2011.09.20

Өрхийн эмч, сувилагч нар орон сууцтай болно


ТОВЧХОН
  • Эхний ээлжинд Нийслэлийн Засаг даргаас олгосон квотын хэмжээнд 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой. Харин 10 дугаар сарын эхээр орон сууцны зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг Үндэсний хороогоор батлах үед 6 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаат
Улаанбаатар хотод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 1300 гаруй өрхийн эмч, сувилагч нарыг баярлуулсан үйл явдал өнөөдөр болов.  Нийслэлийн Засаг даргын санаачлагаар зохион байгуулсан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлье”  зөвлөгөөн дээр өрхийн эмч нарыг орон сууцны хөтөлбөрт хамруулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Орон сууц санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхлан,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туул, Монголын өрхийн эмнэлгүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү нар гурвалсан гэрээнд  гарын үсэг зурснаар орон байрны нөхцлөө сайжруулах хүсэлтэй өрхийн эмч, эмнэлгийн ажилтнуудад  100.000 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах боломж нээгдсэн гэсэн үг.

Эхний  ээлжинд Нийслэлийн Засаг даргаас олгосон квотын хэмжээнд 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой.  Харин 10 дугаар сарын эхээр орон сууцны зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг Үндэсний хороогоор батлах үед  6 хувийн хүүтэй,  25 жилийн хугацаатай  зээлд хамрагдах юм гэдгийг ОССК-ийн захирал Ж. Алдаржавхлан тэдэнд дуулгав.

Өрхийн эмнэлэгт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх эхлэл болсон дээрхи зөвлөгөөн дээр Улаанбаатар хотын Захирагч  Г. Мөнхбаяр өрхийн эмнэлгүүдийн материаллаг баазыг нэмэгдүүлэх,  эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөснөө хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд 124 өрхийн эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэж байна. Тэнд 521 эмч, 475 сувилагч, 300 гаруй ажиллагсад ажиллаж байна. Нэг эмч 270 гаруй иргэнд эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй нь маш их ачаалалтай ажилладгийн нотолгоо.

Сүүлийн 3 жилд Улаанбаатар хотод шилжин ирсэн иргэдийн тоо 100 мянга даваад байна. Хүн ам өсч буй ч тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлэг, эмч сувилагчдын тоо яг хэвэндээ. Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс та бүхэнтэй уулзаж, яриа өрнүүлж, санал бодлоо хуваалцаж буйн   шууд зорилго нь удахгүй нийслэл хот төсвөө хэлэлцэнэ. Энэ үеэр та бүхний зүгээс гарсан санал санаачлагыг төсөвт суулгаж, санхүүжилтийн нэмэлт дэмжлэг олгох явдал юм. Түүнчлэн өрхийн эмнэлэгт ажиллаж буй хүмүүсээ орон байртай болгож, нийгмийн асуудлыг  шийдэж өгөх нь  чухал.  Цаашлаад эмнэлгийн тоног төхөөрөмжийг ч сайжруулах шаардлага бий. Анагаахын их сургуульд эмч мэргэжлээр сурч байгаа оюутан залуус нарийн мэргэжил эзэмших хүртлээ ажлын байргүй байдаг. Тэгвэл ирээдүйн эмч нарын сургуулиа төгсөөд ажиллах шууд ажлын байр бол өрхийн эмнэлэг юм.

Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн өмнө та бүхний санал бодлыг сонсож байна”  гэж Хотын дарга хэлэв.Энэ жил Улаанбаатарт 20 хороо шинээр нэмэгдэж  шинэ байртай болж байгаа. Тэдгээр байрны дэргэд өрхийн эмнэлгийн байрыг  давхар барьсан нь ажиллах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа хэрэг. Эрүүл мэндийн анхны шатны үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлгүүдийн 95,9 хувь нь зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол муу биш үзүүлэлт гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С. Туул хэлэв. 1999 оноос хойш төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж яваа өрхийн эмнэлгүүд нэг хүний 9600 төгрөгөөр тооцож зардлаа авдаг байна. Нэг иргэнээр тооцсон зардлын энэхүү тарифыг нэмэгдүүлэх талаар Сангийн яаманд хүсэлт тавьснаа танилцууллаа.

Ийнхүү өрхийн эмнэлэг, эмч сувилагч нарт нэн чухал мэдээлэл өгсний дараа зөвлөгөөнд оролцогсод санал бодлоо илэрхийлнэ. Анхан шатны эмчилгээ үйлчилгээ үзүүлэх явцад гардаг хүндрэл бэрхшээлээ бүтэн өдрийн турш ярилцаж, зөвлөгөөний төгсгөлд энэ арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Улаанбаатар хотын Захирагч  Г. Мөнхбаяр зарим эмнэлгүүдэд тоног төхөөрөмж гардуулах юм.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.