ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ ХӨВСГӨЛ АЙМАГТ БОЛЛОО

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 336

Элэгний өвчний улмаас нас барж байгаа иргэдийнхээ тоогоор 3 хан сая хүн амтай манай улс дэлхийд тэргүүлж байна. 2016 онд 6000 орчим хавдрын тохиолдол бүртгэгдсэний 2160 нь буюу 50 орчим хувь нь элэгний хавдар байгаа юм. Тиймээс энэ өвчний тархалтыг зогсоохоор Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Хөтөлбөрийн хөдөө орон нутаг дахь нээлт энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд Хөвсгөл аймагт байнгын хорооны дарга, салбарын сайд ажиллаад ирлээ.

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ жил 40-65 насны иргэдийг ирэх жил 15-39 болон 65-аас дээш насныхныг иж бүрэн шинжилгээ эмчилгээнд хамруулна. Иж бүрэн гэж хэлдгийн учир нь иргэд 3 төрлийн багцаас сонголт хийн шинжилгээнд хамрагдах юм. Эрт илрүүлгийн дараа эрсдэлтэй өвчтөнүүд 5 төрлийн эмнээс 210 мянган төгрөгт багтаан сонголт хийх боломжтой. Хэрэв хүсвэл үнийн дүнгийн зөрүүг өөрөө төлж эм нэмж хэрэглэх боломж бас бий. Хэрэв хавдрын маркер илэрвэл төр төлбөрийг нь дааж мэс ажилбарт хамруулна. Хамгийн гол нь донорын олдоц чухал. 

Элэг бол 1,5 кг орчим жинтэй хүний биеийн хамгийн том эрхтнүүдийн нэг юм. Хоногт 2000 орчим литр цус элгээр дамжин өнгөрч, өдөрт 300-400 удаа цус шүүдэг байна. Тиймээс ч элгийг биеийн лаборатори гэж нэрлэдэг. Амин чухал энэ эрхтний эрүүл байдлыг хангахад иргэдийн өөрсдийн идэвхи оролцоо хамгийн чухал байна. Иргэд энэ хөтөлбөрт хамрагдахын тулд харъяа өрх сумын эрүүл мэндийн төвд хандах, даатгалд хамрагдсан байх, хаягжилт тодохой байх гэсэн шаардлагуудыг л хангана.  

Элэг бүтэн Монгол хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд С вирусын тархалтыг 2020 он гэхэд бүрэн зогсооно гэж тооцож байна. Энэ аяны хүрээнд В вирусын вакцин ч мөн хийгдэх юм. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн нээлтийг Хөвсгөл аймагт хийх үеэр их хурлын гишүүн Энх-Амгалан, эрүүл мэндийн сайд Цогцэцэг нар 5 сумын эмнэлэгт түргэний машины түлхүүр гардуулсан. Ингэснээр тус аймгийн 11 сум шинэ машинтай болж байгаа юм. Мөн азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн цусны төвийн нээлтэд ч оролцсон юм.