Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
2011.10.21

Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

ТОВЧХОН
  • Шүүхийн тухай хуулийн төсөл
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
  • Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцуулсан.

Сүүлийн хориод жилд Монгол Улсын эрх зүйн салбарт олон тооны хууль тогтоомж батлагдан гарч, мөрдөгдөж ирсэн. Ялангуяа шүүхийн зохион байгуулалт, материаллаг бааз бэхжихийн хэрээр түүний үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч,  улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.  Тухайлбал, өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдлийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр дараах бодлогын баримт бичгүүд батлагдан хэрэгжиж ирсэн.

УИХ-аас 1998 онд баталсан "Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр"-ийн хүрээнд  Шүүхийн тухай хуулийг 2002 онд  шинэчлэн баталж өнөөгийн шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлжээ.  Шүүхийн шинэчлэлийн бодлогын анхны баримт бичиг болох "Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө" -г Улсын Их Хурлын 2000 оны 39 дүгээр тогтоолоор баталсан нь эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ялангуяа шүүх эрх мэдлийн байгууллагуудыг бэхжүүлэхэд ач холбогдолтой болсон. Гэвч энэ салбарт шийдвэрлэх ёстой, тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээсээр байна. Улс үндэстэн хурдацтай хөгжиж, эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлж чадах эсэхийг тодорхойлогч нэг хүчин зүйл нь шударга, бие даасан, чадварлаг шүүх гэдгийг олон улсын судалгаа харуулж байна.  Тухайлбал, шүүхийн тогтолцоо сул, үйл ажиллагаа нь чанаргүй бол нэг хүнд  ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ болон хөрөнгө оруулалтыг 10 хүртэл хувиар бууруулдаг байна.  Ийм учраас хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал баталгаа болсон шүүхийн үйл ажиллагааг цаашид улам бүр боловсронгуй болгох, институтын хувьд чадавхийг нь бэхжүүлэх, хариуцлагатай, ил тод байдлыг нэмэгдүүлэх нь дан ганц шүүх, хуулийн салбарынхны  төдийгүй олон нийтийн хүсэн хүлээж буй нийгмийн захиалга  болж байна. Иймд шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй  болгож, бие даасан, хараат бус байдлыг нь хангах замаар  хэрэг, маргааныг хүндрэл чирэгдэлгүй, шударгаар шийдвэрлэхэд чиглэсэн өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжид оруулах, шүүхийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлага зүй ёсоор тулгарч  байна.

 

Шүүх эрх мэдэлтэй холбоотойгоор тусгайлан хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийгмийн харилцааг  журамлаж, шүүхийн эрх зүйг бүрэн утгаар нь бий болгоход чиглэсэн хуулийн зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна.  Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн тухай хууль нь нийгмийн хөгжил, салбарын эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Нийгэм дэх шүүхийн гүйцэтгэх үүрэг, оролцоо их болсон өнөө үед шүүхийн институтыг бэхжүүлэх, шүүгчийн хараат бус байдлыг хангах, ур чадвар, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, шүүхийн үйлчилгээг чанартай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх зэрэг олон чухал зорилтыг ганц хуулийн зохицуулалтаар бус, тус тусын нарийвчилсан хуулиар зохицуулах замаар аль болох иж бүрнээр шийдвэрлэх шаардлагатай юм. Нийгмийн энэхүү захиалга, шаардлагыг харгалзан үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс боловсруулсан “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх” хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл  2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаараа хэлэлцэн дэмжсэн.

 

Түүнчлэн, Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганд  шүүх, хууль сахиулах байгууллагын төлөөлөл болон иргэд шүүх эрх мэдлийн салбарт хийвэл зохих шаардлагатай өөрчлөлт, шинэчлэл, эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар үнэтэй санал, зөвлөмж гаргасан.

 

Энэ бүхний дүнд шүүхийн тогтолцоог шинэчлэх, бие даасан, хараат бус байдлыг хангах, шударгаар хэрэг, маргааныг шийдвэрлэх тогтолцоог бий болгох, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх зорилгоор Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа.

 

Үүнээс гадна хуульчийн эрх зүйн байдал, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүний хууль зүйн  үр дагаварыг тодорхойлох, хуульчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагын тогтолцоо, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тогтоож, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

 

Эдгээр хуулийн төсөл нь тус улсын шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх амин чухал асуудлууд болсон шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгч хэрэг, маргааны төрлөөр мэргэших, шүүхийн төсөв, захиргааг бие даалгах замаар хэрэг, маргааныг  шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

1.Шүүхийн тухай хуулийн төсөл

Шүүхийн ажлын ачаалал хот суурин газар, хөдөө орон нутагт харилцан адилгүй байдгаас эдийн засгийн үр ашгийн хувьд учир дутагдалтай байна. Түүнчлэн, шүүхийн тогтолцоо нь орон нутгийн засаг захиргаанд тулгуурласанаар тухайн засаг захиргааны хөндлөнгийн нөлөөлөл бий болгож байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс шүүхийн тогтолцоог нутаг дэвсгэрийн байршил, хүн амын нягтаршил, хэрэг, маргааны шийдвэрлэлтийн тоо зэргийг харгалзан тойргийн зарчмаар байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Аливаа иргэн, эрүү, захиргааны маргааныг  шийдвэрлэхэд шүүгчийн тухайн салбарын нарийн мэдлэг, мэргэшсэн байдал нь  нэн чухал байдаг ба энэ нь иргэний шударга шүүхээр шийдүүлэх эрхийн нэг үндэс болдог тул анхан болон давж заалдах шатны шүүхийг эрүү, иргэн, захиргаа зэрэг хэрэг, маргааны төрлөөр дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгав.

2.Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөл

Шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны тасралтгүй байдал, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, улмаар шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэгтэй шүүхийн захиргааны тухай ойлголт, түүний чиг үүрэг, эрх хэмжээний асуудал өнөөг хүртэл тодорхойгүй явж ирсэн. Ялангуяа, шүүхийн захиргааны үндсэн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газрын захиргааны болон бусад чиг үүрэг бүрхэг, түүнчлэн шүүхийн захиргаанд ач холбогдол өгдөггүйгээс  шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн, үр дүнтэй явуулахад хүндрэл бэрхшээл тулгардаг.

Энэхүү хуулийн төслийн зорилт нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, шүүхийн өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн захиргааны чиг үүрэг, зохион байгуулалт, үйл ажиллагааны  зарчим, шүүхийн ажилтны эрх зүйн байдлыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газар нь шүүх, шүүгчийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр тэдгээрт хараат бус, бие даасан байдлыг зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн болон хэвийн ажиллагааны бусад нөхцөлөөр хангаснаар шүүх эрх мэдлийн байгууллагын үндсэн үйл ажиллагааг аливаа нөлөөнөөс хамгаалах механизм бүрдэнэ.

3.Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

Шүүгчийн шалгуур, ёс зүй, хариуцлага болон шүүгчийн сонгон шалгаруулалтын журам тодорхойгүйгээс шүүгчийн ур чадвар, шударга байдалд олон нийт эргэлзэх,  авлигад сэрдэх явдал гарч байна. Нөгөө талаас, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах, хөндлөнгийн нөлөөнөөс урьдчилан сэргийлэх механизм байхгүйгээс  нөлөөлөх оролдлого, үйлдэл гаргаад байгааг олон удаагийн судалгаа харуулсан. Иймээс шүүхийн шинэчлэлийн нэг чухал хэсэг болох шүүгчийн шалгуурыг тодорхой болгох, босгыг өндөрсгөх, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан зохицуулах, шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгааг бий болгож, улмаар шүүгчдийн мэргэшлээрээ дагнасан, чанартай үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдүүлэх нь чухал  юм.

 

Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой чиг үүрэг бүхий шүүгчид тавих шаардлага, шүүгчийн бүрэн эрх үүсэх ба дуусгавар болох үндэслэл, журам зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн зорилго оршино.

Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хараат бус, халдашгүй, эрх мэдэл бүхий, шударга, хариуцлагатай байдлыг хангах, үйл ажиллагаандаа хууль дээдлэх ёс, шүүхийн ёс зүйг нарийн чанд сахин биелүүлэх эрх зүйн үндсийг тогтоон зохицуулна.

4.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

Монгол Улсын Үндсэн Хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2-т анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна гэж заасан.  Энэ нь иргэдийн төлөөлөгчийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх процессийн чухал бүрэлдхүүн хэсэг болгон баталгаажуулсан явдал юм.

 

Иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ болон холбогдох харилцааг Шүүхийн тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зэрэг хуулиар зохицуулсан байдаг.

 

Иргэдийн төлөөлөгч нь нотлох баримтыг үнэлэх, шүүгдэгч, гэрч, хохирогчоос асуулт асуух, шүүмжлэлийн үед үг хэлэх зэрэг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангагдсан хэдий ч иргэдийн төлөөлөгчийг сонгох, шүүх хуралдаанд оролцуулах, цалин хөлс олгох болон бусад харилцаа нь нарийн зохицуулагдаагүйгээс хэлбэрийн төдий хэрэгждэг, иргэдийн төлөөлөгчид нь ч идэвхгүй байр суурьтай байдгаас болж Үндсэн хуульд заасан энэхүү чухал механизм төдийлөн ач холбогдолгүй болсон байна.

 

Иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээ, оролцох механизм болон зохион байгуулалтыг хуулиар нарийн зохицуулах нь иргэдийн төлөөлөгчийн оролцоог баталгаажуулж, улмаар Үндсэн хуулийн үзэл санааг  бодит утгаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.

 

Олон улсын практикт шүүх ажиллагаан дахь иргэдийн оролцооны “jury” буюу тангарагтны шүүгчид, “lay judge” буюу мэргэжлийн бус шүүгч гэсэн хоёр загвар байдаг. Тангарагтны шүүхийн хувьд тодорхой тооны иргэд шүүгчийн оролцоогүйгээр хэргийг факт буюу гэм буруугийн хувьд шийдвэрлэдэг бол мэргэжлийн бус шүүгч нь мэргэжлийн шүүгчидтэй хамтран гэм буруугийн болон бусад асуудлаар шийдвэр гаргахад оролцдогоороо  ялгаатай.

 

Тангарагтны шүүхийн хувьд Хойд Америк, Их Британи түүний колони байсан орнуудад түгээмэл бол мэргэжлийн бус шүүгчийн оролцооны загвар нь эх газрын эрх зүйн тогтолцоотой Герман,  Финланд, Швед, Польш зэрэг Европын улс орнуудад байдаг. Мөн Украйн, Гүрж, Азербайжан, Казахстан, Узбекстан, Тажикстан, ОХУ зэрэг шилжилт хийсэн улсууд шүүхийн тогтолцоондоо иргэдийн оролцооны механизмыг оруулсан байна.

 

БНСУ, Япон зэрэг улсууд саяхнаас иргэдийн оролцоотой шүүхийн тогтолцоонд шилжсэн ба БНХАУ-ын хувьд иргэдийн оролцоотой тогтолцоогоо улам сайжруулж байна.

 

Хүний үндсэн эрхийн нэг нь хууль ёсны дагуу байгуулагдсан, бие даасан, хараат бус шүүхээр хэрэг, маргаанаа шударгаар шүүлгэх эрх билээ. Шударга шүүхийн  нэг гол зарчим нь шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх явдал юм. Шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах нэг гол нөхцөл нь иргэдийн шүүх үйл ажиллагаанд оролцох боломж бөгөөд үүнийг шүүхийн хараат бус байдлын зарчимтай уялдуулан харилцан тэнцвэрийг хадгалснаар шүүхийн үйл ажиллагааг иргэд ажиглах, шүүхийг хариуцлагатай, нээлттэй үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой.

 

Ийм учраас шүүх эрх мэдлийн байгууллагад ардчилсан, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих механизм бий болгох зорилгоор  шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийн институтыг бэхжүүлэх нь шүүх эрх мэдлийн шинэчлэлийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болно.

 

Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа ХБНГУ, Франц, АНУ, БНСУ зэрэг улсын холбогдох хууль тогтоомж, судалгааны материалыг судлан үзлээ.

Энэхүү хуулийн төсөл нь шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, түүний үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

 

Энэ хуулиар  иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн статус, шалгуурыг тодорхойлж, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд бодитой, үр нөлөөтэй оролцох боломжийг бүрэн нээж, холбогдох зохицуулалтыг нарийвчлан оруулсан. Түүнчлэн иргэдийн төлөөлөгчийн оролцоог хангах талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг тодорхойллоо.

 

Иргэдийн төлөөлөгчийн эрх хэмжээг тодорхой болгосноор, шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, ил тод, шударга байх олон нийтийн үнэлэмж дээшилж нийгмийн шүүхэд итгэх итгэл, хандах хандлага сайжирна. Түүнчлэн, иргэдийн эрх зүйн ухамсар дээшлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

5.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл

Хот, суурин газрууд дахь хүн амын нягтаршил, шилжилт хөдөлгөөн ихэсч байгаа нь шүүхийн ажлын ачааллыг нэмэгдүүлж, улмаар шүүхээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг багасгах, чирэгдэл, цаг хугацааны болон бусад үргүй зардлыг ихэсгэж байгааг дан ганц шүүхийн орон тоо, хүний нөөцийг нэмэх замаар  шийдвэрлэх нь оновчгүй тул эрх зүйн маргааныг шийдвэрлэх өртөг зардал багатай, хялбар шинэ механизмыг нэвтрүүлэн, холбогдох хууль тогтоомжид тусгах шаардлага амьдралаас урган гарч байна. Үүний шийдэл нь эвлэрүүлэн зуучлалын механизм нэвтрүүлэх явдал юм.

 

Аливаа маргааныг маргалдагч талуудын зөвшилцөлийг ололгүйгээр хүчээр шийдвэрлэх нь маргааныг дуусгавар болгохоос илүү түүнийг далд байдалд оруулах, эсхүл цаашид үргэлжлэхэд хүргэдэг байна.  Ийм учраас оролцогч талууд маргааныг шийдвэрлэхэд өөрсдөө идэвхитэй оролцох нь илүү үр дүнтэй, чухал ач холбогдолтой байна.

 

Талууд маргаанаа эвлэрүүлэн зуучлуулснаар шүүхийн ачааллыг багасгаж, төрийн ачааг хөнгөвчлөх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг хялбар арга замаар барагдуулах зэрэг тал бүрийн ач холбогдолтой.

 

Монгол Улсын шүүн таслах ажиллагааны статистик мэдээнээс үзэхэд анхан шатны шүүхүүд нэг жилд шийдвэрлэдэг 30 гаруй мянган иргэний хэргээс 30-40 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.  Энэ нь манай улсад эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааны эрэлт хэрэгцээ их байгааг харуулж байна.

 

Эвлэрүүлэн зуучлалыг нэвтрүүлэх нь шүүх эрх мэдлийн шинэчлэлийн нэн чухал хэсэг болно. Маргааныг эвийн журмаар, шүүхээс өмнө шийдвэрлэх шинэ механизмыг бий болгох нь шүүхийн ачааллыг эрс багасган шүүхийн үйл ажиллагааны чанарт ч нөлөөлнө. Эвлэрүүлэн зуучлуулах үйл ажиллагааг нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар  2011 оны 4 дүгээр сарын 14-15-нд болсон “Шүүх эрх мэдэл ба шударга ёс” үндэсний чуулганаас гарсан санал зөвлөмжид тусгагдсан билээ.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь дэлхийн улс орнуудын шүүхийн практикт харьцангуй шинэ боловч эрх зүйн өөр өөр тогтолцоотой орнуудын шүүхийн практикт өргөн нэвтэрч байна.  Судалгаанаас үзэхэд, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг нэвтрүүлснээр шүүхийн ачаалал 70 хүртэл хувь буурдаг болохыг Япон улсын жишээ харуулж байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулахад Япон, Австрали, ОХУ, Казахстан, Молдов зэрэг улсын хуулиудыг судалсан.

Энэхүү хууль нь иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн, тэдгээрийн дотор аж ахуйн болон эдийн засгийн бусад үйл ажиллагаатай холбоотой маргаан, түүнчлэн хөдөлмөрийн болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэх харилцааг зохицуулна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахдаа талууд хүсэл зоригоо харилцан зөвшилцөх, сайн дур, талуудын тэгш эрх, зуучлагчийн хараат бус, хөндлөнгийн байдал, нууцлалыг хадгалах зэрэг зарчмуудыг баримтална.

 

Шүүхэд тулгуурласан эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа нь  шүүхийн тогтолцооны нэг бүрэлдхүүн хэсэг бөгөөд зохион байгуулалтаар хангах чиг үүргийг  Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцаж, холбогдох зуучлалын үйл ажиллагааны зардлыг шүүхийн төсөвт тусгаж байх болно гэж уг танилцуулганд дурдлаа.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Одбаяр танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн.

Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн тогтоох, Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн захиргааны эрх хэмжээ, чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн, шүүгчид тавигдах шалгуур, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, огцруулах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх журмыг нарийвчлан тогтоох, шүүгчийн хараат бус байдлыг хангах баталгааг бүрдүүлэх, шүүн таслах үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог баталгаажуулан иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, шүүхийн ажлын ачааллыг бууруулах, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зардал нь хямд, үр ашигтай байх шинэ механизмыг нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар төсөл санаачлагч уг хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд тус Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн.

Уг хуулийн төслүүдийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг хуулинд боловсон хүчний нэгдсэн бодлого, баримтлах чиглэл, мэргэжил чадварыг дээшлүүлэх талаар тусгасан заалт байгаа эсэхийг тодрууллаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан хариулахдаа, өнөөдөр Монголд 435 шүүгч ажиллаж байгаа. 1998 оноос шүүхийн шинэчлэл явагдаж эхэлсэн учраас тасралтгүй сургалт явуулах үүднээс шүүгчдийг давтан бэлтгэх байнгын сургалт явагдаж байгаа. ХБНГУ, Европын холбоо АНУ болон бусад хандивлагч орнууд төсвөөсөө мөнгө гаргаад, шүүгчдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх талаар тасралтгүй сургалт явуулахад хууль эрх зүйн болон хөрөнгө санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлж байгаа гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, эдгээр хуулиудыг хэлэлцэх эсэх дээр хууль тус бүр дээр санал хураалт явуулах саналтай байгаагаа хэлээд, Шүүх эрх мэдлийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгч гэдэг нь зөвлөлдөх тасалгаанд ордоггүй, гэтэл энэ хуулиар тангарагатны шүүхийн журам рүү дөхөж байна. Цалин хөлс авна урамшуулал авна. Анхан шатны бүрэлдхүүнтэй хуралдаанд гурван шатны төлөөлөгч гурвуулаа, шүүгчидтэй зөвлөлдөх танхимд орж байгаа. Өөрөөр хэлбэл мэргэжлийн гурван шүүгч, иргэдийн 3 төлөөлөгч зөвлөлдөж олонхийн саналаар шийдвэрлэх юм байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг орвонгоор нь өөрчлөгдөж байгаа юм биш үү гэлээ. Ийм хэмжээний шүүгч, иргэдийн төлөөлөгч манайд байна уу. Асар том зарчмын өөрчлөлт рүү явж байна. Үүнийг эргэж харах хэрэгтэй гэлээ. Хуулийн төсөл маш өргөн хүрээнд маш олон удаа хэлцэгдсэн. Харин шүүгчдийн иргэдийн төлөөлөгчдийг оролцуулах асуудлыг бид ярьж байгаад энэ хувилбараар оруулж ирсэн. Шүүгчид ч дэмжиж байгаа гэж Ерөнхийлөгчийн зөвлөх П. Цагаан хэлсэн.

Тус багц хуулиудыг хэлэлцэх эсэх талаар хууль тус бүрээр санал хураалт явуулж, гишүүдийн олонхи дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.