Д.Ганхуяг: АН-ын ажлын хэсэг мөрийн хөтөлбөрийнхөө эцсийн хэлэлцүүлгийг хийсэн
2012.04.25

Д.Ганхуяг: АН-ын ажлын хэсэг мөрийн хөтөлбөрийнхөө эцсийн хэлэлцүүлгийг хийсэн

-УИХ-ын сонгууль хаяанд ирчихээд байхад хууль, бусад бэлтгэл ажил нь эцсийн байдлаар бэлэн болоогүй байна. Энэ бүхнийг та юу гэж харж байна вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ярилцаж ярилцаж шийдсэн. Одоо Орон нутгийн сонгуулийн хууль дээр ярилцаад суусан байдалтай байна. Ингэж болохгүй. Эдгээр хуулийг 2010 онд багтаагаад шийдэх ёстой байсан. Сонгууль дөхөхөөр улстөрчид, намууд өөрийгөө боддог юм шиг байгаа юм. Үүнээс болж маргалдаж, цаг хугацаа алдан, төрийн ажилд садаа болж байна. Би үргэлж өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Сонгуулийн тухай хууль бол сонгогдох хүнд зориулагдсан гэхээсээ илүү сонгогчдод зориулсан хууль байх ёстой. Ямар ч хууль гаргасан аль нэг нам, нэр дэвшигчид эерэг байна гэж байдаггүй. Бүгдэд нь нийтлэгээр үйлчлэх ёстой. Энэ өнцгөөс асуудалд хандсан бол өдийд шийдэгдсэн байх ёстой байлаа. Монгол маягийн улс төр болсон хойно хоёр талаасаа ярилцаад тодорхой тохиролцоонд хүрч байх шиг байна. 2007-2008 онд сонгуулийн төгөлдөршилийг МАН-аас гаргасан. Энэ саналыг бид дэмжсэн. УИХ, Орон нутгйин сонгуулиа хамт явуулъя гэсэн  гэж хөөрцөглөөд тийм хуулийн төсөл батласан. Үүгээрээ нэг ч сонгууль явуулсангүй. Өнөөдөр салгах төвшинд орчихоод явж байна. Дундын хувилбар болгож УИХ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийг хамт явуулъя гэсэн санал МАН-ын бүлгээс ирсэн байна. Энэ саналыг АН-ын бүлэг хараахан хэлэлцэж амжаагүй байна. Удахгүй шийдвэрээ гаргах байх.

-АН-аас УИХ, аймаг, нийслэлийн итгэдийн төлөөлөгчдийн сонгуулийг хамт явуулъя гэсэн санал гаргасан. Энэ саналаас аймаг нь хасагдаад ороод ирэхээр АН-ын гишүүд хэр хүлээж авах бол?

-Нөхцөл байдлыг сонсоё. Цаг алдалгүй шийвэрлэх ёстой уг хуулийн төслийн талаар бүлгийн бусад гишүүдийнхээ байр суурийг сонсож  миний хувьд шийдвэрээ гаргана.

-МАН-ын зүгээс сонгуулиудыг зэрэг явуулах боломжгүй гэж байсан. УИХ, нийслэлийн сонгуулийг зэрэг явуулахад цаг хугацаа болон техникийн нөхцөл хангагдах уу?

-Болгоё гэвэл санаанаасаа гэдэг шүү дээ. Болохгүй асуудал байхгүй. Монгол Улсын бүх иргэний хурууны хээг авсан. Санал өгөх машин хангалттай бий. Үүгээр авч болно. Иргэний ухаалаг үнэмлэх бол зөвхөн сонгууль өгөхөд ашиглах зүйл биш. Монгол Улсын бүх иргэдийн төрөөс авдаг бүх үйлчилгээ, мөнгөтэй холбоотой асуудал үүгээр дамждаг болж цаг хугацаа, хүнд сурталыг багасгах үйлчилгээ. Харамсалтай нь үүнийг хийх ажил нь удаашралтай явж байна. Уг нь хөгжилтэй орнууд бүгд ийм ухаалаг үнэмлэхтэй. Ийм үнэмлэхтэй болсноор монголчууд наад зах нь сар бүр 21 мянган төгрөгөө авах гэж дугаарлаж зогсох шаардлагагүй болно. Төрд ажиллаж байгаа хүмүүс сонгууль будлиантуулах, ямар ч үнээр хамаагүй ялна гэж ярьдаг. Үүнийг зогсоох хэрэгтэй. Сонгуулиар төрд ажиллаж байгаа хүн будлианд оролцсон байвал төрийн эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Энэ байр сууриа манай намын бүлэг цаашид илэрхийлээд явна байх.

-Бид анх удаа цахим хэлбэрээр сонгуулиа явуулах гэж байна. Гэтэл санал тоолох машин нь давхар тэмдэглэгээтэй байхад уншаад байгаа. Ийм тохиолдлоор Америкт сонгууль нь будлиантсан. Одоо манай тендерт шалгарсан компани нь бэлдэцээ оройтуулж, үүнээс үүдэн товлосон хугацаанд үнэмлэх бэлэн болж амжихгүй нь ээ. Улс төрийн нөхцөл тайван биш байгаа энэ үед ийм зүйлүүд давхацаж байгаа нь 2012 оны сонгуулийн үр дүнд итгэх итгэлийг сулруулж байна гэж зарим хүн харж байна?

-Би сайн утгаар нь л бодож байгаа. Ямар ч техникийг хүн бүтээдэг. Заримдаа асуудал гардаг. Эхний үед асуудал гарч байсан. Одоо тэр бүхэн байхгүй болсон гэж би ойлгож байгаа. Хүмүүс үндэслэлтэй, үндэслэлгүй юм яриад байгаа. Сонгогчоос өөр хүний оролцоогүйгээр сонгогчын эрх нь баталгааждаг тийм л машиныг бид сонгосон. Хүмүүс тэр хувийн компани руу дайраад янз янз болоод байгаа. 2008-2009 онд иргэний ухаалаг үнэмлэхийг хэвлэхтэй холбоотой “Бодь”, “МCS” групп гэсэн хоёр компани шалгаруулах гэж байгаа гэсэн яриа байсан. Энэ үед ийм асуудлыг уралдаанд шалгаруулалтгүй явуулсан байна гэж бөөн маргаан болж байсан. Тэр үед ч одоо ч мөрдөгдөж байгаа нэгэн хуулийн заалт бий. “Төрийн нууцад хамаарах асуудал дээр Батлан хамгаалах салбар сонгон шалгаруулалтгүй шийдэж болно” гэсэн заалт бий. Н.Алтанхуяг дарга тэр хуулийн дагуу л нэг компанийг нь сонгосон. Шалгаруулалт явагдах үеэр янз янзын зүйл болж цаг хугацаа алдсан гэсэн. Компани нь зөв шалгарсан байна уу, энэ нь хууль зөрчсөн байна уу гэдгийг Засгийн газар өөрөө шалгах ёстой. Бүрэн эрхтэй Засгийн газар нь ажлаа хийхгүй, УИХ руугаа ороод байж болохгүй.

-Хүмүүс энэ асуудлуудтай холбоотойгоор УИХ-н сонгуулийг хойш нь татана гэсэн яриа гарсан. Та үүнийг юу гэж харсан бэ?

-Тийм зүйл байхгүй.

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Удахгүй их суудлын хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Эндээс дунд суудлын хуралдааны шийдвэрийг зөв гэж үзвэл яах вэ?

-Шинээр дугуй зохиож байхаар сайн орны туршлагыг авсан нь зүйтэй. Бид нар Герман, Японы тогтолцоог авсан. Унасан бөх туг тойрно гэдэг асуудлыг хүмүүс ярьж байна. Гэтэл энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй тогтолцоо. Одоо үүнийг салгаад авчихвал маш цөөхөн улс хэргэлдэг парлал тогтолцоо руу бид орно. Парлел тогтолцоо нь нам гэдэг нэрийн дор хэн ч хамаагүй хүн гараад ирдэг зүйл рүү шилжинэ. Ингэхээр иргэдээс өгсөн санал ямар ч хамааралгүй болно. Хоёр нам энэ асуудлыг гурван жил ярьсан зүйл шүү дээ.

-Энэ долоо хоногт сонгуулийн товыг зарлах ёстой. АН-ын бүлэг дээр энэ талаар юу ярьж байна вэ?

-Зарлая л гэж байгаа. Энэ сарын 27-ны өдрийн дотор сонгуулийн товыг зарлая гэж байгаа.

-АН-ын ҮЗХ хэзээ хуралдаж, намын мөрийн хөтөлбөрөө ярих вэ?

-Үүнийг манай Гүйцэтгэх зөвлөл шийднэ. Гүйцэтгэх зөвлөл нэг удаа АН-ын мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцсэн. Өчигдөр /уржигдар/ ажлын хэсэг дээр эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Одоо Гүйцэтгэх зөвлөлийн хурал, бүлэг дээрээ ярьж байгаад ҮЗХ-ны хурлаа зарлана.

-Улс төрийн намууд өмнөх амлалтаа биелүүлээгүй хэрнээ дараагийн амлалтаа ярьж байна. Энэ үед хоёр намын дарга нь хоорондоо бичиг шидэлцээд яваад байгаа. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-Амьдрал өөрөө их баялаг, уужим. Ардчилсан намын тухайд ард түмэн цөөнхөөр сонгосон. Цөөнхөөр сонгосон тохиолдолд олонхи нь мөрийн хөтөлбөрөө биелүүлдэг тогтолцоо олон улсад мөрдөгдөж байна. Гэхдээ өнгөрсөн сонгуулийн дараа олонхи нь цөөнхдөө санал тавиад хамтарч ажиллах санал тавьсан. Бидний зүгээс хамтарч ажилласан тохиолдолд манай мөрийн хөтөлбөрөөс оруулна шүү гэсэн. 1.5 сая төгрөгийн тухайд тэр үед ч байгаагүй. Одоо ч байхгүй байгаа. Тодорхой төвшинд энэ мөнгийг бий болгох гэж өр зээлтэй болсон. Эрдэнийн хувийн хувьд үүнийг богино хугацаанд биелүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар Хүний хөгжлийн сангийн тухай хуульд иргэдэд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ гэсэн заалт орсон. Бусад мөрийн хөтөлбөрийн хувьд биелэсэн, биелээгүй болсон асуудал байгаа. Үүнийг ард түмэн шүүнэ байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.