ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 252

Дулааны улирал хаяанд ирэхтэй зэрэгцээд аялал жуулчлалын салбарынхан хөдөлгөөнд орж эхэллээ. Хөлтэй бүхний зүглэдэг Хөвсгөл аймагт Байгаль орчны яамнаас нэгдсэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн мэргэжилтнүүд өнөөдөр УИХ-ын гишүүн Энх-Амгалантай уулзаж ажлын явцаа танилцуулсан байна.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслийг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банк, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж байна. Төсөл 2016 онд эхэлсэн бол 2019 оныг хүртэл үргэлжилнэ. Нуур орчимд нутагладаг иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх, мал аж ахуй, тэр дундаа тусгай хамгаалалттай газрын бэлчээрийн менежментийг сайжруулах, хамгаалах, Хөвсгөл нуурыг хамгаалах гэсэн үндсэн 3 чиглэлд төслийн зүгээс анхаарна. Нуур орчмын  хатуу, шингэн хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэх, ариун цэврийн байгууламжийн асуудлыг энэ удаад танилцууллаа. Олон улсын мэргэжилтэн энэ өдрүүдэд манай улсад ажиллаж байгаа бөгөөд эхний байдлаар гурван төрлийн нойлын загварыг танилцуулж санал болгож байгаа юм.  Нүх ухаж бохирыг хөрсөнд шингээдэг биш хуурай аргын нойлыг тохиромжтой гэж мэргэжилтэн үзжээ.

Төсөл хэрэгжүүлэгчид нойлын менежментийг нутгийн иргэдэд хариуцуулах чиглэлд санаачлага гаргаж байна. Ид ачааллын үед буюу зуны саруудад төлбөртэй байдлаар жуулчдад нойлоор үйлчилдэг. Энэ төлбөрөөрөө бохирыг зөөх тээх, хуурайшуулах зэргээр менежмент хийх боломжтой гэж харж байна. Жуулчид хамгийн ихээр очдог Хатгал, Ханх орчимд л гэхэд тус бүр нь 3000 хүн аж төрж байна. Жуулчны улирлын туршид Хөвсгөлийг 60 мянган хүн зорьдог гэсэн тоо бий. Зөвхөн усан зогсоол дээр ирж усан онгоцонд сууж үзэх иргэд өдөрт 2 мянгаар тоологддог. Гэтэл усан зогсоол дээр нийтийн нойл байхгүй байгаа нь төсөл хэрэгжих цаг хугацаа хэдий нь болсон гэдгийг харуулж байгаа юм.