдээ хорин сая малын арьс шир, мал аж ахуйн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Итали, ялангуяа Милан хот дэлхийд хувцас, моод загварын чиглэлээр тэргүүлдэг. Энэ боломжуудаа ашиглах юм бол Итали, Монгол хоёр улс хамтраад дэлхийг хувцаслаж болж байна. Дэлхийг хооллоход хамтарч оролцож болж байна.

Энэ бол дуусашгүй бизнес, боломж, хамтын ажиллагаа гэж үзэж байна” гэлээ. Бизнес форумд Монголын томоохон 20 гаруй компани оролцож байгаа бол Италийн талаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, нүүрс, төмөр, уул уурхайн үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, бизнесийн зөвлөгөө, хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 60 орчим компани, бизнесийн төлөөлөл иржээ. 1990 оноос хойш 2011 оны эхний хагас жилийн байдлаар Итали 15.5 сая ам долларын хөрөнгө Монголд оруулсан бөгөөд салбараар нь авч үзвэл 66 хувийг худалдаа, нийтийн хоолны салбарт, 6,4 хувийг мал аж ахуйн түүхий эд боловсруулалтын чиглэлээр, 6,4 хувийг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар тус тус эзэлж байна.
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.