ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Сүхбаатарын одонт Хөвсгөл аймаг

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1791

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 126 дугаар зарлигаар Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөөх үйлсэд түүчээлэн оролцож, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, бүтээлч нийгмийг цогцлоохын төлөө мэргэжил, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөсөн Хөвсгөл аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав.

Төрийн дээд одон гардуулах ёслол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Болдбаатар, Засаг дарга А.Эрдэнэбаатар, тус аймгийн үе үеийн удирдлага, иргэд хүрэлцэн ирсэн байв.

Ёслолын үеэр НҮБ-ын Дээд хэмжээний уулзалт болон  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож яваа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн иргэдэд утсаар мэндчилгээ дэвшүүллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Сүхбаатарын одон гардуулж хэлсэн үгэндээ:

Эрхэм хүндэт Хөвсгөлчүүд ээ,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Ахан дүүс ээ,


Намрын эхэн сарын, дүүрэн бэлгэтэй, өлзий учрал бүрдмэл нарлаг сайхан энэ өдөр эрх чөлөө, шударга үнэний төлөө тууштай тэмцэгч, чинзоригт Чингүнжав баатрын нутгаас зон олон Та бүхний амар мэндийг айлтган мэндчилж, сайн сайхны ерөөл өргөн дэвшүүлье. Та бид дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийг төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнах түүхэн үйл явдлын гэрч боллоо.

Монголчууд бидэнд наран ургахаас наран шингэх хүртэл уудам их газар нутгийг эрхшээж, хүн төрөлхтнийг дэглэм журам, энх амгалангаар засаглаж явсан бахархам түүх бий. Бас хуваагдаж, задарч, суларч, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдаж байсан гунигт сургамж ч бий.

Цаг үе баатруудаа төрүүлдэг. Цагийн салхинд цохиулсан монгол түмний тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн тунхаглахын төлөө зориглон тэмцсэн золбоот хөвгүүд охидын тэмцэл үйлс түүхэнд  тасраагүй билээ. Тэдний нэг Чингүнжав баатар Дэлтэй цэнхэрээ унаж, Дэлгэрмөрөнийхээ уснаас залгилж өссөн монгол хөвгүүн билээ. Тэрбээр харийн түрэмгийлэл, дарлал, мөлжлөгийг биеэрээ амсаж, зовж зүдэрсэн монголчуудаа амар жаргалтай, эрх чөлөөтэй байлгахын төлөө тэмцсэн зоригтон. Тэр төрт ёсны түүхээ умартсан ноёдтой тэрсэлдэж, харийн дарангуйллыг эсэргүүцэж, эв нэгдэл, эрх чөлөөний төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн үндэсний баатар юм.

Монголчуудын өглөө бүрийн залбирал сүслэл, өдөр бүрийн тэмцэл эсэргүүцэл гурван зуун дамнан байж, ХХ зуунд сая биелсэн юм. Монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, 1921 онд Ардын хувьсгал хийж, 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элсэж, 1990 онд Ардчилсан хувьсгал өрнүүлж, бүрэн эрхт, бие даасан улс болсон түүхтэй. ХХ зуун бол Монголчууд бидний хувьд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бүрэн бүтэн болгосон урт тэмцлийн зуун юм.

Монгол ноёд, Богд гэгээний мэргэн шийдвэр, Ард Аюушийн бослого, Бодоо-Данзангийн шинэчлэл, зөрчил, Дашдоржийн Нацагдоржийн сэтгэлгээний хувьсгал, Халх голын болон Чөлөөлөх дайн, Х.Чойбалсан-Сталины гэрээ тохиролцоо, Цогтсайханы Хонхны дуу, Ардчилсан хувьсгал гээд... Түүхийг бүтээсэн олон хүн, олон үйл явдал Монголын маань тусгаар тогтнол, эрх чөлөөг бүрэн, бүтэн болгосон юм.

Хөвсгөл нутгийн унаган хүү Монгол Улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд, Д.Гунгаа нарын зэрэг дайчид эх нутгийнхаа сөөм газар, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж явсан бөгөөд тэдний баатарлаг үйлс, байгуулсан гавьяа нь тэнгэрт нартай хамт, газарт галтай цуг мөнхөрсөн билээ.

Хөвсгөлчүүд 1990 оны Ардчилсан хувьсгалыг анхнаас нь тууштай дэмжиж, түүхэнд “Хөвсгөлийн хүнд өдрүүд” хэмээн бичигдсэн жагсаал цуглаан хийсэн нь Ардчилсан хувьсгалын түүхэнд ул мөрөө тод үлдээсэн. Та нарт их баярлалаа. Хөвсгөл аймаг тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгч эгэл, эрэлхэг баатруудын өлгий нутаг юм. Академич Базарын Ширэндэв, Уйлган голын гурван аварга, Монгол хэл бичгийн нэрт эрдэмтэн, Хөдөлмөрийн Баатар Түмэнбаярын Дашцэдэн, Үндсэн хуулийн эх баригч, Хөдөлмөрийн Баатар, Гавьяат хуульч Бяраагийн Чимид, Хөдөө аж ахуйн “домог”, Хөдөлмөрийн Баатар Үлэмжийн Аварзэд зэрэг олон зуун манлайлагчийг төрүүлсэн “хөдөлмөрч, сэтгэгч, бүтээгчдийн өлгий нутаг”.

Хөвсгөл далай, Сангийн далай, Гандан нуур, Идэр, Дэлгэрмөрөн, Уйлган гол зэрэг хүн малын ундаа болсон цэнгэг усны арвин их баялаг нөөцтэй, Мөнх хааны Эрчүү хот, Чингүнжавын шороон хэрэм, Уушгийн өврийн буган чулуун хөшөө зэрэг хараа булааж, сэтгэл сэргээх түүх соёлын дурсгалт олон газар Хөвсгөл аймагт байна.

Та бүхэн бурхан ч атаархам түүх, байгалийн үзэсгэлэнт эх дэлхий, газар шороогоо түшиглэн тогтвортой, соёлтой, алсын хараатай аялал жуулчлал хөгжүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээтэй, өрсөлдөх чадвартай аймаг болох боломжтой. Мөн хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлийг ч хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж ажиллах бүрэн боломж харагдаж байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын 2014 оны тайлангаас харахад Хөвсгөл аймаг 21 аймгаас 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Тодруулбал;

  • Дэд бүтцийн үзүүлэлтээр 16 дугаарт
  • Эдийн засгийн тамир тэнхээгээр 17 дугаарт
  • Засаглалын чадамжаар 20 дугаарт
  • Бизнесийн ашигт ажиллагааны үзүүлэлтээр 7-д тус тус эрэмбэлэгдэж  байна.


Эдгээрт аймгийн удирдлага, холбогдох хүмүүс яагаад гэсэн асуулт тавьж, шийдлээ олж, ололт амжилтаа бататгаж, ахиц дэвшил гаргана гэдэгт итгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон энэхүү Сүхбаатарын одон бол Хөвсгөл аймгийн бүтээлч иргэд, үе үеийн удирдлага, тус аймагт ажиллаж, амьдарч байсан хүмүүсийн байгуулсан гавьяа зүтгэл, олсон ололт амжилт бүтээлийг үнэлж шагнасан, бас улам их үйлсийг бүтээхийг ерөөж, урам хайрласан шагнал юм. Та бүхэнд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээв.


Монголын төр ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн өлгий нутаг Хөвсгөл аймгийг 1986 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байсан бол 29 жилийн дараа Сүхбаатарын одонгоор шагналаа.