ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Эх нярайн эндэгдлийг бууруулахад Хөвсгөл аймаг онцгой анхаарна

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 192

Хөвсгөл аймгийн удирдлагууд эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж байна. 130 мянган иргэнээ эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулах ажил жигдрээд явж байгаа бол эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлд ч ач холбогдол өгч байна. Учир нь тус аймаг бусад аймагтай харьцуулахад эхийн эндэгдэл өндөр хувьтай байгаа юм. Тиймээс төвийн сургагч нар энэ өдрүүдэд Хөвсгөлд ажиллаж аймгийн эх баригч нарыг сургалтад хамруулсан байна

Хөвсгөл аймагт 2016 онд 3000 орчим эх амаржжээ. Тэдний 80 хувь нь аймгийн төвд амаржсан бол 20 хувь нь сумын төвийн эрүүл мэндийн төвд болон гэртээ хүүхдээ төрүүлсэн байна. Улсын дундажтай харьцуулахад энэ аймагт эхийн эндэгдэл 1,5 дахин өндөр байгаа юм. Мөн жирэмснийхээ хугацаанд хяналтын үзлэгт хамрагдах байдал орон нутагт муу байна. Энэ нь төрөх үед хүндрэл үүсэх бас нэг нөхцөл болж байгаа юм. Эмч, эх баригч нар эхчүүдийг цаг тухай бүрт нь үзүүлж байхыг анхааруулдаг ч төвөөс олон км-ийн алсад аж төрдөг, ажил ихтэй зэрэг шалтгаанаар тэр бүр хяналтандаа ирдэггүй байна. Үүнээс гадна эмч нарыг чадавхижуулж чадвал төрөлтийг зөв удирдах, эх хүүхдийг эсэн мэнд байлгахад чухал ач холбогддолтой учир эх барих нярайн яаралтай тусламжийн эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулж байгаа юм.

НББСШУ-ны байнгын хороо, НҮБ-ын хүн амын сан, Эрүүл Мэндийн Яам хамтран зохион байгуулж байгаа энэ сургалтад эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар сургагч багшаар хамтран оролцож байгаа юм. Эх барих нярайн яаралтай тусламжийн эрчимжүүлсэн сургалтыг 2015-2017 оны хооронд бүх аймагт зохион байгуулах юм. Өнөөдрийн байдлаар аймгийн төвүүдэд ажилладаг нийт эмч нарын  70 хувь нь энэ сургалтанд хамрагдаад байна. Хөвсгөл аймгийн тухайд төвийн эмч нараас гадна сумын эмч, эх баригч нар хамрагдаж байгаа онцлогтой.

УИХ энэ хаврын чуулганаар төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж засгийн газарт чиглэл өгсөн бол нярай хүүхдийн хоол хүнсний тухай хуулийг мөн батлан гаргасан. Цаашид ч их хурал засгийн газрын түвшинд эрүүл мэндийн чиглэлээр олон чухал бодлогын баримт бичиг гаргахаар ажиллаж байна.