ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

ЭРГЭЛТИЙН ЦЭГ ДЭЭР

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 742

Монгол мөрөөдлийн эрэлд: Цуврал №2 

“ҮШ” сонин бас нэгэн цуврал эхлүүлж байна. “Монгол мөрөөдлийн эрэлд” нэртэй энэхүү цувралыг “ҮШ” сонины эдийн засгийн тоймч Д.Мөнхчимэг, “Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч, “БАЛДОРЖ” шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал нар хөтөлнө.

Хүний хөгжлийн боломжийн потенциал, газрын хэвлий дорх хэн ч атаархам их хэмжээний эрдэнэс баялаг, гео эдийн засгийн бусдад тэр бүр тохиогоод байдаггүй боломж, нэг хүнд ногдох хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог өргөн уудам газар нутаг, үржил шимтэй эрүүл онгон хөрс шороо, үеийн үед монголчуудыг тэжээн тэтгэсээр ирсэн эрдэнэт мал сүрэг гээд Монгол оронд хөгжин дэгжих асар өргөн боломж бий. Азийн бар, чоно болох мөрөөдлөөр сүүлийн хорин хэдэн жил амьсгалав. Нэг хэсэг хугацаанд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж гайхуулсан ч өсөлт улам уруудан буурсаар байна. Мөрөөдөл маань мөрөөдөл чигээрээ л байсаар. Мөрөөдөл гэдэг бол зүгээр л хүсэн санаашрахын нэр биш, зорилго эрмэлзэл, түүндээ хүрэх үйл ажил билээ. Монгол мөрөөдөл биелэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ? Энэ асуултын хариуг энэхүү цуврал нийтлэлээр хайх болно.

Эрхэм уншигч Та бүхэн манай сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг нягтлан уншиж, санал бодлоо ирүүлээрэй. Монгол мөрөөдөл биелэхэд хүн бүхний идэвх оролцоо, эрмэлзэл тэмүүлэл чухал билээ. 

 

ЭРГЭЛТИЙН ЦЭГ ДЭЭР

Супер хонжвор 

“Англи хүн болж төрнө гэдэг амьдралын сугалаанаас супер хонжворыг нь атгасантай ижил” хэмээн Английн нэрт бизнесмэн, улс төрийн зүтгэлтэн Сесиль Родс ХIX зуунд хэлж байжээ. Аж үйлдвэрлэлийн оргилд хүрсэн англичууд хөгжил, цэцэглэлээрээ хүн төрөлхтнийг манлайлж байсан үе л дээ. Гэвч удалгүй америкчууд энэ байр суурийг нь булааж, Америк мөрөөдлөөр дэлхий нийтийг донтуулсан. “Эрх чөлөөний орон” хэмээн өөрийгөө өргөмжилсөн энэ улсын эдийн засгийн асар их хүчийг хараад биширсэн улс орнууд ардчилал, чөлөөт зах зээлийг бөөн бөөнөөрөө импортолж байсны нэг нь Монгол байв.

Гэтэл одоо Америк тийм ч “сайхан газар” биш болж таарлаа. Мөнөөх “супер хонжвортонгууд” буюу англи, америкчууд хүртэл Скандинавын орнууд (Дани, Финланд, Норвеги, Исланд, Швед) руу нүд унагах болжээ. 30 жилийн өмнө “халамжийн төртэй” хэмээн ад үзэгдэж байсан эдгээр улс өнөөдөр аз жаргалын индекс, өрсөлдөх чадвар, хүний хөгжил, инноваци гээд бүхий л гол үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа юм. Тиймээс ч “The Economist” сэтгүүл Нордик буюу Скандинав загварыг дэлхийн дараагийн “супер загвар” хэмээн нэрлэсэн байдаг.

Англи, АНУ, Скандинавын орнууд бүгд л нэгэн цагт дэлхийн хөгжлийн оргилд тугаа зоож, түүгээрээ бусад улсын хувьд үлгэр дуурайл болж ирсэн. Тэдний оргил өөд гарсан арга зам тэс өөр боловч хөтлөх хүч нь нэг л байжээ. Тэр бол ХҮН юм. 

 

Хүний хүсэл

Америкт хүүхэд төрөөд л америк мөрөөдөл гэх ойлголтоор “угжиж”, өсөж торнихын хэрээр өөрийн гэсэн хүсэл, тэмүүлэлтэй болдог. Үүнийг нь тэнэг хүн ч ойлгохоор болтол хялбаршуулсан тайлбарууд ч бий. Тухайлбал, энэ жил “USA Today” сонины тодорхойлсноор дундаж америк гэр бүл хоёр хүүхэдтэй, хувийн хаус, машинтай бөгөөд 130 мянган ам.долларын жилийн орлоготой байхад л Америк мөрөөдөл биеллээ олсны шинж ажээ.

Өөрөөр хэлбэл, дундаж өрхийн аж амьдралыг энэ түвшинд байлгах нь АНУ-ын бодлого боловсруулагчдаас эхлээд тус улсын иргэн бүрийн зорилго болж таарах нь. Гэвч эрх чөлөө, эд баялгаар илэрхийлэгдэх Америк мөрөөдөл өнөөдөр хүн төрөлхтний хүсэл, тэмүүллийн оргилд байхаа больжээ.

“Эрх чөлөөний орон” маань эдийн засгаараа бол одоохондоо дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа ч хүний хөгжлийн индексээр тавдугаарт жагсаж буй юм. НҮБ-аас гаргадаг энэ жагсаалтыг Норвеги тэргүүлж байхад Скандинавын бусад орон эхний 10-т багтсан байна. Монголчууд бид төр том байж, халамж их тараах нь олиггүй муу зүйл гэж ойлгодог. Гэтэл төсвийн зардал нь ДНБ-ийхээ гуравны хоёртой тэнцдэг Скандинавын орнууд өнөөдөр америкчуудын аазгайг хөдөлгөх болсон нь үнэн билээ. Эдгээр улс ардчилал, социализмын алтан дунджийг олж, өөрсдийн хөгжлийн загварыг тодорхойлсон байдаг. Эрүүл мэнд, боловсролын дээд зэргийн үйлчилгээг авч чаддаг учраас л Скандинавын хүмүүс хүний хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлдэг. Баян, хоосны ялгаа эдгээр улсад л хамгийн бага байдаг учраас гэмт хэрэг ч цөөн гардаг. Ажиллаж, амьдрах хамгийн сайхан орчныг бий болгож чадсан учраас л Скандинавын орнуудын татвар төлөгчид орлогынхоо ихэнхийг төрдөө тушаадаг хэрнээ гомдоллодоггүй ажээ.

Хүндээ хандсан хөгжлийн бодлого боловсруулсан жишээг бид холоос биш, хамгийн ойр Хятадаас ч харж болно. “Хятад өөрийн мөрөөдлөө тунхаглах цаг иржээ” хэмээн “Хавтгай дэлхий” номын зохиогч Томас Фрийдман гурван жилийн өмнө “New York Times” сонинд бичиж байв.

 Урд хөрш маань өндөр өсөлт биш, тогтвортой өсөлтийг эрхэмлэж, байгаль орчны бохирдлоо багасгахаар ажиллаж байна.

 
 

Тухайн үед 300 сая байсан дундаж орлоготой хятад хүний тоо ирэх арван жилд 800 сая болж өсөх тооцоо бийг Томас Фрийдман урд хөршийн шинэхэн дарга Си Зиньпинд сануулаад, тэднийг хэрхэн жаргалтай байлгах вэ гэдэг хамгийн том шалгуур болохыг онцолсон байдаг. Дэн Сяопиний шинэчлэлийн үр дүнд эдийн засгийн өсөлтөөр дэлхийд манлайлсан он жилүүддээ тус улс олон зуун сая хүнээ ядуурлын эгнээнээс гаргаж чадсан. ДНБ-ий хэмжээгээр Америкийг юу юугүй гүйцэж, дэлхийд тэргүүлэх гэж буй урд хөрш маань нэгэнт хөгжлийн шинэ шатанд гарчээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй дундаж ангийнхны хүсэл, шаардлага ч өндөрсөж буй. Тиймээс Америкийг дуурайдагсан уу, Европыг хуулдагсан уу, хамаагүй, “Хятад гүрэн урт хугацааны бодлогоо өөрчлөх цаг болжээ” хэмээн Томас Фрийдман онцолж байв. Үүний дараахан Си Зиньпин Хятад мөрөөдлөө дэлхийд зарласан нь хэн нэгнээс “copy, paste”хийсэн юм биш, харин бусад орны сайн туршлагаас судалсан, өөрийн орны болон ард түмний хэрэгцээ, шаардлагад тулгуурласан шинэ идеологи болсон байлаа. Энэ хүрээнд урд хөрш маань өндөр өсөлт биш, тогтвортой өсөлтийг эрхэмлэж, байгаль орчны бохирдлоо багасгахаар ажиллаж байна. Нүүрсний хэрэглээгээ танаж, “ногоон эрчим хүч”-ний салбараа дэмжиж байна. ДНБ-ий өсөлтөд биш, хүний хөгжилд анхаарч байна.

 

Хөгжлийн загвар

Одоогоос бараг 100 жилийн өмнө Ерөнхий сайд асан С.Данзан гуай “Монгол Улс Швейцарь лугаа хөгжих ёстой” гэж хэлсэн байдаг. Азийн цээжинд орших жижигхэн Монголын цөөн хүн тэр үеэс л хөгжлийн загвараа хайж, эрэлхийлж байжээ. Үнэхээр ч нэгэн зууны дотор Европын буурай орноос дэлхийн хамгийн баян улс хүртлээ хөгжиж чадсан Швейцарь улс олон талаар бидний хувьд үлгэр дуурайл болж чадахаар. Их гүрнүүдийн дунд “хавчуулагдсан”, далайд гарцгүй, хүн ам цөөтэй гээд манай хоёр орны хувьд ижил, төстэй тал ч олон бий.

С.Данзан: Монгол Улс Швейцарь лугаа хөгжих ёстой

 
 

Гэвч өрсөлдөх чадвар, эдийн засгийн эрх чөлөө, нэг хүнд ногдох баялаг зэрэг үзүүлэлтээс харвал бид уулын хормойд байхад тэд оргилд нь хэдийн гарчээ. Хөрш зэргэлдээ орших Итали, Герман, Францыг хүртэл хөгжил, цэцэглэлээрээ хол хаясан швейцаричуудаас сурах зүйл өчнөөн бий. Үүний адилаар дэлхийн II дайны дараа ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдээ тун богино хугацаанд мэдлэг, чадвар, бүтээмжээрээ дэлхийд тэргүүлэх хүмүүс болгосон Японы түүх ч дур булаам. Гэвч энэ улсын амжилтын нууц Америкаас авсан хөнгөлөлттэй зээл, тусламж биш, харин Германаас хуулбарласан хөгжлийн загвар нь байсан юм. Хожим нь Японы хөгжлийн загварыг нутагшуулсан улс орнууд Азийн барууд (Тайвань, Хонконг, Өмнөд Солонгос, Сингапур) болсон билээ.

Эдүгээ дэлхийд 200 орчим улс бий. Улс орон бүрт алдаж, оносон түүх бий. Тэдний алдаанаас суралцаж, амжилтаас нэвтрүүлж байж л бид өөрсдийн гэсэн хөгжлийн загварыг тодорхойлж, хүссэн оргил руугаа хурдтай авирах буюу. Энэ ч утгаараа амжилтад хүрсэн улс орнуудаар үлгэр дуурайл хийж, Швейцарь лугаа хөгжинө, Азийн дараагийн бар болно зэргээр өөдөө тэмүүлж байгаа нь сайн хэрэг. Гэвч нэг зүйлийг санах хэрэгтэй. Үүнийг бичиглэгч бид хоёр хэчнээн хүссэн ч Ларри Кинг, эсвэл Опра Уйнфри болж чадахгүй. Гэвч том мөрөөдөл өвөрлөж, түүндээ хүрэх гэж хичээж, зүтгэвэл “New York Times” сонинд ажиллаж ч болно шүү дээ. Та хэчнээн хүссэн ч Билл Гейтс болж чадахгүй ч “Forbes”-ын тэрбумтны жагсаалтад түүний хамт багтаж яагаад болохгүй гэж? Үүний адилаар улс орон маань Швейцарь, Норвеги, эсвэл Сингапур болно гээд суувал бид юунд ч хүрч чадахгүй. Харин Швейцарь шиг санхүүгийн салбараа бэхжүүлж, Норвеги шиг баялгийн сан байгуулж, Сингапур шиг бизнесийн орчноо сайжруулъя гэвэл урагшилж болох юм. 

Улс орнууд “Яавал хөгжин цэцэглэж, хүн ардынхаа аж амьдралыг дээшлүүлэх вэ” гэсэн асуултын хариуг эрэлхийлэх бүртээ нэгнийхээ алдааг гээж, оноог шингээн, дундаас нь өөрийн гэсэн загварыг гаргасаар ирж.Япон олон жилийн турш Азийн хамгийн чинээлэг гүрэн байж, бусад орны хувьд үлгэр дуурайл болж байв. Гэтэл энэ байр суурийг нь Сингапур 1993, Хонконг 1997, хамгийн сүүлд Тайвань 2010 онд булаан авчээ. Тэдний явсан зам нь бүхий л алдаа, оноотойгоо бидний өмнө илхэн байна. Түүнийг нь судалж, дараачийн сонгодог жишээ, хөгжлийн үлгэр дуурайл болох боломж бидэнд ч бий. “Монгол хүн болж төрнө гэдэг амьдралын сугалаанаас супер хонжворыг нь атгасантай ижил” гэж ярих ирээдүйг хамтдаа бүтээх үү? Эсвэл Азийн дараагийн бар болно хэмээн зүгээр сууж, дараа нь “Аа яа яа, андуурсан сугалаа” хэмээн амаа барих уу? Мэдээж Та ч, би ч эхний хувилбарыг сонгох биз ээ.

Мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд бид хамгийн гол нь түүнийг хэмжих хэмжүүрээ тодорхойлох хэрэгтэй юм.

Үргэлжлэлийг маргааш хүлээн авна уу

Өгүүллийг: Ж.Тэгшжаргал, Д.Мөнхчимэг