Гарч буй 2011 он Монгол түмний хийморь өөдөө өрнүүн жил байх болтугай
2010.12.29

Гарч буй 2011 он Монгол түмний хийморь өөдөө өрнүүн жил байх болтугай

Мэндчилгээ

Нийслэл хотынхоо хоймор болсон Чингэлтэй дүүргийн нийт иргэн, сонгогчдодоо айлчлан ирж буй шинэ оны мэнд хүргэж, та бүхнийхээ хаан амар, хатан мэндийг айлтган мэндчилье!

Хэдхэн хоногийн дараа та бид шинэ зууны эхний арван жилийг ардаа үдэж, дахин шинэ арван жилийн түүхийг эхлүүлэх нэгэн оны босгыг алхах гэж байна. Чингэлтэй хайрхан уулынхаа ивээлд нь багтаж, өвөрт нь жаргасан та бид их хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээлч хөдөлмөр, чин сэтгэлээ зориулж, өрнүүн их амжилтаар түүхийн алтан хуудсаа арвижууллаа. Улирч буй 2010 онд та бид өөрсдийн хариуцсан ажил мэргэжил, ажиллаж буй салбар бүртээ амжилт гаргасан. Ялангуяа Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн салбарынхан маань үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, бүтээн байгуулалт гээд бүхий л талаар шинэчлэл хийж, иргэдийнхээ өмнө хийсэн ажил, хэлэх үгтэй нүүр бардам байгаад баяртай байна. Миний бие дүүргийнхээ иргэд, сонгогчдыг төлөөлж хууль тогтоох дээд байгууллагад ажилладгийн хувьд эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн бүхий л салбарын үйлчилгээг иргэд, сонгогчдынхоо хэрэгцээ шаардлагад нийцүүлж, улам боловсронгуй болгохын төлөө бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллаж байна. Ажлын үр дүн ч гарч байгаа. Тухайлбал, өдөрт 30 хүн /зуны цагт 80 хүн/ хүлээн авах хүчин чадал бүхий "Ахмадын сувилал"-ыг ирж буй шинэ оны нэгдүгээр сарын 1-нд нээж, ашиглалтад оруулахад бэлэн болгосноо дуулгахад таатай байна.

"Иргэн баян бол улс баян ", "Эрхэм баян эрүүл мэнд " гэсэн ардын мэргэн үг бий. Та бүхнийхээ итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон гишүүд бид зөвхөн дүүргийнхээ төдийгүй Монголынхоо иргэн бүрийн эрүүл саруул, баян чинээлэг, аз жаргалтай амьдралын төлөө ажиллах болно.

Чингэлтэйчүүд та бүхэндээ ажлыних амжилт, амьдралын сайн сайхан, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе. Та бүхэн хуучин оноо амжилтаар дүүрэн үдэж, айлчлан ирж буй шинэ оноо угтан авах энэхүү нижгэр баяраа сайхан тэмдэглээрэй. Ирж буй 2011 он Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Монгол ардын намын болон Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ой тохиох онцгой жил байх болно. Та бүхэндээ энэхүү түүхэн шинэ оны нөхөрсөг, халуун мэндийг дахин хүргэе!

Гарч буй 2011 он Монгол түмний хийморь өөдөө өрнүүн жил байх болтугай!

УИХ-ын гишүүн Д.Очирбат

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.