ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Өөдрөг явах 25 зарчим

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 726
1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэсвэртэй бай. Бие ажилдаа бүрэн дайчил.
 
2. Зорилготой байж түүндээ хүр. Дэмийн зүйлд санаагаа бүү зовоо.
 
3. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
 
4. Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд татах нөхөр ол. 
 
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлө.
6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан үгүй.
 
7. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
 
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ.
 
9. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
 
10. Өдрийн аль нэг цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур. 
 
11. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа. 
 
12. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа.
13. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ. 
 
14. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн. 
 
15. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. 
 
16. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж
бай. Та дарга ч бай цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла. 
 
17. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул, тусла. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур. 
 
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав, хэрэггүйг нь гээ. 
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл зорьсондоо хүрэхэд хялбар болно. 
 
20. Мэдэрхүй зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
 
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээн авч сур. Энэ нь амжилт олохын үндэс. 
 
22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусдад ойлгуулж бай. 
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад муу нь юу байх вэ? Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусла. 
 
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ. 
 
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.