Үндэсний хөтөлбөр, төсөл батлах нэг хэрэг, хүрэх үр дүн чухал
2010.12.24

Үндэсний хөтөлбөр, төсөл батлах нэг хэрэг, хүрэх үр дүн чухал

УИХ-ын нэгдсэн чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай байв. Энэ асуудалтай холбоотой хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх танилцууллаа.baigal_nuur

Энэ үеэр Р.Буд гишүүн асуулт тавьсан, тэрээр бид их олон төрлийн хөтөлбөр баталдаг ч хэрэгжилт тааруу байдаг. Танай яаманд үүнээс өөр ямар хөтөлбөр байгаа бол, хэрэгжилт нь ямар байна вэ гээд зарим зүйлд үг, үсэг агуулгын хувьд анхаарах зүйл байгааг онцолж байлаа.

 

Түүнчлэн гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяр, гишүүн Д.Бат-Эрдэнэ, Я.Батсуурь нар уг асуудалд анхааралтай хандаж асуулт, тодруулга өрнүүлж үг хэлсэн.

 

Сайд Л.Гансүх хэлэхдээ, говьд Засгийн газрын хурал хийсэн, байнга янз бүрийн түвшинд илтгэл хийж байгаа зэрэг ажлууд байна,  үүний үр дүнд олон улсын хэмжээнд санхүүгийн дэмжлэг авах ёстой бид  гэж байлаа.

 

Мөн тэрээр бүх уул уурхайн газруудаар шалгалт хийсэн талаараа ч хэлж ярьж байлаа.

 

Энэ үеэр О.Чулуунбат гишүүн манай улс ийм хөтөлбөртэй болох нь зөв байхаа. Гэхдээ энд нийгмийн ухамсартай үйл ажиллагаатай холбоо бүхий зүйлүүд бага тусгагдсан байна гэв. Байгаль орчинтой ухаантай, соёлтой харьцах асуудал манайд үгүйлэгддэг, энэ талаар ямар бодолтой байна хэмээн асуухад сайд Л.Гансүх 100 хувь нэг саналтай гэдгээ дурдаад, төсөл хөтөлбөрүүдэд таны ярьсан чиглэлээр нэлээд зүйл туссан байгаа гэсэн. Иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдтэй хамтарч ажиллах, иргэдэд зөв мэдээлэл өгөхөд анхаарах нь чухал гэж бас хэллээ. Иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд өмнөхөөсөө нэлээд төлөвшсөн байгаа, одоо бид үүнээс арай дэвшилттэй зарчмаар ажиллана гэж сайд Л.Гансүх хэлсэн.

 

Ингээд  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан танилцуулсан.

 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Р.Гончигдорж үг хэлэхдээ хөтөлбөрийг дэмжихийн хамт дэлхийн байгаль, орчны асуудалтай холбоо бүхий ямар чухал арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэх вэ гэдэг талаас нь тодруулж байлаа.

 

Байнгын хорооны санал бол уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх зохистой харьцааг хадгалж явах нь чухал талаар бодлого барьж буй гэдгээ хэлсэн. Мэнэнгийн тал Дорнодын уудам тал нутгийг ашиглахтай холбоотой асуудлыг ч тэрээр хөндсөн. Монголчууд бид хөгжлөөрөө ногоон экологи болох ёстой хэмээн тэр бас хэллээ.

 

УИХ-ын гишүүн Х.Жекей хэлэхдээ, Монгол Улс дэлхийн хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ийм хөтөлбөртэй байх нь зүйтэй. Гэхдээ батлан хамгаалах системээ бид энэ чиглэл рүү ашиглах ёстой. Манай сум болгонд ажилгүй хүмүүс их байна. Иймд тэр хот хөдөөгүй ажилгүй байгаа улсыг дайчлан цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр алба хаалгаж, мод тариулах, цөлжсөн газрыг аврах талаар ажил өрнүүлэх чиглэлээр Байнгын хороо ажиллах хэрэгтэй байна. Төвлөрсөн газрын ачаалал нэмэгдэж улам л асуудал хуримтлагдаад байна. Тэгэхээр өргөн утгаар нь энийг бодоод уур амьсгалыг хамгаалах асуудалд бид хичээн ажиллах хэрэгтэй байна. Миний энэ саналыг төсөл, хөтөлбөр дээр суулгаад өгөөч гэж байв.

 

Сайд Л.Гансүх хэлэхдээ, манай мал аж ахуй эрсдэлд орох нөхцөл бүрдээд байна, тэгэхээр мал эргээд монгол хүмүүсийн амь зуулгатай холбоотой тул бид асуудлыг дандаа ингэж тавиад байгаа гэсэн.

 

Гишүүн Э.Бат-Үүл хэлэхдээ, мөнгөтэй байна гээд УИХ, Засгийн газар  асар том төсөл хөтөлбөр батлаад байна, гэтэл үр дүн алга гэж иргэд их хэлдэг, тэгэхээр тоо баримттай жаахан тодорхой ярих хэрэгтэй юмаа. Хүрэх зорилтоо тодорхой болго. Иймд төслийг дэмжихэд бэрхшээлтэй байна.  2007 оноос хойш 70 гаруй үндэсний хөтөлбөр баталсны тал нь байгаль, орчны чиглэлээр байгаа. Тэгээд үр дүн нь хаана байна, жаахан боловсруулж энэн дээрээ ажиллаач ээ гэж байв.

 

Ингээд асуудлыг цаашид хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, 87,7 хувиар дэмжин, БОХХАА-н байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.