ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.Энх-Амгалан: Төр ямар ч чадамжгүй болж байгаа бол ТАРААЯ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 206

Өнгөрч буй долоо хоногийн /5 сарын 12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын cайдыг томилох асуудлыг хэлэлцэх байсан боловч, ерөнхий сайд өргөн барьсан саналаа эргүүлэн татлаа.

Ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг бүхий Эрүүл мэнд, спортын сайдыг томилохгүй ингэж улс төржүүлж байгаа нь энэ салбарыг унагахад хүрч байна. Улаанбурхан өвчин газар авч, олон хүүхэд амь насаа алдаж, ханиад томуу тасрахгүй байхад Эрүүл мэндийн сайдыг томилохгүй улс төржүүлж байгаа нь Засгийн газрын “Сонгуулийн ажил” эхлэсэнтэй шууд холбоотой юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд  Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн байсан Ц.Лхагвасүрэнг Ерөнхий сайдын саналаар татан авч буйг мэдэгдсэн нь гишүүдийн дургүйцлийг төрүүллээ. Учир нь уг албан тушаалд хэнийг тавихаа Засгийн газар шийдэж чадахгүй, цаанаа тохиролцож чадахгүй байгааг илтгэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнөөдөр эрүүл мэндийн салбар эзэнгүй болсноор улаанбурхан өвчнөөр  60 хүүхэд амь насаа алдаж, 120 эцэг эхчүүд сэтгэл зүрхээрээ өнчирч үлдчихээд байна. Олон зуун мянган хүн эрүүл мэндээрээ хохирч үлдэж, энэ салбар чинь онцгой байдал зарлахад хүрлээ. Үнэхээр төр ингэж дампуурч болохгүй биз дээ... эсвэл улсын их хурал чинь ямар ч чадамжгүй болсон юм бол тараая...

Салбарын сайдыг нь томилохгүй хагас жил болж, хагас зуун хүүхэд хорвоог орхиж байхад эрүүл мэндийн салбараар улс төр хийдэг төр ард иргэдэд хэрэггүй. Үнэхээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлснээр төр ямар ч чадамжгүй дампуурч байгаа бол тарсан нь дээр биз...

Эх сурвалж: А.Бэхи Tur.mn