Чингэлтэйн 40 иргэн гэртэй болов
Улсын их хурлын гишүүдэд хаягласан захидал, өргөдөл, гомдлын тоо сүүлийн үед эрс нэмэгдэх болсон. Хаа сайгүй болж байгаа эдийн засгийн хямрал манай бага дунд орлоготой, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур айл өрхүүд болон малчдад хүндээр тусч байна. Ядарч зүдэрсэн цагт нь туслах болов уу гэж иргэд өөрсдийгөө төлөөлөн сонгосон төрийн түшээдээ хандан хаягласан захидлын дийлэнх хувийг нь амьдрах гэр олгож өгөхийг хүссэн өргөдөл байдаг.
Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан өөрийн тойргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур, толгой хоргодох гэргүй зарим иргэдэд гэр өгч байлаа. Хүйтний ам наашилж байгаа энэ үед зуны амбаарт амьдарч байсан иргэд ч гэр авч байгаа хүмүүсийн дунд нэлээдгүй байсан аж. Иргэдэд өгч байгаа гэрүүдийг "Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр"-т хийсэн аж. Дөрөв, таван ханатай эдгээр гэрүүд нь цэвэр монгол эсгий дулаалгатай чанартай гэр байна хэмээн иргэд ярьж байна. Уржигдар эхний ээлжийн 40 гэр эздийнхээ гар дээр очив.