”Улс төрийн тойм” 2010 оны хүнээр ерөнхий сайд С.Батболдыг нэрлэж байна
2010.12.28

”Улс төрийн тойм” 2010 оны хүнээр ерөнхий сайд С.Батболдыг нэрлэж байна

Монголын  улс төр, эдийн засгийн талбарыг дөрөв дэх засаглалын байр сууринаас  өнгөрсөн нэг жилийн турш тольдож, элдэв чамирхалгүй бодит үнэнийг илэрхийлэхүйц ярилцлага болон хөндлөнгийн шударга нийтлэлээр уншигч олны талархлыг хүлээж чадсан “Улс төрийн тойм” сонин  2010 оны хүнээр  Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболдыг нэрлэж байна.

Тpm_batbold_city_meetэрбээр өнгөрсөн нэг жилийн туршид Монголын улс төр төдийгүй нийгмийн хөгжилд  онцгойлохуйц шийдвэрийг гаргаж, гүйцэтгэх засаглалыг залгамжлагчийн бус бие даасан байр сууринаас удирдаж чадна гэдгээ ард түмнийхээ  өмнө нотолсон юм. Ийнхүү түүний хийсэн онцлох ажлуудыг ач  холбогдолынх нь дарааллаар  жагсаалаа.
1. НАМЫН ШИНЭЧЛЭЛЭЭР НИЙГМИЙН ШИНЭЧЛЭЛД УРИАЛАВ
Монголын ууган улс төрийн намын анхны нэрийг сэргээж, МАХН-ыг Монгол Ардын нам болгохдоо тэрбээр өөрийгөө ямархуу удирдагч болохоо харуулсан  юм. Өнгөрсөн 20 жилийн турш өөр хоорондоо зөрчилдсөн ахмад зүтгэлтнүүд хийгээд эрх мэдлийг гараас гарт бус зөвхөн өөрийн гарт төвлөрүүлэхийг хүссэн Монгол Ардын намын лидерүүдийг нэг гарт зангидаж чадсан нь түүнийг ийн үнэлэх болсны баталгаа билээ.

рдын нам болгон өөрчилсөн нь энэхүү зоригтой өөрчлөлтийг улирч одсон он жилүүдэд Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Баяр гэсэн намын дарга нар нь удаа дараа өөр өөрийн сонирхлоор санаачилж байсан ч гүйцэлдүүлж чадаагүй байдаг. Харин энэ удаад тэрбээр экс Ерөнхийлөгч  Н.Энхбаяраас бусад бүх намынхаа лидерүүдийн хамт намаа шинэчлээд зогсохгүй нийгмийг ирэх 20 жилийн бодит бүтээн байгуулалтын төлөөх аянд уриалж чадлаа. Ингэхдээ та бидний өмнө шинэчлэлийг хувьсгалаар бус эв нэгдлийн замаар хийж болдгийг үлгэрлэхийн зэрэгцээ цаашдын нийгмийн хөгжлийг “Манай намд бүтээн байгуулалтын маш тодорхой бодлого, хөтөлбөр байна. Эдийн засгийн бодлого бүхэлдээ үүнд чиглэгдэх болно.

Монгол хүн бүр үндэснийхээ баялгаас оролцооныхоо хэрээр шударга хүртэх, иргэн бүр ажил хөдөлмөр эрхлэн байнгын орлоготой болох боломжтой байхаар хүний амьдралын чанарыг дээшлүүлэх нөхцөл бололцоог хангах нь намын эдийн засгийн бодлогын үндсэн зорилт байсаар байх бөгөөд эхний ээлжинд хүний хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлого баримтлах нь зүйтэй” хэмээн бодит тодорхойлолтоор томъёолсон юм.
2. ТӨМӨР ЗАМЫН  60 ЖИЛИЙН НАСТАЙ ГЭРЭЭНД “САЛХИ” ОРУУЛАВ
Монгол Улсын үе, үеийн төр засгийн удирдлагуудын өмнө “Улаанбаатар төмөр замын” гэрээнд салхи оруулж, өөрчлөлт хийх их зорилго хамгийн бэрхшээлтэй биелүүлэхэд хэцүү зорилт байж ирсэн нь гарцаагүй. Тэгвэл С.Батболдын тэргүүлж буй хамтарсан Засгийн газар энэ удаад бүхэл бүтэн 60 жилийн настай хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт хийж, ОХУ-ын эрх ашгийг Монголын талтай тэнцвэржүүлэх анхны алхмыг хийж чадлаа. Улмаар сүүлийн 20 жилийн турш хөрөнгө оруулалт хийхээс татгалзсаар ирсэн Оросын Засгийн газар энэ удаад “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлэгчийнхээ хувиар 125 сая ам.долларын санхүүжилт хийхээр болов. Ингэснээр өнгөрсөн 25 жилийн турш техникийн дорвитой шинэчлэл  хийгдээгүй “Улаанбаатар төмөр зам”-ын хөдлөх бүрэлдэхүүний паркт шинэчлэл хийх боломжтой болсон юм.
3. ИХ ӨРИЙГ ЖИНХЭНЭЭСЭЭ ТЭГЛЭХЭЭР ТОХИРЛОО
Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн айлчлалын онцгой нэг үр дүн бол их өрийг тэглэх тохиролцоо байлаа. Тус улсын Ерөнхийлөгч Д.Медведев Халх голын дайны ялалтын баярт оролцохоор ирэх үедээ “Монгол Улс ОХУ-д төлөх ёстой Их өр бүрэн тэглэгдээгүй” гэсэн мэдэгдэл Монголын төрийг хөдөлгөөнд оруулсан юм. Улмаар дээрх мэдэгдлийн учрыг олох гэсэн олон удаагийн яриа хэлэлцээр хоёр орны төр засгийн төлөөлөгчдийн дунд зохион байгуулагдсан.  

Тэгвэл Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар 3.2 сая ам.долларын өрийг нэг удаагийн гүйлгээгээр төлсөн тохиолдолд ОХУ-ын Засгийн газар Монголын эдийн засгийн хөгжилд бодит дэм үзүүлэхүйц ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын зээл өгнө гэдгээ амласан. Энэ бол их өрийн дарамтнаас гарч чадахгүй нь хэмээн айж, эмээж байсан, талцаж, толхилцож байсан Монголын төрийн дарамтыг арилгахуйц хамгийн сайн хэлэлцээр юм. Ингэснээрээ  Н.Энхбаярын үед  дэглэсэн  “Их өр тэглэгдэв” гэсэн хуурамч дуулианыг залруулж социалист Монголын өрийг шинэ зууны капиталист эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараан дээр цуцалж чадлаа.
4. ЕВРОПЫН СТАНДАРТЫГ МОНГОЛД НУТАГШУУЛАХААР ЗОРИГЛОВ
Тэрбээр Ерөнхий сайд болсон даруйдаа Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа стандартыг шинэчлэх замаар улс орны хөгжлийг удирдана гэдэг зорилтыг тодорхойлсон. Тэгвэл энэ онд тэрхүү зорилгынхоо хүрээнд Европын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, 2011-2013 оны хугацаанд Монголд Европын стандартыг мөрдлөг болгохын тулд таван сая еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр монголчуудын ажиллаж амьдрах орчин, сурч боловсрох сургалтын арга барил, эдийн засгийн бодит үр өгөөж, иргэдийн өмнө бий болох бодит боломж бололцоо гээд нийгмийн хөгжлийн үндэс болсон бүхий л хүчин зүйл хөгжингүй орны жишигт хүрч, тэр хэрээр та бидний өмнө Европын орнууд улам бүр нээлттэй болох боломжтой юм.
5. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХӨГЖИХ ГАРЦЫГ НЭЭЛЭЭ
Ерөнхий сайдынхаа хувьд С.Батболдын хөндөж тавьсан нэг гол санаачилга нь Монголын Хөрөнгийн биржийг шинэчлэх хөтөлбөр байлаа. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд ажлын хэсэг байгуулж, улмаар орчин цагийн хөгжлийг дагаж хөгжих нь бүү хэл анх байгуулагдсан цагийнхаа байранд зогсч байгаа Монголын Хөрөнгийн биржийг хөгжүүлэхийн тулд олон улсын нээлттэй тендер зарлав.

Зах зээлийн эдийн засагтай улс орны хувьд тухайн орны эдийн засгийг тэтгэх, хөрөнгө оруулалтыг уриалан дуудах гол гарц нь байдаг гол салбар болох хөрөнгийн зах зээлийг ийнхүү дэлхий рүү хөтөлсөн нь гүйцэтгэх засаглалын үе, үеийн удирдлагын хувьд зүрхэлж хийгээгүй санаачилга байсан юм.
6. ИРГЭН БҮР ЭХ ОРНЫХОО БАŸЛГААС ХУВЬЦАА ХҮРТЭХ БОЛОВ
Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам болон Ардчилсан намын барьж орсон сонгуулийн амлалтад үл итгэсэн иргэдийн эргэлзээнд тэрбээр “Иргэн бүрт эх орны баялгаас хувьцаа хүртээх болно” гэсэн огцом мэдэгдлээрээ хариулт өгсөн юм. Ингэснээр иргэдэд энэ жил сар бүр 10 мянган төгрөг олгосон шигээ ирэх оноос 21 мянган төгрөг хүртээнэ гэдгээ Ерөнхий сайдын хариуцлагатай албанаас итгэл төгс  амлалаа. Улмаар хувьцааг зөвхөн улаан, ягаан тасалбар төдийхнөөр ойлгодог байсан монголчуудын сэтгэлгээнд эргэлт хийж, цаашид “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулж төрөөс олгох 2.5 сая төгрөгөөс сургалтын төлбөрөө төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа бөглүүлж, орон сууцны зээлд хамрагдаж өөрийн нуруун дээр ирж буй санхүүгийн дарамтнаасаа тодорхой хэмжээгээр ангижрах боломжтой болох юм.

Мөн зөвхөн төрийн албан хаагч гэсэн хязгаарлагдмал хүрээнд хэрэгжиж ирсэн орон сууцны хөтөлбөрийг жирийн иргэд рүү чиглүүлэх зорилгоор ирэх оноос “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болж, уг хөтөлбөрт хамрагдахын тулд “Хүний хөгжлийн сан”-гаас дэмжлэг авч болохыг ч хуульчиллаа. Энэхүү ажил нь биелүүлэх ёстой улс төрийн намуудад улс төрийн соёлын сонгодог нэгэн загвар болж өгсөн гэхэд ч буруудахгүй биз ээ.
7. ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЛЭЭ
Улмаар тэрбээр энэ сарын эхээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулахаа албан ёсоор зарлав. Үүнийгээ “Хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд Оюутолгойн төслийн санхүүжилтийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, давуу эрхийн хувьцааны гэрээнд тусгагдсан асуудлыг өөрчлөх, хөрөнгө оруулагч талууд өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулахдаа Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авахаар болсон” гэдэг эрс шийдэмгий мэдэгдлээр илэрхийлсэн нь гүйцэтгэх засаглалын тэргүүний байр сууринаас хийсэн хамгийн сүүлийн үеийн онцлох мэдэгдэл нь болсон юм. Ингэснээрээ тэрбээр бүхэл бүтэн 30 жилийн хугацаанд хөдлөхгүй хэмээгдэж байсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийснээрээ тэрбээр улс төрийн талбарт гаргасан алдааг засч болдоггүй бус засч болдог гэдгийг баталж өгөв.
8. ХҮНЭЭ ТООЛЛОО
Монголын төр сүүлийн арван жилд анх удаа хүнээ, иргэдийнхээ амьдралын баталгаа болсон орон сууцны тооллогыг, иргэний шинэчилсэн бүртгэлийг Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газар хариуцаж хийсэн. “Хүнээс илүү мал гэж байх уу” хэмээн гоморхох олон хүний хувьд “Хүмүүнд төр эрхэм. Төрд хүмүүн эрдэнэ” гэсэн уриан дор зохион байгуулсан энэхүү тооллого Монгол Улсын иргэн гэдэг бахархлыг нь сэргээхийн зэрэгцээ “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулж хишиг хүртэх боломжийг нь нээсэн онцгой нэг хөтөлбөр болж өгсөн юм.
9. ТАВАНТОЛГОЙГ ХӨДӨЛГӨЛӨӨ
Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан цагаас эхэлж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил эрчимжүүлэв. Ингэхдээ “Эрдэнэс МГЛ”-ын харъяа “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, уг компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах замаар хөрөнгө оруулалт босгох шинэ санаачилгыг томьёолсон юм. Түүнчлэн Тавантолгойг төр 100 хувь мэдэлдээ байлгана гэдгийг баталгаажуулсан нь баялгаа “Гадаадын хөрөнгө оруулагчдад алдаад дуусах нь” гэсэн олны хүний болгоомжлолд эцсийн таатай хариулт болж өгчээ.
10. МОНГОЛЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ДЭЭШИЛЖ ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ВАЛЮТЫН НӨӨЦТЭЙ БОЛОВ
Ингэж өнгөрсөн нэг жилийн хугацаанд  Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг бодит үзүүлэлтээр дэмжиж чадахуйц тодорхой шийдвэрийн эзэн байж чадсан түүний ажлын дүн нь зээлжих зэрэглэлийн тухай таатай мэдээгээр үргэлжлэх нь тодорхой. Төрөөс эдийн засгийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нээлттэй бодлого илэрхийлж, дэлхийн санхүүгийн хямралын үед тогтвортой бодлого баримталсных нь хүчинд Монгол Улсын зээлжих зэрэглэлд “Фитч”, “Стандарт энд Пүүрс”, “Мүүдийз” гэсэн олон улсын нэр хүндтэй байгууллагууд нэгэн дуугаар “В+” гэсэн үнэлгээ өгч, зээлжих зэрэглэлийг нэмжээ. Мөн Монгол банк түүхэндээ байгаагүй их валютын нөөцтэй болсон бөгөөд энэ тоо хоёр тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Энэ үнэлгээ цаашид манай улсыг эдийн засгийн найдвартэй түншлэгч болохыг батлах хамгийн том үзүүлэлт бөгөөд нэг жилийн хугацаанд С.Батболдын Засгийн газрын хийсэн ажлын бодит үр дүн гэж дүгнүүлэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу.

Гэхдээ энэ бүхнээр Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга С.Батболдын Монголын нийгэмд, төрд оруулсан хувь нэмэр хязгаарлагдахгүй ч яах аргагүй галын шугам дээр найрамдлыг эрхэмлэгч, бодит үр дүнг холоос бус ойроос олж хардаг,  төрийн шийдвэрээр дамжуулж улс орны ирээдүйг тодорхойлж чаддаг улстөрч болохоо өнгөрч буй 2010 онд илтгэсэн гэдэгтэй маргах хүн цөөхөн байх биз ээ. Ийнхүү “Улс төрийн тойм” сонин 2010 оны хүнээр Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболдыг нэрлэж байна.

Г.Отгонжаргал
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.