ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 173

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрээр

 “Багш хүнийг хөгжүүлэх арга хэрэгсэл үндэслэл муутай, хангалтгүй байгаа гэж үзэж “Багшийн хөгжлийн тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Багшийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлэх асуудал нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор багшийн нэр хүнд, ур чадварын үнэлэмж, багшийн ёс зүйд нийгмийн зүгээс өгч буй үнэлэмж буурч байгааг дурдах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн нөөц бололцоог ашиглан төрийн үйлчилгээний албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх хүрээнд хөдөлмөрийн үнэлэмж, хариуцлагатай нь холбох байдлаар 300 мянган хүртэлх төгрөгийг 2017-2018 онуудад олгохоор шийдвэрлэсэн. Багш болох сонирхолтой хүүхэд залуучуудыг сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, багшид ажлын ур чадвар, үр дүнд суурилсан урамшуулал олгодог тогтолцоотой болох, үүнтэй уялдуулан боловсролын чанарыг хэрхэн сайжруулах, багшийн хөгжлийн төвийг бүх шатны боловсролын байгууллагын дэргэд байгуулж, багшийг ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломж нөөцөөр хангах зэрэг заалтууд энэ хуулийн төсөлд туссан. Өнөөдрийн хэлэлцүүлэгт бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарын болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд хуулийн төсөл холбоотой асуудалд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна” гэв.