ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДЭД ДАРГА БОЛЛОО

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 109

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы 2017.10.20-ны өдрийн  хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хуралд дахь МАН-ын бүлгээс  Монгол Улсын Их Хурлын дэд даргад Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлж байгааг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга Д.Хаянхярваа танилцуулсан.

Нэр дэвшигч Л.Энх-Амгалан 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Тэрбээр 1992-1995 онд МОНЦАМЭ агентлагт редактор, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд “Интерпресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1996-2012 онд Юнител групп, Юнивишн, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ. Улмаар 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм. Тэрбээр парламенын болон төрийн албаны туршлагатай, боловсролтой, МАН-ын тэргүүний боловсон хүчин тул Монгол Улсын Их Хурлын дэд даргын албыг гүйцэтгэж чадна хэмээн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг үзсэн байна. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат нэр дэвшигчийн талаарх Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан.

    Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурал дахь олонхийн бүлгээс сонгогдсон Монгол Улсын Их Хурлын дэд дарга Монголын парламентын бүлгэмийн даргын үүргийг давхар гүйцэтгэдэг уламжлалтайг Л.Болд гишүүн тэмдэглээд улс орны эрх ашигтай хамааралтай парламентын гадаад харилцааны асуудалд хамтран ажиллах саналыг хэллээ. Улсын Их Хурал дахь МАН-ын намын бүлэг доторх шударга өрсөлдөөний дүнд Л.Энх-Амгалан гишүүн Монгол Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшиж байгааг Ж.Мөнхбат гишүүн онцлоод амжилт хүсч, баяр хүргэсэн.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 98.5 хувь дэмжиж, Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Энх-Амгалан сонгогдлоо