2010.12.16

“Хүний хөгжил сан”-ийн үлдэгдэл мөнгө түгжигдэж болзошгүй

Иргэний шинэчилсэн бүртгэлээс болж эх орны хувь хишгээ аваагүй иргэд уг мөнгийг он дамжуулан олгоно гэсэн "Хүний хөгжил сан"-гийн хууль, төсөвлөсөн мөнгөний үлдэгдлийг оны эцэст улсын төсөвт эргүүлэн татах Төсвийн тухhunii_hugjilай хуулийн заалтыг зөрчилдүүлж орхилоо.

Үүнээс болж иргэдийн дунд "Хүний хөгжил сан"-гаас энэ ондоо багтаж мөнгөө авч чадаагүй нь хоосон үлдэнэ гэсэн ойлголт бий болсон. Цуу ярианы үр дүнд "Хүний хөгжил сан”-аас он гарахаас өмнө амжиж мөнгөө авах гэсэн иргэдийн ачаалал ихэслээ. Харин энэхүү яриаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас үгүйсгэж, энэ онд эх орны хувь хишгээ аваагүй иргэд ирэх онд авч болно гэсэн тайлбар хийж байгаа. Хэдийгээр ч энэ онд эх орны хувь хишгээ авч амжаагүй иргэд ирэх онд авч болох ч тэдний ярьж байгаа шиг он гарангуут л үргэлжлүүлээд авч чадах уу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

"Хүний хөгжил сан"-д энэ онд иргэн бүрт олгох 120 мянган төгрөгийн нийлбэр болох 90.6 тэрбум төгрөг байршуулсан. Харин одоогоор улсын хэмжээнд 1.5 сая иргэн эх орны хувь хишгээ авах эрх нь нээгдсэн ч 1.1 сая хүн л авчээ. Энэ ажил 52.8 хувьтай байгааг УБЕГ-аас мэдээлж байна.

Тэгэхээр "Хүний хөгжил сан" дахь мөнгөний 47.2 хувь буюу 44 тэрбум төгрөг нь он дуусах гэж байхад эзэндээ очилгүй сандаа байршсан хэвээр байна гэсэн үг. Төсвийн тухай хуулиар дээрх мөнгийг ирэх оны төсөвт эргүүлэн татах учиртай. Хэрэв ингэвэл "Хүний хөгжил сан"-гийн хуулийн дагуу эргүүлэн татсан мөнгийг төсвийн тодотголоор оруулан тус санд дахин байршуулж, мөнгөө аваагүй иргэдэд олгох болчихоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, дээрх мөнгө төсвийн тодотгол хүртэл түгжигдэж, хүлээлт үүсгэж магадгүй. Үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн зохицуулж байгаагаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Сангийн яаманд энэхүү мөнгийг эргүүлэн татахгүй байхыг санал болгож, орон нутгуудын дансанд хэвээр нь үлдээн, иргэдэд журмын дагуу олгох хүсэлт гаргасан" хэмээж байгаа.

Тиймээс "Хүний хөгжил сан"-гаас олгож буй эхний ээлжийн хувь хишгийг он гарсан ч тараах уу, эсвэл төсвийн тодотгол хийтэл хүлээх үү гэдэг нь Сангийн яамны хийх үйлдлээс шалтгаалах болчихлоо. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам ч “Хүний хөгжил сан"-гаас мөнгө олгох эрхийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгох үгүйгээ Сангийн яамны хариунаас шалтгаална гэдгийг мэдэгдээд байгаа.

Харин Сангийн яамнаас одоогоор энэ асуудлыг хэрхэн зохицуулах шийдэлд хүрээгүй байгаагаа дуулгасан юм.

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Багжаргал: "Хүний хөгжил сан"-гийн мөнгийг хэрхэх талаар гурван хувилбар бий

-Иргэдийн 40 гаруй хувь нь "Хүний хөгжил сан"-гаас мөнгөө аваагүй байхад Төсвийн хуулийн дагуу энэ мөнгийг татах ёстой болчихоод байгаа. Энэ мөнгийг хөдөлгөхгүй байх саналыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас танайд гаргасан гэсэн. Ямар хариу өгөх гэж байна?

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тийм санал ирүүлээгүй. Одоо энэ асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй байна. Иргэний шинэчилсэн бүртгэлтэй холбоотойгоор мөнгө олголт удаашралтай байгаагаас болж ийм асуудал үүссэн. Тиймээс мөнгөө аваагүй иргэдийг бодсон ч хүндрэлгүй талаас нь зохицуулах ёcтой болчихоод байна.

-Ямар гарц байна вэ?

-Одоохондоо энэ асуудлыг шийдэх боломжит гурван хувилбар яригдаж байгаа. Эхний хоёр хувилбар нь "Хүний хөгжил сан"-д үлдсэн мөнгийг эргүүлэн татахгүй байх талаар юм. Хэрэв энэ хоёр хувилбар нь хууль зүйн хувьд асуудал үүсгэхгүй гэж үзвэл тус санд байгаа мөнгийг заавал эргүүлэн татахгүйгээр асуудлыг зохицуулж болох байх. Харин боломжгүй гэж үзвэл "Хүний хөгжил сан"-д байгаа мөнгийг эргүүлэн татаж, Засгийн газрын төсвийн тодотголоор оруулна. Ингэвэл энэ асуудал нэлээд удаашрах төлөвтэй байгаа.

-"Хүний хөгжил сан"-гаас ирэх сараас эхлэн 21 мянган төгрөгийг энэ мөнгөтэй нь хамтатгаад тарааж болохгүй гэж үү?

-Тийм боломж байхгүй. "Хүний хөгжил сан"-гийн мөнгийг эргүүлэн татсан тохиолдолд заавал Засгийн газраас төсвийн тодотголоор оруулах ёстой. Дээр хэлсэнчлэн ийм байдалд оруулахгүйн тулд ажиллаж байна.

Р.Сарангоо
Зохиогчийн эрх : УЛСТӨРИЙН ТОЙМ СОНИН
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.