Монголд газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар тэд ингэж ярилаа
Өдрийн сонин"-ы энэ удаагийн редакцийн хэлэлцүүлэг "Монголд нефть боловсуулах боломж бий юу" гэсэн сэдэвтэй байлаа. Хэлэлцүүлэгт Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Газрын тосны газын дарга Д.Амарсайхан, "Монгол секью" компанийн захирал, академич Т.Намжим, "Хэт" компанийн дэд захирал Б.Хүдэр-Ян болон "Өдрийн сонин"-ы Тамгын газрын дарга Т.Дашням, Эрэн сурвалжлах, тоймчдын албаны дарга Д.Мөнгөндалай, Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Э.Энэрэл, Эрэн сурвалжлах, тоймчдын албаны тоймч П.Хашчулуун нар оролцсон юм. Мөн өдөр тутмын сонин, телевизүүд, мэдээллийн сайтуудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэг хоёр цаг орчим үргэлжилсэн. Оролцогсод газрын тос боловсруулах үйлдвэр эх орондоо байгуулахад тулгамдаж буй асуудал, арга зам, төр, хувийн хэвшлийн оролцоо ямар байх гэхчилэн ярилцав. Хэлэлцүүлэг хэрхэн өрнөснийг уншигчдадаа хүргэе.
П.ХАШЧУЛУУН: -Өнөөдрийн газрын тосны бүтээгдэхүүний хомсдол нь нийгмийн сэтгэл зүйд энэ салбарын олон талын мэдээллийг дэлгэж өглөө. Олон хүн өөр өөрийн байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байна. Энэ бүхний эцэст хаа хаанаа "Монгол Улс ямар ч байсан дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ёстой юм байна" гэсэн нэгдсэн ойлголттой боллоо. Гэхдээ сая тонноор үйлдвэрлэдэг том оврын үйлдвэртэй болох ёстой юу, эсвэл эхлээд 120-200 мянган тонныг боловсруулдаг бага, дунд оврын үйлдвэрүүдтэй болох ёстой юу гэсэн асуудал маргаантай байна. Үүн дээр УИХ нь ямар байр суурьтай байгаа юм. Засгийн газар нь, хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд ямар бодол чиглэлтэй байгааг асуумаар байна. Эхлээд Их хурлаас эхлэх үү?
П.АЛТАНГЭРЭЛ: -Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал саяхнаас л олны анхааралд орж байна. Уг нь аль хэдийнэ анхааралдаа авах асуудал. Монгол Улс тусгаар тогтносон улс шиг улс байя гэвэл газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүчээ дотооддоо хангадаг байх ёстой. Газрын тосоор гадаадаас хараат байгааг осолтой гэдгийг үе үеийн эрх баригчид ярьсаар ирсэн ч өнөөг хүртэл шийдээгүй. Тиймээс С.Оюун, Н.Ганбямба, Д.Арвин, Я.Батсуурь нарын бидний хэдэн гишүүн энэ асуудлыг яаравчлуулах зорилгоор УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Бидний үзэж байгаагаар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудал дээр Засгийн газарт жинхэнэ ташуурын амт үзүүлэх ёстой. Ердөө л Засгийн газрын гишүүдийн толгойг илдэг нь олон болчихоод ташуурддаг нь цөөхөн болчихож. Энэ асуудалд Засгийн газар санаачилгатай ажилласан бол өдийд нефть боловсруулах жижиг үйлдвэр ажиллаад эхэлчихсэн байх байлаа. Миний хувьд УИХ-аар энэ асуудлыг хэлэлцээгүй учраас УИХ-ын нэрийн өмнөөс ярих боломжгүй. Харин тогтоолын төсөл санаачилсан гишүүний хувьд өөрийнхөө санааг хэлье. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Засгийн газрын мэдээллийг сонсох үеэр энэ асуудлын талаар асуусан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд "Төрийн оролцоотой үйлдвэр байгуулна" гэж хачин юм ярьсан. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөрөнгөө гаргаад жижиг үйлдвэр байгуулъя, шилдэг технологи оруулж ирье, дотоодынхоо түүхий нефтийг ашиглая гээд төслөө өгчихөөд байхад "Төр оролцоно. Хувийн хэвшлийнхэн чадахгүй" гэдэг төр гэж байх уу.
Үүнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Би энэ чиглэлийн мэргэжилтэн биш ч салбарынхантай нь ярилцаж байхад нефть боловсруулах үйлдвэр байгуулахад гурван л асуудал байна. Нэгдүгээрт, хамгийн сайн технологи байх ёстой. Хоёрдугаарт, түүхий эдийн хангалтаа яаж хийх нь тодорхой байх, гуравдугаарт, хөрөнгөө яаж босгохоо шийдсэн байх ёстой. Энэ гурван асуудлыг шийдчихсэн байхад үйлдвэр барина гэж байна. "Хэт" компанийнхны өгсөн мэдээллээр тусгай зөвшөөрөл авчихвал 24 сарын дотор үйлдвэрээ байгуулна гэсэн. Яамнаас өгсөн мэдээллээр энэ компани 120 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих юм байна. Энэ компани Дорнод аймагт үйлдвэрээ байгуулчихвал зүүн гурван аймгийн хэрэгцээг хангах төдийгүй бусад хэрэгцээг хангаж болж байна. Тиймээс бидний байр суурь бол, нефть боловсруулах үйлдвэр байгуулахдаа газар нутгийнхаа онцлогийг харгалзах ёстой. Хотын төвд нэг том үйлдвэр байгуулчихаад бүтээгдэхүүнээ аймгууд руугаа татах уу, эсвэл бүсчилсэн байдлаар энэ асуудлыг шийдэх үү. Төр энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой. Өдийг хүртэл нефть боловсруулах үйлдвэр байгуулаагүй нь сайд, дарга нарын хувийн эрх ашгаас үүдэлтэй зөрчил, томоохон компаниудын төрд оруулдаг лоббиноос үүдэлтэй хойшилж буй явдал. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Төр, засгийн арчаагүйгээс өнөөг хүртэл нефть боловсруулах үйлдвэрээ байгуулж чадахгүй явж ирлээ.
Д.АМАРСАЙХАН: Газрын тос боловсруулах анхны үйлдвэр байгуулах санал 2000 онд ирсэн.Түүнээс хойш нийт 17 аж ахуйн нэгж хүсэлтээ манай байгууллагад ирүүлсэн.Тэдний асуудлыг тухай бүрт нь шийдэж болно, болохгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийг гаргахдаа дөрвөн аж ахуйн нэгжид "Танай техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) шаардлагад нийцэхгүй байна" гэж мэдэгдсэн. Үлдсэн 13-т нь бололцоотой гэсэн дүгнэлтийг гаргаад харьяа яамандаа хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, манайд хандсан аж ахуйн нэгжүүдийн асуудлыг шийдсэн.Тухайн үеийн Үйлдвэр худалдааны яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдээс дөрвийнх нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа.Тухайлбал, Эрдэнэт хотод жилд 50 мянган тонн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай хийн конденсатын үйлдвэр бий.Тэднийх саяхан 700 тонн хийн конденсац оруулж ирээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. "Монгол секью" компани гэхэд ТЭЗҮ хийж, тусгай зөвшөөрлөө авчихсан. Эрдэнэтэд байдаг тос тосолгооны үйлдвэр өнөөг хүртэл ажиллаж байна. Хамгийн сүүлд тусгай зөвшөөрөл авсан "Сод Монгол" групп ТЭҮЗ-ээ дуусгах шатандаа явж байна.Үлдсэн гурван компанийн хувьд яаман дээр ажлын хэсэг дүгнэлтээ гаргачихсан байгаа.
Д.ЗОРИГТ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг өргөн хүрээнд харах хэрэгтэй.Тусгай зөвшөөрөл олгонгуут үйлдвэр баригддаг бол аль хэдийнэ үйлдвэртэй болчих байсан. Яагаад үйлдвэр баригдахгүй байгааг сайн харах хэрэгтэй. Гурван жилийн өмнө тусгай зөвшөөрлөө авсан ч үйлдвэрээ байгуулаагүй компани байна шүү дээ. Юунаас болоод үйлдвэр баригдахгүй байна гэдэг асуудлыг бодлогын хүрээнд тооцох ёстой. Эхний шалтгаан нь, Монгол Улс газрын тосны түүхий эдийн нөөцөө ердөө өнгөрсөн жил баталгаажууллаа. Өнөөдрийн батлагдсан нөөц одоо яригдаж байгаа томоохон хэмжээний үйлдвэрийг хангаж хүрэхгүй. Бодит байдал ийм. Хэн ямар хөрөнгөө, эдийн засгийн ямар үр дагавартай хийх билээ. Газрын тосны нөөцөө харахад л батлагдсан нөөц нь Тамсагийн сав газарт 119 сая тонн байна.Түүнээс үйлдвэрийн нөөц нь 19 сая тонн. Үүнийг үндэслээд жилийн хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломж мэдээж байхгүй. Эхний ээлжинд зүүн бүсийн гурван аймгийн хэрэгцээг хангах жижиг оврын үйлдвэр барья гэж байгаа. Гэхдээ жижиг оврын үйлдвэрийг төрийн зүгээс хувийн хэвшлийнхэнтэй хамтарч байгуулна. Яагаад төр оролцож байгаа юм бэ гэхээр, эдийн засгийн тооцоо хийхээр энэ салбар алдагдалтай байдаг. Үүний гол шалтгаан нь тээвэрлэлт байгаа юм. Энэ эрсдлийг төр харж байна. Дээрээс нь энэ салбар стратегийн ач холбогдолтой учраас төр орохоос аргагүй хэрэг. Судалгаа хийж үзэхэд, газрын тосны үйлдвэр байгуулахад эдийн засгийн алдагдлаа удаан хугацаанд нөхдөг. Нөгөө талаас түүхий эдийн хангамжийн асуудлаа шийдэхийн тулд эхний удаад төр оролцоод, хөл дээр нь боссоны дараа хувийн хэвшилд хүлээлгэж өгөх учиртай.
П.ХАШЧУЛУУН: -Д.Зоригт сайдын ярьж буй энэ асуудал өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллээр хангалттай яригдсан сэдэв. Энэ хэлэлцүүлгээр маргааш яах вэ, юу хийх ёстой вэ гэдгийг ярих нь зөв болов уу гэж бодож байна?
-Д.ЗОРИГТ: Маргаашийг харж ярихын тулд эдийн засгийн тооцоог ярих ёстой. Дахиад хэлье. Дарханд үйлдвэр байгуулах төсөл 600 сая ам.долларын баталгааг төрөөс гаргаж өгөхийг хүсэж байгаа. 600 сая ам.доллар гэдэг бага мөнгө биш. Хөгжлийн банк, Сангийн яаманд энэ саналыг өгсөн. Сангийн яам "Өнөөдрийн хуулийн орчинд ийм хэмжээний мөнгөнд баталгаа гаргах боломжгүй" гэсэн. Гэхдээ энэ асуудлыг шийдэх л ёстой.
Б.ХҮДЭР-ЯН: -Манай компани энэ асуудлыг 2000 оноос судалсан. Өнгөрсөн жил нөөц батлагдсантай холбоотой газрын тос боловсруулах үйлдвэрээ барихаас өөр аргагүй болсон. ТЭҮЗ гаргачихсан, ашигтай төсөл. Жилд 120 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай жижиг үйлдвэр байгуулна. Дорнод аймгийн Булган суманд үйлдвэр байгуулах газраа авсан. Одоо үйлдвэрээ захиалах шатандаа явж байгаа. Үйлдвэр маань олборлолтын талбайгаас 180-аад км-ийн зайд байх юм. Тэгэхээр авто тээврээр тээвэрлэлт хийчих учраас асуудал бий. Нийт 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг зээл болон өөрийн хөрөнгөөр шийднэ. Энэ төслийг хийхээс ч аргагүй, хийх ч болно. Одоо тусгай зөвшөөрлөө л хүлээж байна.
Т.НАМЖИМ: Манай компани Дархан-Уул аймагт том хэмжээний газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар 2007 оноос тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж эхэлсэн. Жилд хоёр сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай том хэмжээний үйлдвэр. Тухайн үеийн ТЭЗҮ-ээр санхүүжилтийн хэмжээ их байсныг дахин шинэчилж 600 сая ам.доллар болгосон. Ийм хэмжээний хөрөнгийг Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр зээлэхээр тохиролцсон. Одоогоор Засгийн газраас баталгаа хүсэж байгаа. Манай компанийн хувьд төртэй хамтрахад бэлэн байгаа. УИХ-ын 2010 оны 45 дугаар тогтоолд "Дархан-Уул аймагт жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон хувийн хэвшлийн оролцоотой консорциум байгуулж үйлдвэрийг барьж эхэлнэ" гэж заасан. УИХ-ын 2010 оны арваннэгдүгээр сарын 23-ны 302 дугаар тогтоолд ч энэ тухай заасан байгаа. Тэгэхээр төрийн оролцоотой консорциум байгуулах ажил бэлэн болчхоод байгаа.
П.ХАШЧУЛУУН: -Хэлэлцүүлгийн уур амьсгалаас харахад Засгийн газар "Монгол секью" компанийг, УИХ "ХЭТ" компанийг дэмжсэн байдалтай байна. Тийм үү?
Д.ЗОРИГТ: -Ингэж ойлгож болохгүй. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Аль нь ч үйлдвэр байгуулсан монополь чанартай байх учраас төрийн оролцоо зайлшгүй байх ёстой. Үүнд ямар нэг байдлаар ялгавартай хандаагүй. "Монгол секью" компани нэлээд нарийвчилсан ТЭЗҮ гаргачихсан, санхүүгийн асуудлаа шийдэхээр Сангийн яамтай ярилцаж байгаа. Харин "Хэт" компанийн төсөл ТЭЗҮ өгчихсөн байгаагаас санхүүгийн баталгаагаа гаргаагүй байгаа. Энэ салбарт төрийн оролцоо байх ёстой л гэсэн адил байх сууринаас бид хандаж байгаа.
Э.ЭНЭРЭЛ: -Төрийн оролцоотой байх нь яагаад буруу гэж, эсвэл яагаад зөв гэж. Талууд байр сууриа илэрхийлээч?
П.АЛТАНГЭРЭЛ: -Стратегийн ордод төрийн оролцоо байснаар Үндэсний аюулгүй байдал хангагдчихгүй. Харин ч хувийн хэвшлийнх тусам Үндэсний аюулгүй байдал хангагдана.Төр ямар нэг зүйлд оролцоод ирэхээр хувийн хэвшлийнхэн төрд дуудагдаж, загнуулсаар байгаад дуусдаг.Тусгай зөвшөөрөл өгчихөөд байхад үйлдвэрээ байгуулаагүй байгаа нь төрийн л буруу. Тусгай зөвшөөрөл олгодог дүрэм, журмаа тодорхой болгох ёстой. Тусгай зөвшөөрөлдөө "За танайх тийм хугацаанд тийм ажлаа хийсэн байх ёстой. Түүнийгээ хийхгүй бол төр оролцоно шүү" гэдгээ тодорхой заачих. Түүнээс "Та нар чадахгүй. Төр оролцоно" гээд байвал ажил явахгүй. Шалтгаан нь ердөө л энэ. Журамтай байсан бол хэдүйн жилийн өмнө зөвшөөрлөө аваад үйлдвэрээ байгуулаагүй нэгнийх нь тусгай зөвшөөрлийг хураагаад чаддагт нь өгчих байсан.Төр бодлогоор бүх зүйлээ зохицуулдаг болохоос дотор нь ороод хувь эзэмшигч болно гэдэг утгагүй. Төрийн оролцоо энэ асуудалд ямар ч хэрэггүй. Т.Намжим гуай УИХ-ын тогтоолыг ярьж байна. Гэтэл энэ хөтөлбөр, тогтоолыг баталж байхад ОХУ манай газрын тосны бүтээгдэхүүнийг бүрэн хангаад асуудалгүй байсан. Одоо байдал өөр болчихлоо.Т.Намжим гуай гурван улсын гэрээгээр түүхий нефть оруулж ирээд үйлдвэр байгуулна, төрөөс 600 сая ам.долларын баталгаа гаргаж өгнө гэж ярьж байна. Гэтэл хоёр улсын хооронд шатахуун нийлүүлэх гэрээ хэрэгжихгүй байгааг бид харж байна. Бусад улсууд маш олон улстай хиллэдэг учраас түүхий нефть оруулж ирээд боловсруулж болдог. Гэтэл манайх Хятад, Оросоор л дамждаг. Тэгэхээр түүхий нефть ч зөөсөн, боловсруулсан нефть ч зөөсөн хараат хэвээрээ л байна. Харин бид хараат бус болох тухай ярьж байна. Засгийн газарт тэр үйлдвэр байгуулах 51 хувийн мөнгө байгаа юм уу. Хятадаас л гуйна шүү дээ.
Д.ЗОРИГТ: Засгийн газрын бодлого гэж ярьж болохгүй л дээ. УИХ-ын 2010 долдугаар сарын 9-ний өдөр баталсан 45 дугаар тогтоолд Засгийн газар болон хувийн хэвшлийн оролцоотой консорциум байгуулах тухай заасан. Тэгэхээр Засгийн газар энэ тогтоолыг дагахаас хоёр компанид хоёр өөрөөр хандаж болохгүй. Үйлдвэр дээр төрийн оролцоотой байна гэдэгт УИХ-ын тогтоол, Засгийн газрын бодлого байна. Үүгээрээ л явна. Харин УИХ дээр энэ асуудлыг шийдээд өөр тогтоол гаргавал бид эсэргүүцэхгүй.
П.АЛТАНГЭРЭЛ: Энэ тогтоол чинь хэрэгжихгүй байсаар гурван жил өнгөрлөө. Хэрэгждэг тогтоол болгоё л доо.
Д.ЗОРИГТ: Ноднин жил нөөцөө баталгаажууллаа. Одоо үйлдвэр барих асуудлаа ярьж байна. Урагшаа явж байгаа биз. Т.Намжим гуай 2007 онд үйлдвэр байгуулах асуудлыг хөөцөлдөхдөө гаднаас түүхий эд авна гэхээс өөр яах байсан юм. Үүнд зарчмын ялгаатай байр суурь байхгүй шүү. УИХ-д таны өргөн барьсан тогтоол батлагдвал хэрэгжүүлээд л явна. Нөгөө талд гурван жил яваад санхүүгийн хохирол амссан бэлэн жишээ байна. Харин түүхий нефтийн хангамжийн асуудал бол тусдаа. Нефтийн хараат бус болох нь стратегийн том зорилт. Үүнийг хэн ч эсэргүүцээгүй. Гэхдээ өөрийн нөөцөө өнгөрсөн жил баталсан хүмүүс "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулаагүй нь төр засгийн 20 жилийн алдаа" гэж ярьж болохгүй. Үе шаттай явах ёстой.
Э.ЭНЭРЭЛ: -Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 2020 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангана гэж заасан байгаа. Энэ заалт хэзээ хэрэгжих вэ?
Д.АМАРСАЙХАН: -Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад байгаль орчинд хор нөлөөгүй, орчин үеийн техник технологи бүхий орчин үеийн шаардлага хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг шаардлага тавьдаг. Мөн санхүүгийн асуудал шийдсэн, түүхий эд бэлэн байх зэргийг заасан байдаг. "Монгол секью" гэхэд 2007 оноос хойш явлаа. 2010 оны аравдугаар сараас л мөнгөнийх нь зээлжих эрх тодорхой болсон. Тусгай зөвшөөрөл авсан компаниудаас санхүүгийнхээ баталгааг гаргасан компани нэг ч байхгүй. Төрөөс түүхий эдийнх нь эх үүсвэрийг шийдэх үүднээс 2003 оноос хөөцөлдөж эхэлсэн. Эхний байдлаар 2003 онд "Роснефть"-ээс "Монголд боловсруулах үйлдвэр байгуулсан нөхцөлд түүхий эд авна" гэсэн тохиролцоонд хүрсэн. 2007 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Арабын орнуудад айлчлахдаа гурван улсаас тус тус сая тонн түүхий эд авахаар болсон. 2006 онд Казахстанаас жилд хоёр сая тонн түүхий эд авч байхаар болсон. Үүн дээр дотоодын нөөц 2010 оны долдугаар сард тодорхой болсон. Тогтоогдсон нөөц 200 сая тонноор нэмэгдэнэ. Тэгэхээр Тамсагийн сав газраас нефть олборлож болох хэмжээ нь 23 сая тонн болох юм. Хайгуулын ажил эрчимжүүлж, дахиж нөөц бий болохоор энэ тоо өснө. "Хэт" компанид газрын тос өгье гээд ярихад эхний ээлжинд тусгай зөвшөөрөл болон "Монголын талд ногдох газрын тосыг бид авъя" гэсэн гэрээг Засгийн газартай хийчихсэн байх ёстой. Энэ гэрээ өнөөдрийг хүртэл хийгдээгүй. Тамсагаас Монголын талд ногдох түүхий эдийг Засгийн газар дэлхийн биржийн ханшаар худалдаж байгаа. Үүнийг "Хэт" яаж авах нь тодорхойгүй хэвээр л байна.
Д.МӨНГӨНДАЛАЙ: -Яг хэдий хугацаанд Монгол Улс дотооддоо нефть боловсруулах боломжтой вэ гэдэг тодорхой хугацаа хэлэх боломж байна уу?
Д.АМАРСАЙХАН: Хугацааны хувьд манай байгууллага болон олборлогч компаниудын судалгаагаар 2015 онд Монгол Улсад нэг сая тонн нефть олборлоно. Зүүн аймгийг хангах жижиг үйлдвэрийг байгуулахад суурь тавьснаас хойш 1.5 жилийн дараа эцсийн бүтээгдэхүүн гаргана. Түүнээс өмнө энэ компани хөрөнгөө шийдэх ёстой. Засгийн газрын мэдлийн газрын тосыг "Хэт" компани боловсруулах асуудал яригдаж байна. Энэ жил л гэхэд Тамсагаас Монголын мэдлийн 70 тэрбум төгрөгийн тос гарна.
П.ХАШЧУЛУУН: -Д.Зоригт сайд аа, 2015 онд нэг сая тонн нефть олборлох нь үнэн үү?
Д.ЗОРИГТ: -Юу гэсэн үг вэ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн үг бол Засгийн газрын үг. Тиймээс тийм гэж хариулна.
Д.АМАРСАЙХАН: Тос нь өөрийн улсын юм чинь үйлдвэрээ байнга ажиллуулж байх шаардлагатай. Үүний тулд төр оролцох гээд байгаа юм. Том үйлдвэрийн түүхий эдийг төр сүүлийн 5-6 жилд бэлтгэж өглөө.
Д.ЗОРИГТ: Түүхий тос үнэтэй эд. Жилд 70 тэрбум төгрөгийн түүхий тос боловсруулж төсөвт оруулж байна гэдэг их мөнгө. Компаниуд зах зээлийн үнээр түүхий тосоо авах юм бол бас л асуудал. Урт хугацаанд хэрэгжих төсөлд бага хүүтэй, урт хугацаатай зээлээр санхүүжихийн тулд төрийн оролцоо хэрэгтэй. Төр өөрийнхөө хамтарсан үйлдвэртээ түүхий эдээ оруулж байж үйлдвэр чинь босно биз дээ.
Б.ХҮДЭР-ЯН: Манай компанийн хувьд 50-хан сая ам.долларын асуудал яригдаж байна. Гэхдээ 50 сая ам.доллараа барьж байгаад үйлдвэр барих асуудал биш. Тусгай зөвшөөрлөө авчихаад үе шаттай хөрөнгө оруулалттай хийнэ. Тусгай зөвшөөрөлгүй компани хаана, хэнтэй санхүүгийн асуудлаа ярилцаж хөрөнгө босгох юм бэ. Хэрвээ тусгай зөвшөөрлөө авчихвал үе шаттай санхүүжүүлээд явах боломжтой. Нэг жижиг үйлдвэр барьснаар монополь болно гэж байхгүй. Нөөц нь байгаа юм чинь өөр олон үйлдвэр байгуулаг л дээ.
П.АЛТАНГЭРЭЛ: Төр хувийн хэвшлийг дэмжинэ гэж байгаа бол тусгай зөвшөөрлийг л өгчих. Чадахгүй бол буцаагаад авчих.
Д.ЗОРИГТ: -"Хэт" компани төрийн оролцоотой компани байж болно гэдгээ хүлээж зөвшөөрч байгаа. Тийм үү?
П.АЛТАНГЭРЭЛ: Ингэж тулгаж болохгүй шүү, Зоригт сайд. Хүдэр-Янг дарамталж байна. Төр хувийн хэвшлийг ингэж л дарамталдаг. Өнөөдрөөс эхлээд Хүдэр-Ян улам л хүнд байдалд орох юм байна.
Б.ХҮДЭР-ЯН: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай болоод байна.
Э.ЭНЭРЭЛ: -Яагаад жижиг хэмжээний үйлдвэрүүд байгуулж болдоггүй юм бэ. Орост л гэхэд тийм жишиг бий шүү дээ. Үүнд заавал төр оролцох гээд байх шаардлага байгаа гэж үү?
Т.НАМЖИМ: -Манай компанид 85 хувийн хөрөнгө оруулалтыг Японы Засгийн газар дааж зээл олгох юм. 15 хувийг нь Японы корпораци санхүүжүүлээд өгье гэж байгаа. Энэ бол шийдчихсэн асуудал. Төвийн бүсийг хангах томоохон үйлдвэртэй байх ёстой. Манайх төвийн бүсээ хангана. Тэгэхээр энэ хоёр төслийг сөргүүлэх ямар ч шаардлагагүй.
Д.ЗОРИГТ: Энэ хэлэлцүүлгээр арга замыг хайх асуудлыг ярих ёстой. Засгийн газраас Дарханд "Монгол секью" компанийн төслийг хэрэгжүүлэх талаас нь ажиллана. Жижиг үйлдвэрүүдийг ч дэмжиж ажиллах болно. Төрийн мэдэлд байгаа түүхий тосыг зүүн бүсэд яаж боловсруулах асуудлыг ярьж байна. 50-хан сая ам.доллар гэж ярьж байна. Энэ бага мөнгө биш. Үүнийг босгоход ямар нэг байдлаар төр оролцоно. Төрийн оролцоотой байвал мөнгө босгох зэрэг ажил нь өөрөөр явна. Түүнээс өнөөдөр тусгай зөвшөөрөл олголоо гэхэд жилийн дараа ямар байхыг хараарай.
П.АЛТАНГЭРЭЛ: 120 тонн шатахуун боловсруулахад төр оролцох ямар шаардлагатай юм бэ.
Д.ЗОРИГТ: Компани нь энэ ажил явагдах ёстой гэж байгаа нь төр оролцохыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг.
Д.АМАРСАЙХАН: Төр оролцож байгаагийн учир нь "Монгол секью" жилийн гурван хувийн хүүтэй зээл авч байгаа. "Хэт"-ийнхэн өөрсдөө хөөцөлдөөд зээл авахаар жилийн 10-15 хувийн хүүтэй зээл авна.
П.АЛТАНГЭРЭЛ: -Засгийн газрынхан мэргэн хүмүүс шиг бүхнийг урьдчилаад харж ярьдаг. Хэн ямар хүүтэй зээл өгөхийг мэдэж байгаа юм байна. Харамсалтай нь ингэж урьдчилж харахдаа дандаа буруу хардаг. Эцэст нь хэлэхэд, тусгай зөвшөөрөл хүсч байгаа бүх компанид зөвшөөрлийг нь өг. Харин тодорхой хугацааны дараа ажлаа хийж чадахгүй бол зөвшөөрлөө хураагаад, төр оролц. Миний хувьд дахиад л хэлье. Хувийн хэвшлийнхэн чадна, тусгай зөвшөөрлийг нь өгчихөөч ээ гээд байхад "Үгүй ээ төр заавал оролцоно. Оролцох ч ёстой" гэж гацаагаад байгаагийн чинь цаана огт өөр эрх ашиг явж байгаа шүү. Нөхцөл байдал цаг, цагаар өөрчлөгдөж байгаа.
Б.ХҮДЭР-ЯН: Одоо манайд тусгай зөвшөөрөл л хүлээгдэж байна. Үүний дараа санхүүгийн асуудал шийдэгдэх бүрэн боломжтой. Дахиад хэлэхэд, үйлдвэрийн санхүүжилт нэг өдөр пал хийтэл орохгүй. Бидний ТЭЗҮ-ээр Монголын талд оногдож байгаа нефтийг зах зээлийн үнээр нь худалдаж авсан ч ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр энэ бол тийм ч бололцоогүй асуудал биш. Манай бүтээгдэхүүн "Евро-3" стандартыг хангана. Өөрөөр хэлбэл, одоо зах зээлд борлуулж байгаа шатахуунаас илүү чанартай байна гэсэн үг.
Д.ЗОРИГТ: Санхүүжилтийн асуудлыг шийдүүлэхгүй гээгүй. Харин төр оролцвол зээлийн хүү буурна. Төрд оногдож байгаа түүхий тосыг хөнгөлөлттэй үнээр борлуулбал, хэрэглэгчдэд хүрэх бүтээгдэхүүний үнэ буурна. Энэ бүх боломжит нөхцөлийг бүрдүүлэх гээд байгааг эсэргүүцэх нь ямар учиртай юм бэ. Ингэж боссон маш олон орны туршлага байгаа.
П.АЛТАНГЭРЭЛ: Өөр аргаар дэмж. Төрийн мэдлийн түүхий эдээ хямдралтай үнээр олго.
Т.НАМЖИМ: Манай төслийн хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр төвийн бүсийн хэрэгцээг хангана. Санхүүжилт нь шийдэгдэх асуудал. Японы олон улсын хамтын ажиллагааны банкны дэд ерөнхийлөгч нарын албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд, УИХ-ын дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргатай уулзахдаа "Танай энэ төсөл Монгол-Японы харилцааны бэлгэ тэмдэг болно. Бид санхүүжүүлэхэд бэлэн. Та нар төр, хувийн хэвшлийн оролцоотой компаниа хурдан байгуул. Тэгээд гэрээ хэлцэлээ хийе" гэсэн гэв.
Уншигчдаас нэр бүхий гурван компани мөн бүх хөрөнгө гаргаад үйлдвэр байгуулъя гээд байгаа "Mongolian oil and gas" компанийн тухай яагаад ярихгүй байна вэ гэсэн асуултыг Д.Зоригт сайдын нэр дээр ирүүлснийг лавлахад мөнөөх шалгуур даахгүй байсан, хөрөнгийн баталгаа гаргаж өгөхгүй байгаа учраас гэсэн хариултыг хэлсэн юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Монголд нүүрснээс шатахуун гаргах төсөл боловсруулсан "Ий-Си-Эм" компанийн төлөөлөгч тусгай зөвшөөрөл хэрхэн авах талаар асуухаар уулзалтад ирсэн байсан юм.Түүний асуултад Д.Зоригт сайд хариулахдаа "Нүүрс боловсруулах үйлдвэрт тусгай зөвшөөрөл өгдөггүй. Үйлдвэрээ барьж болно. Танайхыг бол бүрэн дэмжиж байгаа" гэсэн юм. Харин П.Алтангэрэл гишүүн "Тэгээд бусдыг нь бүрэн бус дэмжиж байгаа юм уу" гэснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Өдрийн сонин Тэмдэглэсэн Б.ЦЭЦЭГДЭЛГЭР Гэрэл зургуудыг Ц.ЦЭРЭННАДМИД