Ж.Хунан:

Хүүхдүүддээ өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх чадавх, мэдлэгийг олгох шаардлага байна!


4 минут уншина
Ярилцсан Б.Хонгорсайхан:
Ж.Хунан: Хүүхдүүддээ өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх чадавх, мэдлэгийг олгох шаардлага байна!
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан

УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сонссон. Энэ хүрээнд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан юм.

Хүний эрхийг хамгаалагчийн эрх ашигтай холбоотой хэчнээн хэргийг авч хэлэлцсэн бэ?

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 1 дүгээр сард батлагдаж, 9 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Бидэнд байгаа мэдээллээр өнөөдрийн байдлаар ХЗДХЯ-нд хоёр журам бүртгүүлсэн байна. Тухайлбал, 14 журмаас хоёр журам бүртгүүлсэн, 6 стандартаас хоёрхон стандарт батлагдсан мэдээлэл байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийг хамгаалах журам өнөөдрийг хүртэл гараагүй. Үүнтэй холбоотой хэрэг хянан ажиллагааны явцад хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэл байсаар байна. Өнгөрсөн онд хүүхдэд оногдуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид үзүлэх ялыг чангатгасан. Дээрээс нь өршөөхгүй байх, магадлалд орохгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн.

Бидэнд 2024 онд ирсэн мэдээллээр нийтдээ шүүхээр ял шийтгүүлсэн болон суллагдсан байдлыг үзвэл хугацаанаасаа өмнө суллагдсан 5 тохиолдол байна. Өвчний учир ялаас чөлөөлөгдсөн 3, улсын Дээд шүүхээс цагаатгасан 2 тохиолдол байна. Тэгэхээр үүний шалтгааныг холбогдох эрх бүхий албан тушаалтнаас нь тодруулах нь зөв. Монгол Улсын Хууль зүйн сайдын гаргасан бодлоготой зөрчилдөж байгаа л асуудал шүү дээ. Гэр бүлийн орчинд гэмт хэрэг ялангуяа хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа нь ил байгаа. Бүх талын судалгаагаар маш тодорхой болчихсон. Ер нь хүн урлана гэдэг нь өөрөө их нарийн ажил. Бид сургуулиас гадна сургуулийн бус арга хэмжээгээр мөн гэр бүлээр нь дамжуулж өөрөөр хэлбэл гэр бүлтэй нь тулж ажиллах ажил сул байна.

Өнөөдөр хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газар хүчирхийлэлд буй хүүхдийг, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх үүрэгтэй. Илрүүлсний үндсэн дээр нөхцөл байдалд таарсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл энэ нь өнөөдөр хийгдэхгүй байна. Үүний цаад учир нь шалтгааныг нь үзэхээр эргээд төсөвтэй холбогдоод байгаа юм. Төсөв хангалттай тавигддаггүй. Мэргэшсэн боловсон хүчин алга. 

Үүрэг, хариуцлагын тухай ойлголтыг нийгэмд сурталчлахад анхаарах хэрэгтэй. Энэ ажил дээр ХЭҮК-оос тухайлсан ямар ажлууд хийв?

Тоо баримт байна. Үүнийг бид бүгдээрээ мэддэг, хуулийн байгууллагууд судалдаг, шалтгаан нөхцөлийг нь тодруулдаг ч үр дүн гарахгүй байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Бидний зүгээс энэ төрлийн гэмт хэргийг нарийвчилсан судлах хэрэгцээ шаардлага байна гэдэг санал гаргаж байгаа. ЦЕГ, прокурор, эрдмийн цол хамгаалахад зэргийн хүрээнд судалгаануудхийгддэг. Энэ нь хязгаарлагдмал хүрээнд ашиглагдаад үлдчихдэг. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог, өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэргийн асуудлаар ажилладаг байгууллагуудын төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Тодруулбал, маш дэлгэрэнгүй судалгааг дахин хийж, энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх ямар арга хэрэгсэл байх вэ гэдэг дээр ажлын хэсгийг байгуулах шаардлага бий. 

Бэлгийн хүчирхийллийн мэдэгдэхгүй маш олон тохиолдлууд байна!

“Монгол Улс хүүхдээ хамгаалж чадахгүй байна” гэдэг дүгнэлтийг хийж байгаа. Үүнийг бид бүх түвшиндээ анхаарах ёстой.

Хүүхэд ямагт нэгдүгээрт гэдэг зарчим бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна.

Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг зүйлийг бид Хүүхдийн эрхийн конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиараа баталгаажуулсан боловч амьдрал дээр бүрэн дүүрэн хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Хэрэг янан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрхийг хамгаалах журам, тухайлбал, шинэчлэн найруулсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар гарах ёстой байдал өнөөдрийг хүртэл гараагүй явж байна. Гэтэл уг хууль маань өнгөрсөн оны нэг сард батлагдсан 9 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Хүүхдийн асуудлыг бид томчуудын үгээр байдаг мэтээр хандаж ирсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэж байгаа. Тиймээс бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал байна.

Нэг үгээр хэлбэл энэ Монгол Улсад хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх асуудал учир дутагдалтай байгаатай шууд холбоотой. Үүн дээр онцгой анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой орхигдсон хэд хэдэн асуудлууд байгаа. Дээрээс нь статистик өсөж байгаагийн нэг шалтгаан нь Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан 14 наснаас доош настай хүүхэдтэй 14 наснаас доош хүүхэд бэлгийн харьцаанд орох тухай асуудал байгаа.

Өнөөдөр бэлгийн бойжилт эрт эхэлдэг болсонтой холбоотойгоор 13 настай болон 14 настай хүүхдүүд хоорондоо үерхэж, бэлгийн харьцаанд орох тохиолдлууд гарч байна. Энэ тохиолдолд хуулийн заалтаар шууд гэмт хэрэгтэн болох нь түгээмэл байна. Тэгэхээр нөхцөл байдлыг бид нар хүлээн зөвшөөрч, бэлгийн боловсролыг хүүхдүүдэд багаас нь олгох, бэлгийн дарамт хүчирхийллээс өөрийгөө урьдчилан сэргийлэх, бусдыгаа хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг сургалт, мэдлэгийг олгох хэрэгцээ шаардлага үүссэн. 

Цахим гэмт хэргийн хохирогчдын хэдэн хувь нь бага насны хүүхдүүд байна вэ?

МУИС-ийн Жендер судлалын төвөөс судалгаа хийсэн байдаг. Энэ судалгаанд нийт 6-аас 12 дугаар ангийн 18044 сурагчдыг хамруулсан байна. Эдгээр сурагчдаас 9,9% нь буюу 1786 хүүхэд садар, самуун зураг, бичлэг илгээх үйлдлийн хохирогч болсон. 6,8% буюу 1226 хүүхэд бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох үйлдлийн хохирогч болсон. 5,9% буюу 1064 хүүхэд секс илэрхийлэл бүхий дүрс бичлэг хийх түгээх үйлдлийн хохирогч болсон. 5,5% нь 992 хүүхэд бэлгийн амьдрал бэлгийн зан үйлээр шүүмжлэх доромжлох үйлдлийн хохирогч болсон. 5,4% буюу 974 хүүхэд бэлгийн сэдлээр сүрдүүлэх үйлдлийн хохирогч болсон. 5,4% буюу 974 хүүхэд бэлгийн дур таашаал авах зорилгоор зураг авах, бичлэг хийх хүчирхийлэлд өртсөн байдаг.

Эдгээр хүүхдүүдийн өртсөн байдал, хохирсон байдлыг шалгасан эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл эдгээр хүүхдүүд өөрсдөө гомдол гаргаж байгаагүй гэсэн үг. Зарим тохиолдолд гаргасан байхыг ч үгүйсгэхгүй. 12 наснаасаа авхуулаад хүүхэд багачууд маань бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол гарчихсан байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүддээ өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх чадавх мэдлэгийг олгох хэрэгцээ шаардлага байна!