ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

"Говийн алмас" үнэд орох цагаар

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 460
...Бараан зүстэй, үсэрхэг том амьтан хоёр хөл дээрээ зогсоод, ажиглаж байхыг харсан нутгийнхан түүнд “алмас” хэмээн нэр хайрлав. “Өнөөх алмастай өчигдөр таарсан, намайг хараад, бүр зогсоод байсан” хэмээн өөр хоорондоо шивнэхдээ хүртэл айдас мэдэрдэг цаг бол өнгөрсөн зууны эхнээс өмнөх үе. Нутгийнхны ярианаас үүдэлтэй дээрх нэршил удалгүй говийн гэх овог зүүснээр үлгэр домгийн сэдэв сэдлүүд чухам тэр үед хөвөрч байсан гэх.
 
Харин сүүлд нь, хүн шиг зогсдог атлаа үсэрхэг тэр амьтныг баавгайн нэгэн төрөл буюу бие даасан дэд зүйл гэдгийг генетикийн судалгаагаар тогтоосон түүхтэй.
 
Мазаалай нь Их Говийн дархан цаазат газарт амьдардаг нэн ховордсон баавгай. Энэ амьтан зөвхөн Монголд, тэр дундаа манай орны говь цөлийн бүсэд л заяажээ. Чухам энэ утгаараа мазаалай дэлхийд тоогдож, Монголын нэгэн брэнд болох шалтгаан оршиж байгаа юм.
 
Хятадын панда, Австралийн коала хоёрын дайтай эрхлүүлж чадахгүй ч мазаалайг мөхлөөс аврах ажил нь эцэстээ эдийн засагт эерэг дүн үзүүлэх бас нэг хөшүүрэг болох учиртай.
 
Мазаалай нь Их Говийн дархан цаазат газарт амьдардаг нэн ховордсон баавгай.
 
 
Тэгвэл ганц амьтан хамгааллаа гээд эдийн засагт чухам ямар нөлөө үзүүлнэ гэж хэмээн бодож байна уу? Дэлхийд цор ганц, зөвхөн Монголоор овоглосон мазаалайн барааг холоос ч атугай харах, судлах хүсэлтэй мэргэжлийн хийгээд сонирхогчдын бүхэл бүтэн “арми” олон оронд байна. 
 
Цаашлаад мазаалайн нутагт түшиглэн адал явдалт аялал жуулчлал, байгалийн зоопаркийг жинхэнэ утгаар нь байгуулаад ашиглах бүрэн боломж бидэнд харагдаж байгаа юм. Бодоод үз дээ. Мазаалайн байгалийн зоопаркийг биеэр үзэх жуулчны тоог жилд хамгийн багадаа 1,000 хүнээр тооцъё.
 
Нэг хүн дор хаяж 100 ам.доллар зарцуулна гээд бодохоор 100 мянган ам.доллар. Зах зээлийн өнөөгийн ханшаар тооцвол энэ нь 200 сая төгрөг. Чамлахаар мөнгө гэж үү. Хэдийгээр мөрөөдлийн тоо ч бодитоор хэрэгжих бүрэн боломж бий. 
 
Түүнчлэн нэн ховор амьтдыг хамгаалах чиглэлээр жил бүр хэдэн арван сая ам.доллар зарцуулдаг олон улсын төсөл хөтөлбөрүүдээс Монголд хэрэгжүүлэх нэг чиглэл нь мазаалай тодроод байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр гэхэд БНХАУ-ын тал манай Засгийн газарт мазаалайг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө мөнгөөр туслах хүсэлтээ уламжилсан байна. 
“Энэ саналыг БОНХАЖ-ын сайдад Хятадын тал албан ёсоор тавьсан. Гэхдээ одоогоор манай талаас шаардагдах албан бичиг, хүсэлт гэх мэт шаардлагатай ажлууд бэлэн болоогүй л байна. Уг нь ийм боломжийг ашиглахын тулд бид болж өгвөл хурдан, шуурхай ажиллах хэрэгтэй” хэмээн албаны эх сурвалж өгүүлэв.
 
Монгол Улсын Амьтны тухай хуулиар нэн ховор 17 зүйл амьтан бүртгэлтэй байдаг. Тэдгээрээс тоо толгойн хувьд цаашид оршин тогтноход хамгийн бага хэмжээнд хүрсэн нь мазаалай. Уг нь монголчууд ан амьтнаа хайрлан хамгаалж, бахархан дээдэлдэг баялаг уламжлалттай ард түмэн. Гэвч сүүлийн 60 гаруйхан жилийн дотор эх орны минь байгалиас цөөнгүй зүйл амьтан мөхлийн ирмэгт хэдийнэ хүрчихээд байна.
 
Магадгүй тухайн үед эдгээр амьтныг аврах арга зам нь тодорхойгүй байсан байж мэднэ. Харин шинжлэх ухаан хөгжсөн эдүгээ цагт байгалийн нэн ховор амьтдаа хамгаалж үлдэх, эсэх нь хүн төрөлхтнөөс шалтгаалж байна.
 
Монгол Улсын Амьтны тухай хуулиар нэн ховор 17 зүйл амьтан бүртгэлтэй байдаг. 
 
 
Монголчууд мазаалайг хамгаалах талаар лав сүүлийн хэдэн жил багагүй зүйл хийсэн. Судалгааны ажил эрчимжсэнээс гадна тэжээл тавьж өгөх зэргээр боломж бололцооныхоо хэрээр ажиллаж байгаа.
 
Гэхдээ л өнөөдрийг хүртэл өссөн үржсэн талаар нааштай мэдээ дуулдсангүй. Энэ юутай холбоотой вэ? Судлаачдын үзэж буйгаар энэ амьтны тоо толгой ингэтлээ цөөрч хорогдоход дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдол хамгийн ихээр нөлөөлжээ. 
 
Цаашлаад нутгийн иргэд, малчид бүс нутгийг нь эзлэн түрэмгийлсэн, хүйсийн харьцаа нь алдагдсан гээд олон шалтаг шалтгаан урган гарч ирэх аж. Бас өөр нэг асуудал нь тэдэнд хамгаалалт дутагджээ. Хэрвээ мазаалай судалдаг эрдэмтэд болон хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг төр, засгаас дэмжсэн бол өдийд үр дүн өөр хариу өгөх байсан хэмээн мэргэжилтнүүд санал нэг зөвшөөрөв.
“Мазаалайг хамгаал гэж жилд улсын төсвөөс 150 сая төгрөг гаргадаг байсан. 
 
Гэвч тэр мөнгө нь яг мазаалайг хамгаалах ажлыг гардан хэрэгжүүлдэг болон тархац нутагт нь үйл ажиллагаа явуулдаг хүмүүс очихдоо хасагдсаар 60, 70 сая төгрөг болдог. Бусад мөнгө нь хаашаа орчихдог нь тодорхойгүй. Мазаалайг хамгаалж, аварч үлдэх талаар гаднын орнууд нэлээд дэмжлэг үзүүлдэг.
 
Тухайлбал, 2009 онд Канад улс Монголын мазаалайг хамгаал гэж 700 мянган ам.доллар өгсөн юм билээ. Гэвч тэр мөнгө мазаалайг хамгаалахад огт зарцуулагдаагүй бөгөөд яасан нь тодорхойгүйгээр алга болсон” хэмээн “Говийн баавгай” ТББ-ын менежер Г.Эрдэнэбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. БОНХАЖЯ-наас энэ талаар тодруулах гэсэн боловч хариулт өгөх хүн олдсонгүй.
 
Монголын мазаалайг ганц хятадууд сонирхоогүй. Одоогийн байдлаар гэхэд манай “Мазаалай сан” Олон улсын баавгай судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд судалгааны багийнхан саяхан говь руу морджээ. “Багийнхан энэ удаад нэлээд шинэ мэдээлэлтэй ирэх байх. Хүзүүвчээ шалгана, солино, идэш тэжээлийн цэгүүдийн судалгааг авна. Камерын бичлэгүүдээ бас үзнэ гээд их ажил амжуулах ёстой. Иртэл нь холбоо барих боломжгүй” гэж БОНХАЖЯ-ны мэргэжилтэн уламжиллаа.
 
 “Говийн алмас” ийн үнэд хүрэх аятай цаг өдгөө бүрдчихээд байна.
 
 
Үүнээс гадна мазаалайг хувийн зүгээс болон олон улсын дэмжлэг туслалцаатайгаар хамгаалах ажилд гар бие оролцохоо олон улсад нэр хүндтэй судлаачид амлалт өгсөөр байна. Тэдний нэг нь япон эрдэмтэн Хацухико Майта. Тэрбээр нутгийнхаа төдийгүй өмнөд Солонгосын баавгайг хамгаалж, өсгөж үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.
 
Хацухико Майтагийн үзэж буйгаар мазаалайг таван жилийн дотор 10-15 толгойгоор өсгөх бүрэн боломж-той хэмээн батлан ярьсан юм.
 
Хацухико “БНСУ-тай 1997 оноос хамтарч ажиллалаа. Тэр үед Солонгосын хойд, урд нутагт 10,10-аар салсан баавгай үлдээд байв. Солонгосууд тэднийг хооронд нь нийлүүлье гэсэн саналтай байлаа. Харин миний хувьд хойд Солонгосоос, эсвэл ОХУ-аас баавгай авчирч тавибал илүү үр дүнтэй гэж үзсэн. Ингээд 2002 онд хойд Солонгосоос найман баавгай авчирч тавьсан.
Үр төл нь ч гарсан. Мэдээж тэр үед хүндрэлтэй олон асуудал тулгарч байв. Ууланд тавьсан 7,000 хавхыг түүж устгахад их хугацаа зарцуулж билээ. Баавгай хамгаалахад шаардагдах техникийн болон боловсон хүчин, мэргэжлийн хүмүүс нэлээд дутагдаж байлаа” хэмээн дурслаа.
 
Мазаалайг хамгаалах ажил нь дан ганц Монголд хамаатай биш, дэлхийн хэмжээний асуудал байх ёстой хэмээн олон орны судлаачид үздэг. Өмнөх жилүүдтэй харьцуулахад салбарын яам мазаалайд тавих анхаарлаа нэлээд сайжруулсан.
 
Салбарын сайдын тушаалаар Мазаалай баавгайг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 17 гишүүнтэй Ажлын хэсгийг дөрвөн жилийн өмнө байгуулсан юм. 
 
Мөн жилд мазаалайд зарцуулах төсөв нь 200-240 сая төгрөг болж өсчээ. Тэрчлэн олон улсын яриа хэлэлцээний түвшинд энэ амьтны асуудлыг тавьж эхэлснээр гаднын донорууд сонирхлоо чиглүүлэх нэг хаалга нээгдсэн гэж болно. Угтаа бол “Говийн алмас” ийн үнэд хүрэх аятай цаг өдгөө бүрдчихээд байна. Харин тэр сонирхол, хүсэл, эрмэлзлэгийг хэр үр дүнтэй гүйцэлдүүлэх вэ гэдэг зөвхөн монголчуудаас шалтгаалах нь ээ.