ENG   enkhamgalan@parliament.mn   51 267156

Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн салбарт том шинэчлэл хийх хууль батлагдсан

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 222
УИХ-аар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж, улмаар Засгийн газрын зүгээс өргөн барьснаар батлагдсан хууль юм.
 
Уг хууль батлагдсанаар эмнэлэг бие даан хөгжих боломжтой төдийгүй эмнэлгийн удирдлагыг улс төрийн захиалгаар тэр дундаа сайд дур мэдэн өөрчилдөг хуучин тогтолцоо халагдаж байгаа юм. Хуулийн ач холбогдлын талаар  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, ард иргэдийн сэтгэлд нийцсэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нь төрийн үүрэг. Сүүлийн жилүүдэд ард иргэдийн хүсч хүлээж байсан эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн их доголдолтой, ард түмний сэтгэлд хүрдэггүй салбар болсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг энэ салбарт хийсэн хамгийн том шинэчлэлийг авчрах хууль гэж харж байгаа. Алслагдсан сум, дүүрэг, аймаг, нийслэлийн өрхийн эмнэлэгт чадвартай, туршлагатай эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг ажиллуулах эрх зүйн орчин бүрдэж байгаагаараа онцлогтой. Ард иргэд өөрт хамгийн ойр байгаа тусламж үйлчилгээг авахад тэнд ажиллаж байгаа хүмүүс нь чадвартай мэдлэгтэй байх ёстойг анхаарч хуулийн зохицуулалтыг хийсэн. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт 40 гаруй мянган ажилтан, албан хаагчид бий. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлууд өнөөдөр хүртэл шийдэгдэж чадаагүй байдаг. Энэ хууль батлагдан гарснаар хамт олондоо, тухайн эмнэлэгтээ, сум, орон нутаг, өрхийн эмнэлэг болон бүх шатны эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө хөдөлмөрийг зөвөөр үнэлүүлж, цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлаа шийдүүлээд явах боломжийг энэ хуулиар олгож байгаа гэдгийг хэллээ.
 
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эрүүл мэндийн тухай хуульд монгол хүний эрүүл мэнд төрийн онцгой анхааралд байх ёстой гэж заасны дагуу энэ хуулийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчид боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хүн өвдсөн бол тухайн хүнд зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хууль эрх зүй, санхүү, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, хүний нөөцийн гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр харж байгаа. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ дөрвөн жилд чухал алхамууд хийгдлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль өмнө нь батлагдсан бол одоо Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдлаа. Мөн ойрын үед Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг өргөн барихаар бэлдэж байна. Өнөөдөр иргэд чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа яавал санхүүгийн эрсдэлд орохгүй байх асуудлыг голлон анхаарсан. Эмнэлэг өнөөдөр боломжиндоо тулгуурлаж, зөвхөн төсөвт найдаж хөгжих биш зорилтондоо тулгуурлаж хөгжих ёстой. Энэ хууль гарснаар эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, санхүүжүүлэх, хянах нарийвчилсан зохицуулалт бий болж байна. Түүнчлэн Эрүүл мэндийн тухай хуулинд заасан нийгмийн баталгаанууд хэвээр мөрдөгдөхөөр тусгагдсан. Эмнэлэг, эмч нар, эмнэлгийн ажилтнууд үнэ цэнэтэй байж эрүүл мэнд үнэ цэнэтэй байна гэв.
 
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэхдээ, энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт томоохон шинэчлэл хийсэн хууль болсон гэж үзэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл удаан хугацаанд яригдсан. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд санаачилж өргөн барьсаны дараа мөн Засгийн газар хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн талаар ярихын тулд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиас эхлэх ёстой гэж боддог. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг тогтолцооны хувьд шинэчилж төр, хувийн хэвшлийг ялгалгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих бололцоог нээж өгсөн. Хэн үйлчлүүлэгчээ татаж чадсан, хэн чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж чадсан эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас ахиу санхүүжилт хүртэх бололцоо бүрдсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль нь эмнэлгийн засаглалын асуудлыг сайжруулснаараа онцлогтой хууль болсон гэлээ.
 
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүртээмжтэй, чанартай, үр ашигтай хүргэх, зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн гол эрх зүйн акт юм. Мэдээллийн үеэр Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.